Обама, Олландын хослол Меркель, Кэмероны эсрэг

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Обама, Олландын хослол Меркель, Кэмероны эсрэг

“Дэвидийн отогт” тавтай морил

Дэлхийн улстөр, эдийн засгийн гол шийдвэрүүдэд нөлөөлөгч “G 8” буюу “Их найм”-ын уулзалт АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нарын зочдоо урих дуртай байсаар ирсэн Кэмп Дэвидийн эдлэнд болж өнгөрлөө. Аль өмнөх зууны эхээр буюу 1938 онд ашиглалтад орж байсан энэхүү эдлэн нь Вашингтон ДС-ээс баруун урагш 100 км-т орших өтгөн ойтой, намхан толгодоор хүрээлүүлсэн газар ажээ. Ерөнхийлөгч Франклин Рузвельт энэ газрыг “Шангри Ла” буюу домогт өгүүлдэг Эверестийн диваажин хэмээн нэрийдэж байсан ч хожим нь нэр нь өөрчлөгджээ. Түүнээс хойш гарч ирсэн ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр энэ газарт өөрийн аав болон ач хүү нарын нэрийг өгөхийг хүссэнээр  “Дэвидийн отог” гэх болсоноор одоогийн Кэмп Дэвид гэх нэрийг авсан байна. Байгалийн сайхныг огт эвдэлгүйгээр бий болгосон энэ газарт АНУ-ын ерөнхийлөгч нар ирэх дуртай, тэдний нэр усыг бичсэн хаяг бүхий өрөөнүүд ч байдаг аж. Тухайлбал  204 дугаарын өрөө “эцэг” Жорж Бушийнх.  Маргарет Тэтчэр, Анвар Садат,Тони Блэйр гээд АНУ-ын төрийн тэргүүн нарын олон хүндтэй зочин энд хүрэлцэн ирж байсан. “Эцэг” Жорж Бушийн охин 1992 онд энд хуримаа хийж байжээ.

Нэгэн цагт газрын диваажин гэж нэрлэгдэж асан энэ газарт өнөөгийн ертөнцийг диваажин шиг болгодоггүй юм гэхэд ядаж нүүрлээд байгаа хурцадмал асуудлаас нь аврах гэж “Их найм”-ын тэргүүн нар энэ удаа гарын бэлэгнээс илүүтэй ухааны “бэлэгтэй” ирэхийг одоогийн ерөнхийлөгч Барак Обама хүссэн билээ. Тийм ч учраас уулзалтын төгсгөлд тэрээр “Их найм”-ын гол бүрэлдэхүүн болох европчуудыг юуны өмнө тус тивд маш их хэмжээгээр өсөөд байгаа ажилгүйдлийн төвшинг бууруулж, ажлын байрыг их хэмжээгээр нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулахыг хүссэн байна. Үнэхээр ч “Их найм”-ынхны санааг хамгийн зовоосон сэдэв бол “хөгшин тив”-ийн хямрал байв. “Их найм”-ын төлөөлөгч нар дээрхи сэдвээр зөвлөлдсөний эцэст ямар ч байсан Грек улсыг Евробүсээс гаргаж болохгүй гэсэн шийдэлд хүрсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч уулзалтын үеэр хэлэхдээ Европ тивд учирч байгаа сорилтыг даван туулж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, ажлын байрны өсөлтийг хангах нь нэн чухал гэдгийг дахин онцолжээ. Европын асуудлаас гадна “Их найм”-ынхны дунд хэлэлцүүлэгдсэн өөр бусад асуудал, тухайлбал Сири, Иран болон Афганистаны нөхцөл байдлын талаар ч мөн зарим нэг шийдэлд хүрсэн байна. Тухайлбал, Сирийн тухайд “Их найм”-ын зүгээс тус улсын одоогийн засгийн газар нь олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөлөгчдөд өөрийн орондоо нэвтрэх болон ажиллах бололцоог олгох ёстой гэж үзжээ.

Үүний зэрэгцээ одоогоор тийм ч бүтэлтэй болохгүй байгаа энхийн элч Кофи Аннаны санал болгож байгаа энх тайвнаар зохицуулах төлөвлөгөөний шаардлагуудыг Сирийн сөргөлдөгч талуудын аль аль нь  нэн даруй бүрэн дүүрэн биелүүлэх ёстой гэдэг дээр “Их найм”-ын төлөөлөл санал нэгджээ. Гэхдээ Орос болон Өрнөдийн орнуудын зүгээс дээрхи энхийн зохицуулалтыг  хэрхэн хэрэгжүүлэх тал дээр багагүй зөрөлдөөн байгаа бөгөөд Кэмп Дэвидийн уулзалтын үеэр ч энэ талаар яригджээ. Эцсийн дүндээ эдгээр зөрөлдөөнтэй санаа бодол асуудлыг бүхэлд нь шийдэхэд саад болохгүй гэдэгт талууд найдаж байгаа ажээ. Тэгээд ч Сирийн асуудлыг шийдэх тухайд “Их найм”-ын бодлого ОХУ-ын барьж байгаа байр суурьтай нийцэж байгаа гэж Кэмп Дэвидийн уулзалтын дараахан ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович мэдэгдэл хийжээ.

Обама, Олландийн хослол Меркель, Кэмероны эсрэг

“Их найм”-ын төлөөллөөс уулзалтын дараа гаргасан тунхаг бичигт “Саяхан Сири улсад болсон алан хядах ажиллагааг эрс шүүмжилж байгаа бөгөөд энэ бүхэн нь дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлэл учруулж байгаад санаа зовсоор байна” гээд Сирид бий болсон хямралаас үүдэн хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрч байгаад түгшиж байна гэжээ. Шаардлагатай гэж үзвэл цаашид авах арга хэмжээг НҮБ-аар дамжуулан хэрэгжүүлэх зорилготой байгаа гэдгээ мөн илэрхийлжээ. Бүтэн жил гаран үргэлжилсээр байгаа Сирийн засгийн газрын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн өнөөдөр тус улсын засгийн газрын мэдэлд байгаа арми болон сөрөг хүчний зэвсэглэсэн босогчдын хоорондох улангассан зэвсэгт мөргөлдөөн болж хувирсан гэж “Их найм”-ын төлөөлөл үзсэн байна. Одоогийн байдлаар Сирид 9000 гаруй хүн амь насаа алдаад байгаа аж. Хэдийгээр НҮБ-ыг төлөөлөн ажиллаж байгаа Кофи Аннаны санал болгож буй энхийн төлөвлөгөөний дагуу гал зогсоох зөвшилцөл хэрэгжиж байгаа ч байдлыг хангалттай зохицуулж байна гэж үзэхгүй байгаагаа “Их найм”-ын төлөөлөл ярилцсан байна. Гал зогсоох зөвшилцөл хэрэгжиж байгаа гэх боловч сөргөлдөгч талуудын хооронд мөргөлдөөн гарсаар, мөн энгийн иргэдийг чиглэсэн амиа хорлогчдийн алан хядах халдлагууд гарсаар байгаа нь магадгүй ойрын хугацаанд НҮБ-аар дамжуулан олон улсын зүгээс эрс шийдвэртэй арга хэмжээ авахад хүргэж болох юм гэж “Их найм”-ын төлөөлөл үзсэн байна.

Мөн “Их найм”-ын уулзалтын бас нэг гол анхаарал хандуулсан асуудал бол дэлхийн эрчим хүчний өнөөгийн байдал болон Ираны асуудал. Өнгөц харахад өөр өөр сэдэв мэт боловч өнөөдөр үүсээд байгаа улстөрийн зөрчлөөс болж Ираны эсрэг тухайлан АНУ-аас хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээ дэлхийн хэмжээний эрчим хүчний хангамжид нөлөөлж мэдэхээр байгаа нь дээрх хоёр сэдвийг холбож өгч байгаа юм. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр нефтийн хангамж нэмэгдэж, харьцангуй үнэ нь буурч байгаа ч нефтийн гол экспортлогчдын нэг болох Ираны нефтийн нийлүүлэлтэд хориг тавих нь бүхэлдээ олон улсын нефтийн болон эрчим хүчний хангамжид хомсдол үүсгэж болохоор байгаа аж. “Их найм”-ын уулзалтын үеэр гарсан бас нэг сонирхолтой мэдээлэл бол АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн хэлсэн үгийн утгатай холбоотой ажиглагчдын дүгнэлт. Олон улсын нэр хүндтэй агентлагуудын мэдээлж байгааг үзвэл Барак Обама Европын санхүүгийн хямралыг давахын тулд Евробүсийн орнуудаар дэмжүүлсэн санхүүгийн хатуу арга хэмжээний талаар Францын шинэ ерөнхийлөгч Франсуа Олландийн барьж байгаа байр суурийг илт дэмжсэн гэж үзэж байна. Барак Обама болон Франсуа Олланд хоёр Европыг санхүүгийн хямралаас гаргахын тулд төсвийн маш хатуу арга хэмжээ авах учиртай гэсэн Герман болон Их Британийн байр суурийн эсрэг нэгдэж байгаагаа илэрхийлсэн гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Путин яагаад ирсэнгүй вэ

Албан ёсны нухацтай яриа хэлэлцээнээс гадна “Их найм”-ын төрийн болон засгийн газрын тэргүүн нарын уулзалттай өөр бусад сонирхолтой мэдээллүүд ч багагүй гарч шуугиан дэгдээгээд байна. Тэдгээрийн нэг нь энэ удаагийн “Их найм”-ын уулзалтад Оросын шинэ ерөнхийлөгч В.Путин яагаад ирсэнгүй вэ гэдэг асуултын хариу. Хэдийгээр Оросын ерөнхийлөгч энэ талаар тайлбар хэлэхдээ Оросын шинэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг томилохтой холбоотой ажил тулаад байгаагаас болж очихоо хойшлуулахад хүрлээ гэж  байгаа ч өрнөдийн хэвлэлийнхэн үүнийг аргацаасан тайлбар гэж үзсэн байна. Харин үнэн хэрэгтээ Путины Кэмп Дэвидэд ирэхгүй байх хэд хэдэн шалтгаан бий гэж ялангуяа америкийн хэвлэлүүд шуугиан дүүрэн таамаглал дэвшүүлжээ. Эхний шалтгаан нь Оросын ерөнхийлөгч Европт пуужингийн довтолгоог эсэргүүцэх систем байгуулах зэрэг асуудлаар Барак Обаматай санал нийлэхгүй байгаагаас болж уулзах гэж яарахгүй байгаа гэжээ. Мөн зарим нэг сонирхолтой шалтгааны талаар дурдсаны дотор Оросын ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгч  Барак Обамад гомдсон байж болзошгүй гэсэн таамаг байна. Ерөнхийлөгч Барак Обама В.Путиныг ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэх мэдээлэл гарснаас хойш хэд хонож байж түүнд баяр хүргэсэн атлаа Францын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Франсуа Олландед тэр даруйд нь утасдаж баяр хүргэсэн гэнэ. Энэ нь В.Путины ялалтад сэжигтэй хандаж, ялгаварлан үзсэн гэх хардлагад хүргэсэн байж болзошгүй талаар америкийн хэвлэлүүд бичжээ. Гэхдээ энэ цуу яриа, элдэв шуугиан нь Кэмп Дэвидэд хүрэлцэн ирсэн ОХУ-ын засгийн газрын тэргүүн В.Медведевийг “Их найм”-ынхантай найрсаг ярилцаж, цагийг  таатай өнгөрөөхөд нь саад болсонгүй. Тэр ч бүү хэл энэ бүх хэл ам “Их найм”-ын тэргүүн нар Кэмп Дэвидийн уулзалтын үеэр болсон Европын аварга багуудын цомын төлөөх финалын тоглолтыг хамтдаа үзэж, Ангела Меркель болон Кэмерон нарын багийг хуваагдан дэмжихээс татгалзуулж чадаагүй гэнэ. 


М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж