Спортын салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд төдийгүй баг тамирчид, дасгалжуулагчдын амжилт, ажлын үр дүнд бодит хувь нэмэр оруулах “Биеийн тамир, спортын мэдээлэл, харилцааны технологиийн төв” буюу “Биеийн тамир, спортын төв номын сан” өнгөрсөн оны арваннэгдүгээр сард үүдээ нээж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ. Иж бүрэн мэдээллийн тоног төхөөрөмж, спортын гарын авлага, ном товхимлоор хангаж буй Биеийн тамир, спортын төв номын сангийн нээлтийн ёслолоос эхлэн спорт холбоод, спортод элэгтэй хувь хүмүүс, албаны хүмүүс өөрсдийн хувь нэмрээ оруулж, ном товхимол бэлэглэсээр ирсэн юм. Харин өнөөдөр “Ном бидний нөхөр” аяны хүрээнд Монголын олимпийн боксын холбоо, Монголын спорт бүжгийн холбоо, Монголын үндэсний бөхийн холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбооноос өөр өөрсдийн спортын холбогдолтой ном, сурах бичиг хандивлахаар болжээ. Спорт холбоод номын бэлэг барих арга хэмжээ өнөөдөр 13.30 цагаас болох бөгөөд энэ үеэр мөн БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хувиасаа номын дээжээр бэлэг барих гэнэ.
С.Цэлмэг