Монголын говиос олдсон үлэг гүрвэлийг худалдах гэж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.19-нд нийтлэгдсэн

Монголын говиос олдсон үлэг гүрвэлийг худалдах гэж байна

Одоогоос 75 сая жилийн тэртээ амьдарч байсан аварга үлэг гүрвэлийн /”Тиранозаурус Батаар” хэмээн нэрлэж буй/ араг ясыг  маргааш /V.20/ Нью-Йорк хотноо Үнэт өвийн дуудлага худалдаанд оруулах гэж буй тухай мэдээлэл өчигдрөөс эхлэн дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэллээ.

“The Guardian” сайтад “Долоон жилийн өмнө /2005 он/ Монголын говиос олдсон аварга “Тиранозаурус Батаар”-ын араг ясыг Англид хадгалж байсан” хэмээн мэдээлжээ. Үлэг гүрвэлийн араг яс ямар замаар Нью-Йоркт очсоныг одоогоор нууцалж байгаа ч “Үүний цаана эрх мэдэл бүхий хүмүүсийн том сүлжээ бий” хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байна.

Дуудлага худалдааг явуулахаар төлөвлөж буй Нью-Йоркийн “Херитейж Аокшн” буюу “Heritage auction” / Уг дуудлага худалдааг хийхээр албан ёсоор зарласан байгууллага/ байгууллагын дарга Дэвид Херсковичийн мэдэгдсэнээр “Тиранозаурус Батаар”-ын  гурван хэсэг бүхий  /Их биеийн 75 хувь, гавлын ясны 80 хувь бүтнээрээ олдсон/ араг  яс нь  2.4 метр өндөр, 7.3 метр өргөн тэй гэнэ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар үүн шиг бараг бүтнээрээ олдсон үлэг гүрвэлийн араг яс маш ховор бөгөөд хамгийн гайхалтай олдворуудтай музейд ч 50 юм уу түүнээс ихгүй хувийн бүтэцтэй хадгалагдаж үлдсэн араг яснууд байдаг аж. Тиймээс “Тиранозаурус Батаар”-ын  араг ясны их биеийн 75 хувь, гавлын 80 хувь нь бүрэн бүтнээрээ байгаа нь дэлхийн эрдэмтэн, судлаачдын анхаарлыг ихээр татаж байгаа юм. “Тиранозаурус Батаар”-ын араг ясыг худалдах гэж буй нэрээ нууцалсан хүн “Араг ясыг зарахын тулд араа, шүдийг цэвэрлэж, дуудлага худалдаанд бэлтгэсэн” гэх мэдээлэл байна.

“Херитейж Аокшн”  байгууллагын удирдлага Дэвид Херсковичийн тайлбарлаж буйгаар “Тиранозаурус Батаар” нь “Тиранозаурус Рекс” /1997 онд болсон дуудлага худалдаагаар 8 сая ам.доллараар зарагдсан үлэг гүрвэлийн яс/-ээс ч өмнө устаж үгүй болсон аварга амьтан бөгөөд тэдгээрийн араг яс, чулуужсан өндөг зэрэг нь зөвхөн төв Азийн Монголоос олддог гэжээ.

НЭМЭЛТ: 

Эх сурвалж: www.president.mn

“Тиранозаурус Батаар”-т анхаарал хандуулахыг хүсэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд С.Отгонбаяртай ярьж, нэгэн зүйлд яаралтай анхаарлаа хандуулахыг хүссэн байна. АНУ-ын Нью-Йорк хотноо үлэг гүрвэлийн маш ховор, бүтэн араг ясыг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай мэдээ олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсныг сонссон Монголын эрдэмтэд, судлаачид Монгол Улсын Ерөнхийлөгчид ханджээ.  Уг дуудлага худалдааг хийхээр албан ёсоор зарласан “Херитейж Аокшн” байгууллагаас мэдээлж байгаагаар энэхүү үлэг гүрвэлийн бүтэн араг ясыг  сүүлийн 10 жилийн хугацаанд говиос /Gobi Desert/ олсон гэжээ.

Гурав хоногийн дараа болох уг дуудлага худалдаанд “Тиранозаурус Батаар”-ыг дуудах анхны үнэ нь 950 мянган ам.доллароос эхэлж байгаа аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, сайд С.Отгонбаярт чиглэл өгөхдөө, уг олдворын гарал үүслийн талаар дуудлага худалдааг эрхлэн явуулах байгууллагаас тайлбар авах, хэрвээ Монголын говиос олдсон, хууль бусаар монголоос гарсан нь батлагдвал олон улсын конвенцийн дагуу уг олдворыг эх орондоо буцааж авчрах талаар ажиллахыг үүрэг болгосон байна.


НЭМЭЛТ:  /14.30 цаг/

Эх сурвалж: www.president.mn

Монголын үлэг гүрвэлийг дэлхийн эрдэмтэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамгаалж эхэллээ

Монгол
Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-ын Херитэйж Аокшн
байгууллагаас дуудлагаар худалдахаар зарласан монголын говиос олсдон
байж болзошгүй үлэг гүрвэлийн араг ясыг монголд буцааж авчрах талаар
анхаарлаа хандуулж, мэдэгдэл гаргаж мөн тодорхой үүрэг чиглэлийг БСШУ-ны
сайдад өгсөн билээ.

Энэхүү үйл явдал дэлхийн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэмтэд судлаачдын анхаарлыг татаж, шуугиан тарьж эхэллээ.

Дэлхийн
олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл "Тринозаурус Батаар" /Tyrannosaurus
Bataar/-ыг дуудлага худалдаанд оруулах ёсгүй гэсэн байр сууриа илэрхийлж
байна. Тухайлбал, Английн "The Guardian" сонин Монгол Улсын
Ерөнхийлөгчийн вэб сайт дахь мэдээллээс иш татан, үлэг гүрвэлийн араг яс
ямар замаар АНУ-ын "Херитейж Аокшн" байгууллагын мэдэлд очсоныг эрэн
сурвалжилж сурвалжлага бэлджээ. Тухайлбал, "The Courier Journal"-д
“Монгол Улсын эрх баригчид энэхүү дуудлага худалдааг эрс эсэргүүцэж
байгаа төдийгүй тэд энэхүү олдвор нь хууль бус аргаар хилийн чанадад
гарсан байж болзошгүй тухай баримтууд олж эхэлсэн байна” гэжээ. Мөн
дэлхийн бусад орны эрдэмтэд судлаачид энэхүү үлэг гүрвэлийн араг яс нь
монголын говиос олдсон гэдгийг нотолж мэдэгдэл гаргаж байна. Тухайлбал
АНУ-ын Байгалийн түүхийн музейн эрдэмтэн, монголд 22 жил малтлага хийсэн
доктор Марк Норел ярилцлагадаа “Энэ төрлийн динозавр зөвхөн монголоос
олддог бөгөөд тус улсын хуулиар ямар ч палентологийн олдвор Засгийн
газрын зөвшөөрөлгүйгээр хилээр гарах боломжгүй. Иймээс энэ бол хууль бус
аргаар хилээр гаргасан олдвор байх бүрэн магадлалтай” хэмээн дурджээ. Энэхүү
асуудал дээр Монголын төр засгийн албаны хүмүүсийг болон эрдэмтэн
судлаачдыг төлөөлөн Шинжлэх ухааны академийн албан ёсны төлөөлөгч,
судлаач М.Болорцэцэг ажиллаж байна. "Тринозаурус Батаар"-ыг дуудлага
худалдаанд оруулахыг эсэргүүцэж АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын
яамнаас АНУ-ын төрийн департаментад албан ёсоор мэдэгдэл хүргээд байна.
Мөн Монголын эрдэмтэд дэлхийн Палентологийн хүрээлэнгийн захирал ноён
Ф.Кари- д хандан монголын хилээр хууль бусаар гарсан байж болзошгүй
энэхүү тун ховор олдворыг монголд буцааж авчрах талаар анхаарлаа
хандуулахыг хүссэн захидал илгээгээд байна.

"Тринозаурус
Батаар"-ыг дуудлага худалдаанд оруулахыг эсэргүүцэж, Монголд буцаан
авчрахыг дэмжсэн 100 орчим судлаач, палентологич, эрдэмтэд, сэтгүүлчид
болон өмгөөлөгчдийн захидлыг бид хүлээн аваад байна. 

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж