
Манай улс эдийн засгийн хувьд өндөр өсөлттэй болж, уул уурхайн баялгаараа дэлхийг тэргүүлэх болсон. Одоогийн байдлаар манайх 100 гаруй оронтой эдийн засаг, бизнесийн харилцаатай байгаа аж. Уул уурхайн баялагтай холбоотойгоор манайд гадаадын орнуудын хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт хийх, зээл олгох сонирхол нэмэгдэх болсон. Үүний нэг жишээ бол өнгөрсөн нэгдүгээр сард Австри улс манай Засгийн газартай 40 сая хүртэлх еврогийн хөнгөлттэй зээл олгох санхүүгийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан явдал юм. Тэгвэл тус зээлийг илүү хүртээмжтэй хүргэж, хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэ сарын 17-20-ны хооронд Австрийн БНХАУ-ын Бээжин хотод суугаа элчин сайд тэргүүтэй бизнесийн компаниудын төлөөлөл 20 орчим хүн манайд ажиллахаар ирээд байна. Ингэхдээ өнөөдөр МҮХАҮТ-д хоёр орны бизнесийн салбарын төлөөлөл болон ГХЯ, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Монгол Австри бизнес клубынхэн оролцож, “Монгол Австрийн эдийн засгийн форум” сэдэвт хурлыг зохион байгууллаа. Хуралд Австрийн эрүүл мэнд, барилга инженер, худалдаа, дэд бүтэц, үйлдвэрийн аюулгүй байдал, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн худалдаа, санхүү болон зөвлөх үйлчилгээний салбарын AME International, Andritz AG, FJ Elsner Trading зэрэг улс орондоо нэр хүнд бүхий долоон компани оролцсон юм. Мөн эдгээр компани хамгийн гол нь өөрсдийн салбартаа хөнгөлттэй зээл олгон, хамтарч ажиллах монгол түншээ хайж олох аж. Тиймээс үлдсэн хугацаандаа салбарын яам, агентлаг болон томоохон компаниудтай уулзаж, хамтран ажиллах талаараа ярилцаж буй аж.
Өнөөдөр гэхэд БОАЖЯ-ны төлөөлөлтэй уулзаж байгалиа унаган төрхөөр нь хадгалахын зэрэгцээ өвлийн аялал жуулчлалыг үр дүнтэй хөгжүүлэх талаар болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээ түлхүү ярилцах аж. Дараа нь Сангийн яам, Эрүүл мэндийн яамны төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо солилцох юм байна. Энэ үеэр БНХАУ-ын Бээжин хотод суугаа Австри улсын элчин сайд Оскар Андеснер хэлэхдээ “Бид Монгол Улстай өөрсдийн үр дүнд хүрч, тэргүүлж чадсан салбаруудынхаа нау хауг солилцож, хамтран ажиллахдаа таатай байх болно. Манай хоёр оронд адил төстэй олон салбар бий. Тиймээс үүнийгээ хамтран хөгжүүлэх бүрэн боломжтой” гэв. Ер нь Австри улс нь хөдөө аж, ахуйн бүтээгдэхүүн, хүнсний технологи, анагаах ухаан, аялал жуулчлалын салбарынх нь туршлага, хөгжлийн хандлагаас суралцах зүйл их бий гэдгийг “Монгол Австри бизнес клуб”-ын тэргүүн Л.Энхтайван онцолж байсан. Ялангуяа аялал жуулчлалын салбараа хөдөө аж, ахуйн салбартайгаа холбож байгалийн сайханд экологийн цэвэр гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж, алжаал ядаргаагаа тайлах чиглэлээр аялал жуулчлалын салбараа ихээхэн хөгжүүлж чадсаныг ч тэрбээр хэлсэн байсан. Мөн аялал жуулчлалынхаа нийт ашгийн 70 орчим хувийг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлсэнээр олж авдаг туршлагыг авч ашиглаж, бид өвлийн улиралд зогсонги байдаг аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх боломжтой болж байна хэмээн оролцогчид дурдаж байв.