Ерөнхий сайд монгол иргэдтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд монгол иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд  БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар тус улсад  албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд С.Батболдыг өчигдөр Сөүл хотын Сөннам нисэх онгоцны буудалд  буухад хүндэт харуул жагсч, хоёр орны Төрийн дуулал эгшиглэж угтлаа. Манай улсын 134 мянган иргэн гадаад улс оронд ажиллаж, сурч амьдарч байгаагаас хамгийн олон буюу 30 гаруй мянга нь Солонгост амьдардаг. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд тус улсад очсон даруйдаа Солонгост оршин суугаа монгол иргэдтэйгээ уулзлаа. Уулзалт Ерөнхий сайдын Солонгос дахь анхны арга хэмжээ байсан бөгөөд 200 гаруй монгол иргэн оролцжээ. 
Ерөнхий сайд уулзалтын үеэр гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн 1/4 нь БНСУ-д байгаа, энэ 30 гаруй мянган иргэний асуудал Монголын төр засаг, олон нийтийн анхаарлын төвд байдаг. Солонгосын төр, засгийн зүгээс ч манай иргэдийн асуудалд анхааралтай хандаж ирсэн. Солонгост амьдарч буй иргэддээ манай Засгийн газар онцгойлон анхаарал тавьж, визийн нөхцлийг илүү таатай болгох, Солонгост визгүй зорчих боломжийн талаар судалж ажил хэрэг болгохоор шат шатанд яриа хэлэлцээ хийж байгаа талаар мэдээллээ. Түүнчлэн энд ажиллаж байгаа Монгол иргэдэд нарийн мэргэжлийн үнэмлэх олгох талаар хоёр улсын Засгийн газрын түвшинд асуудал хөндөж тавьсан, холбогдох албаныхан энэ чиглэлээр ажиллаж байгаа гэдгийг ч Засгийн газрын тэргүүн дуулгалаа. 

Монгол Улсад маань хүүхдийн болон төрөх эмнэлэг хүрэлцээгүй байна, иргэддээ олгож байгаа эх орны хувь, хишгийг гадаадад амьдарч байгаа монголчууд хэрхэн хүртэх вэ зэрэг асуултыг иргэд Ерөнхий сайдад тавьж, Улаанбаатарын  утаанд сэтгэл зовж байгаагаа ч хэлж байлаа. Иргэдийн тавьж байгаа асуудлууд хамтарсан Засгийн газрын анхаарлын төвд байгаа гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлээд  өнгөрсөн нэгдүгээр сард Кувейт улсад айлчлах үеэрээ 150  ортой хүүхдийн эмнэлэг барих талаар тохиролцсон энэ ажил одоо хэрэгжих явцдаа орсон. Өнгөрсөн жил Засгийн газраас яаралтай хөрөнгө гаргаж, Нэгдүгээр амаржих газарт иж бүрэн засвар хийсэн, одоо өргөтгөлийн ажил ид хийгдэж байна. Үүнээс гадна хоёр, гуравдугаар амаржих газрын өргөтгөл, дөрөвдүгээр амаржих газрын барилгын хөрөнгийн асуудал энэ  жилийн төсөвт тусгагдаад  байгаа гэлээ. Мөн Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд бага, дунд орлоготой иргэдээ орон сууцны хөтөлбөрт хамруулах зорилгоор зээлийн хүүг 6 хувь болгохоор шийдээд байна. Энэ арга хэмжээ нэг талаас иргэдээ орон сууцтай болгох нөгөө талаас утааны асуудлыг давхар шийдэх зорилго агуулж байгаа гэж Засгийг газрын тэргүүн хэллээ. Энэ бүх мэдээллийг манай иргэд Засгийн газрын www.open-government.mn сайтаас авах боломжтой гэдгийг мөн мэдээлэв.  Тэрбээр иргэдээ  гадаадад ажиллаж, амьдрах биш  гадаад руу гарсан энэ урсгалыг  дотооддоо шингээх, эх  орондоо хүний дайтай амьдрах боломжийг  олгохын төлөө  Засгийн газар ажиллаж байгаа гэдгийг тэмдэглэлээ. Ингэхдээ өнгөрсөн жил уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж буй Өмнөговь зэрэг аймагт очсон. Тэнд өндөр боловсрол,  нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд шаардлагатай байгаа талаар тэрбээр хэлээд ийм төслүүдэд  ажиллаж байгаа ажилчдын дундаж цалин 800 мянгаас сая гаруй төгрөг байна. Солонгост хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүст энд ажиллаж буй ажлынх нь чиглэлээр мэргэжлийн  үнэмлэх олгох асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж байгаа  байгаа бөгөөд  шийдэгдэх шатандаа явж байгаа гэдгийг  онцлолоо.

Ерөнхий сайдын монгол иргэдтэйгээ хийсэн уулзалтын үеэр Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх ажлын  нээлт  боллоо. Төлөөлөл болгож тус улсад сурч буй нэгэн иргэн бүртгүүлж, бүртгэлд хамрагдсан гадаад дахь анхны иргэн болж Ерөнхий сайд С.Батболдоос  батламжаа гардлаа. 

Монгол Улсын Ерөнхий сайд энэхүү уулзалтын үеэр иргэддээ  хандаж, Монгол Улсын Засгийн газраас эх орондоо болон хилийн чанадад амьдарч байгааг үл харгалзан иргэдээ иргэний шинэчилсэн бүртгэлд адил тэгш бүрэн хамруулж, Монгол Улсын Хүний хөгжлийн сангаас олгож буй хувь хишиг, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хувийн хувьцааг тус бүртгэлд хамрагдсан  иргэдэд нэрийн данс нээж эзэмшүүлэхтэй холбоотойгоор иргэний шинэчилсэн бүртгэлийг гадаадад зохион  байгуулж байгаа гээд энэ бүртгэлд иргэн бүр идэвхтэй оролцох учиртайг хэллээ.  

Ингэснээр иргэдэд мэдээ, мэдээлэл, лавлагааг чирэгдүүлэхгүйгээр олгох,  цаг завыг нь хэмнэх зэрэг давуу талтайгаас гадна төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох шуурхай нөхцөлийг бүрдүүлэх, бүртгэлийн мэдээллийн сан үүсгэх, иргэний бүртгэлийн давхардал арилгах, цаашид бүртгэлийг төгөлдөршид чухал алхам болох ач холбогдолтой гэдгийг Улсын  бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар Солонгост амьдарч буй монгол иргэдэд иргэний шинэчилсэн бүртгэлд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгөхдөө хэлсэн юм. Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх ажил ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд монгол  иргэд тухайн улс  дахь Консулын газраа өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийж буй албан  ёсны айлчлал өнөөдөр эхлэх бөгөөд хоёр улсын Ерөнхий сайд  оролцсон санамж бичиг, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээнүүд болж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж