Б.Чингүүн: Гол дүрээ сэтгүүлийн нүүрнээс олсон

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Б.Чингүүн: Гол дүрээ сэтгүүлийн нүүрнээс олсон

“Анхны болзоо”, “Соло”, “Цэцэг” зэрэг богино хэмжээний киногоор хэдийнэ үзэгчдийн танил болсон залуу найруулагч Б.Чингүүн “Гэрэл” хэмээх шинэ богино хэмжээний киногоо үзэгчдэд хүргээд байгаа. Киноны гол дүрд жүжигчин Б.Хулан, Ж.Гэрэл нар тоглосон бөгөөд богино хэмжээний энэ кино онлайн хэрэглэгчдийн дунд хамгийн их эрэлттэй байгаа юм. Тиймээс найруулагч Б.Чингүүнтэй ярилцлаа. 
 
-“Гэрэл” кино их таалагдсан, гоё санагдсан, яагаад энэ киног хийх болов?
-н.Пүрэв гэдэг залуу facebook-ээрээ надад өөрийн бичсэн өгүүллэгээ явуулсан юм. Уншаад үзэхэд надад маш их таалагдсан. Тиймээс кино зохиол болгоод, “Гэрэл” киног хийсэн дээ.  

-Кино зохиолоо та өөрөө бичсэн үү?
-Кино зохиолыг бол өөрөө бичсэн, санааг нь Пүрэв гаргасан. Харин кино зохиол болсон хойно нь Ш.Гүрбазар ах харилцан яриан дээр нь ажилласан.  

-Кинонд тоглосон жүжигчинг хэрхэн сонгов, зураачийн дүрд тоглосон залуу яг дүрээ олсон юм шиг санагдсан?
-Олон хүмүүс тэгж ярьж байна. Б.Жаргалсайхан найруулагч бид хоёр дүрээ маш удаан бодсон.  Бид хоёр “Mamma Mia” киног хийж байх үедээ “Ирмүүн” сэтгүүлээс Ж.Гэрэл ахын зургийг олж харсан юм. Тухайн үед маш их таалагдсан. Тэгээд л Ж.Гэрэл ахыг тоглуулахаар шийдсэн. Яг киног зураг авалтаа эхлэх гээд бүх юм бэлэн болсон байхад, ямар сэтгүүл дээр гарсныг нь мартчихаад их хайсан. “Гоодаль”, “Uptown” сэтгүүлийн бүх дугаарыг нэг бүрчлэн үзээд олдоггүй. Тэгээд “за даа, одоо болихоос” гэж байтал санамсаргүй “Ирмүүн” сэтгүүл гарч ирээд бөөн баяр болж байлаа. Эмэгтэй жүжигчнийг Ж.Гэрэл ахыг олсны дараа сонгосон. Жүжигчин н.Хуланг сонгосон шалтгаан нь бид энгийн Монгол царайг хүсээгүй. Бас дэндүү гоёмсог дүр төрхийг ч хүсэхгүй байсан. Арай өөр, өвөрмөц царайг хүсч байсан. Яагаад гэвэл Ж.Гэрэл ах өөрөө их өвөрмөц төрхтэй хүн шүү дээ. 

-Киноны нэрийн тухайд?
-Нэрийг хоёр удаа сольсон. Анх “Хоёр ертөнц” гэдэг нэртэй байсан. Энэ нэр нь шууд л киногоо илэрхийлээд байсан юм. Тэгээд бодож байтал манай гол дүрийн эрэгтэй маань Гэрэл нэртэй, тэгээд л шууд киноны нэр орж ирсэн дээ. Оносон нэр гэж бодож байгаа.

-Найруулагчийн хувьд хэлэх гэсэн гол санаа нь юу байв?
-Хүмүүс заримдаа амьдралын утга учир юу юм бол гэж ярилцдаг. Зарим нь мөнгө, зарим нэг нь үр удам гэх жишээтэй. Миний хувьд энэ бүгд л мөн. Гэхдээ хүн амьдралдаа ямагт аз жаргал, гэрэл гэгээг хүсч байдаг. Тийм ч болохоор тэр гэрэл гэгээг мэдрэхийн тулд хүний бүх мэдрэхүй ажиллаж байдаг. Тэр мэдрэхүйн хамгийн чухал нь хүний хараа. Хүн юм харж чадахгүй бол амьдрал утгагүй шүү дээ. Тийм ч болохоор миний  сүүлд хийж байгаа богино хэмжээний кинонууд хараатай холбоотой байсан.  Үзэгчид намайг яагаад дандаа хараатай холбоотой кино хийдэг юм бол гэж гайхаж байдаг л даа. Би чинь одоо бараг арван кино хийгээд байгаа юм байна. Тэр бүгдийг үзэхийг хүсвэл  www.chinguun.com гээд миний сайтаас үзэж болно.

-Та өмнө нь богино хэмжээний кино миний хобби гэж байсан. Дараагийн богино хэмжээний киногоо сэтгэлдээ хэдийнэ буулгачихсан уу?
-Буулгачихсан. Миний бодолд зөндөө хийх юмсан гэсэн санаанууд явж байдаг.  Гэхдээ бүгдийг нэг доор нь хийнэ гэж байхгүй. Тухайн үеийн байдлаас шалтгаалан, сэтгэлд аль нь илүү  тод байна, тэрийгээ хийдэг юм.

-Ээлжит кино тань хэзээ гарах вэ?
-Одоохондоо сайн мэдэхгүй байна. Одоо бас бүрэн хэмжээний кинонд орж байгаа болохоор тэрний ажил их байна аа. Манай “UBS” телевиз дахин шинэ кино хийх гэж байна. Кино зохиол бэлэн болсон байгаа.

-“Гэрэл” онлайн хэрэглэгчдийн дунд хамгийн их эрэлттэй байгаа?

-Тийм байна уу? Би бас өөрөө анзаарч амжихгүй л яваад байгаа. Уран бүтээлч хүний хүний хувьд хийсэн бүтээл маань хүнд хүрч чадаж байгаа бол тэр нь хамгийн сайхан жаргал. Дараагийн уран бүтээлээ хийх урам зориг өгч байдаг юм.

 -Ингэхэд та “Улаанбаатар, би чамд хайртай” олон улсын төслийг хэрэгжүүлж байгаа. Ажил хэр ахицтай байна?
-Энэ төсөл маань маш том, бас их хүний хүч хөдөлмөр орох олон улсын төсөл болохоор шууд л бүтнэ гэж байхгүй. Ямар ч гэсэн тодорхой хэмжээнд бага багаар явж л байна. 

-Энэ төслийн хүрээнд та бас нэгэн богино хэмжээний кино хийх байх. Сэдэв, санаагаа олсон уу?
-Санаануудаа манай багийнхан цуглуулж л байгаа. Тэр дундаас өөртөө таарах сэдвээ сонгоно доо. Тэрнээс биш би яг тэрийг хийнэ гэсэн юм байхгүй л байна.

-Цаашид та үргэлж л богино хэмжээний киногоороо дагнах уу?
-Яг дагнаад явна гэхэд хэцүү, бас бүр орхино гэдэг хэцүү л дээ. Тийм болохоор бололцоо гарах бүртээ хийж л байна. 

-Ингэхэд богино хэмжээний киноны юу нь танд тэгж их таалагддаг юм бэ?
-Богино хэмжээний киногоор би өөрийнхөө үзэл бодол, өөрийгөө илэрхийлж чаддаг юм болов уу гэж боддог. Үзэл бодлоосоо гадна уран бүтээлээ хэрхэн амилуулж, яаж киноны хэлээр уран бүтээлээ илэрхийлэх вэ гэж өөрийгөө сорьж үзэх боломж юм. Эндээсээ  өөрөө маш их туршлага сууж, бас бүтээлтэй үлддэг.

-Баярлалаа, уран бүтээлийн өндөр амжилт хүсье. 

Гэрэл зургийг энд дарж үзнэ үү
М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж