Ц.Элбэгдорж: Будлиангүй сонгууль болох юм байна

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Будлиангүй сонгууль болох юм байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ, НИТХ-ын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуулийн бэлтгэл ажилтай танилцлаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Сонгуулийн ерөнхий хорооны ажилтай танилцаж, иргэд хэрхэн сонгууль өгөх, сонгууль будлиантай явах эсэхийг өөрийн биеэр шалгахаар ирсэн гэдгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албаныханд танилцуулсан.

УБЕГ-ын дарга Л.Амарсанаагийн танилцуулснаар “Сонгууль хуучин үнэмлэхээрээ явах учраас иргэний үнэмлэхээ гээж үрэгдүүлсэн болон шинээр авах 64 мянган орчим иргэдийг цахим үнэмлэхжүүлэхээр болсон. Эдгээр иргэдийн цахим үнэмлэх хэвлэх ажил сонгуулиас өмнө дуусах юм. Төлөвлөсөн ажлууд графикийн дагуу явж байгаа” гэнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Иргэний үнэмлэхгүй иргэдийн бичиг баримтыг яаралтай гаргаж өгч, иргэдийн санал өгөх эрхийг нь заавал олгох ёстой. Тиймээс энэ ажлыг яаралтай хийх хэрэгтэй” гэдгийг албаныханд анхааруулав.

Үүний дараа Ерөнхийлөгч Сонгуулийн ерөнхий хорооны ажилтай танилцсан. Тэдний танилцуулснаар энэ жилийн сонгууль будлиангүй явах бүрэн боломжтой гэлээ. Учир нь иргэд санал өгөхдөө хурууны хээгээр санал өгөх бөгөөд нэг удаа санал өгөх боломжтой юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ удаагийн сонгууль будлиангүй, шударга яваасай гэж би хүсч байгаа. СЕХ, УБЕГ-ын ажилтай танилцахад энэ удаагийн сонгууль шударга, будлиангүй явах юм байна гэдэгт би итгэж байна. Ганцхан иргэд, сонгогчид шинэ мэдлэг боловсролтой хүнийг сонгож, шударга санал өгөх нь зүйтэй гэж хэлмээр байна. Энэ хоёр байгууллагатай танилцсанаар сонгууль болох цаг хугацаа ойртсон үед ажил хэр байгаатай танилцлаа. Би хүссэн хариултаа оллоо” гэсэн юм. 

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж