
МАН-ын улс төрийн бодлого тодорхойлогч байгууллагын хувьд Удирдах зөвлөл нь нэр дэвшигчдийн тодруулан Бага хурлаараа хэлэлцүүлэх товтой байна. Удирдах зөвлөлөөрөө гол асуудлаа багцалдаг, намын шийдвэрийг сөрж тэмцэлдээд байдаггүй МАН-ын хувьд эндээс гаргасан нэрсийг Бага хурлаараа тийм ч их хэрүүл тэмцэлгүйгээр батламжлан гаргах нь бараг тодорхой. Иймээс Удирдах зөвлөлөөс хэн хэнийг нэр дэвшүүлэхээр санал гаргах нь гол шийдвэрлэх үүргийг гүйцэтгэнэ. Харин Удирдах зөвлөл нэрсийг хэрхэн гарган, дараалуулах нь сонирхолтой асуудал. Одоо байгаа мэдээллээр бол МАН-ын Удирдах зөвлөл одоо бараг тодорхой байгаа нэрсийн жагсаалтаа нууц санал хураалтаар батлан Бага хуралдаа оруулж ирэх бололтой.