Гүрээ бол ангийнхаа төдийгүй монголын бахархал

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Гүрээ бол ангийнхаа төдийгүй монголын бахархал

Монголын малчин ардын хүү сансарт нислээ. Яг 30 жилийн өмнөх энэ өдөр ингэж дэлхий нийтэд зарласан. Чингисийн монголынхоо нэрийг сансраас дуулиантуулсан тэр хүний ангийнх нь анд, Булган аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, доктор Ц.Дагвадаштай багын найзын нь талаар ярилцлаа.
-Та хоер хэдийнээс эхэлж үерхсэн бэ?

-1960 оноос. Хишиг-Өндөрт тавдугаар ангид би Дашинчилэнгээс, Гүрээ маань Гурванбулагаас ирж нэг ангийн сурагч болсон. Ер нь багын танилууд л даа. Яагаад гэвэл Гүррагчаагийн аавыг өргөж өсгөсөн Балдан гуай, манай аав хоёр хамаатан байсан. “Хэрзгэр” Балдан гэх. Өндөр нуруутай, ханхар том биетэй. Харин туранхай болохоор нутгийнхан тэгэж хочилдог болсон. Өөрөө ч дургүйцэхгүй. Сайхан барилдана. Нутаг хошуундаа нэртэй бөх. Бас “тэрэгний морь” гэсэн нэртэй болсон хүн. Залуудаа жин тээж яваад өөр хошууны наадамд түрүүлж тийм хоч авсан гэдэг. Түшээт хан  аймгийн наадамд түрүүлээд Түшээт хан Дашнямаас атга дүүрэн боорцог авч байсан хэмээн Жүгдэрдэмид гуай, манай аавтай хуучлахыг бид хоёр сонсоод барилдах бодол ч төрдөг байлаа.

-Монголоос малчны хүүхэд сансарт ниснэ гэдэг улс үндэснийхээ онцлогийг дэлхий нийтэд бахархуулсан сайхан хэрэг болсон шүү?

-Ээ яриад яахав. Гүррагчаагийн маань нислэгээр монгол улс олон зүйлийг дэлхий нийтэд мэдүүлсэн гэх үү, сурталчилсан гэж болно. Монгол гэж шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн яваа улс юм байна гэдгийг харуулсан. Монгол маань сансар огторгуйд мөрөө гаргаж од эрхсийн хүрээлэнгээс орчлонгийн зон олонтой мэндэлсэн 10 дахь улс болсон. Монголчууд гэхээр морь унаж, мал хариулсан хүнээр төсөөлдөг гадаадын зарим хүмүүст боловсрол мэдлэг, бие бялдар, тэсвэр хатуужил, шинжлэх ухаан техникийн сэтгэхүйтэй дэлхийн зиндааны зон олон гэдгийг илэрхийлсэн. Монгол хүн сансрын хөлгийн жингүйдлийн нөхцөлд ч судалгаа шинжилгээ хийх чадвартайг үзүүлсэн. Монгол малын махаар монгол уламжлалаар бэлтгэсэн борц, монголын газар шороонд ургасан чацаргана гээд сансрын хөлгийхөн хэрэглэх хүнсний олон бүтээгдэхүүнтэй орон  гэдгийгээ харуулсан. Энэ мэт яриад байвал олон жишээ бий.

-Ангийн чинь анд яах аргагүй хөдөөний малчны хүүхэд дээ?

-Тийм ээ. “Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн” хүн байхгүй юу. Тарнын голын хөвөө, Хайластын булан, Хөгнө хан уулын нөмөр, Рашаантын өвөлжөө, Шивэртийн  амаар уурга шилбүүр унаж хурга ишиг хариулж хүүхэд ахуй үеэ үдсэн жинхэнэ хөдөөний малчин хүүхэд л дээ. Ээж нь 14 хүүхэд төрүүлж, сүүлдээ отголоосой гэсэн юм уу, Отогонжаргал, Отгонсайхан хэмээн нэрлэсэн юм билээ. Арвыг нь эрүүл энх өсгөсөн ач буянтай аав ээжийн өнөр бүлийнхэн. Гүррагчаа бол ууган нь  л даа

-Хүмүүс ярьдаг шүү дээ. Багын од гараг огторгуй өөд тэмүүлэлтэй хүүхэд байсан гэж?

-Оргүй биш шүү. Гэр дээр тавьсан ааруулын ялааг үргээх гэж хөмөрсөн арган дээр гарч зогсчихоод ээж ээ, би ингээд тэнгэрт нисчих үү? гэсэн гэдэг. Ээж нь мэдээж юу гэсэн үг вэ л гээ биз. Рашаантынх нь өвөлжөөний ард байцат өндөр хөх уул байх. Түүний  орой сансрын пуужин шиг хэлбэртэй хад их долоон бурхны захын одонд шүргээд байх шиг санагддаг сан хэмээн ярьдаг юм. Тэр уулан дээр гараад аавынхаа уургыг сунгавал одонд хүрчмээр юм биш үү гэж боддог байснаа дурсан өгүүлсэн нь бий. Тавдугаар ангид байхдаа манай ангийнхан төл бойжуулах ажилд туслаад ирсний дараахан юм сан.
-Анхаараарай! Өнөөдөр дөрөвдүгээр сарын 12-ны өглөөний есөн цаг долоон минутад Казакстаны сансрын хөлгийн буудлаас ЗХУ-ын иргэн Юрий Гагарин “Восток” хөлгөөр  хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарт нислээ хэмээн сургуулийн байрны өмнөх гэрлийн шонгийн үзүүрт  байрлуусан цагаан хоолой, өөрөр хэлбэл, радиогоор ярилаа. Хүүхдүүд бид төдийгүй дуулсан хүн бүр л зогсон байж чагнасан. Монгол хүн нисэх болов уу хэмээн хэн нэг маань хэлэхэд Гүрээ бид дуугүй л байсан.

-Дунд сургуулиа төгсөөд нисэхийн сургуульд явсан уу?

-Үгүй ээ. Хуваарь ч ирээгүй. ХААДС-д орсон. Ний нуугүй хэлэхэд дурамжхан байсан даа. Тийм ч учраас хэнтэй ч зөвшилцөлгүй орхиод хөдөө гарчихсан. Инженерийн мэргэжил эзэмших юм сан гэдэг болсон. Тэгээд 1968 онд цэрэгт явчихдаг байгаа. Эндээс л зам эхэлсэн гэж болно. Юу гэвэл халагдах дөхөж байтал ангийн дарга нь нисдэг тэрэгний холбооны түр сургуульд явах уу гэж асуусан байна. Түүнийг түр сургууль хэмээн голоогүй харин ч баярласаар Киргизийн Фрунце хотод очиж суралцсан. Төгсөөд нисэх эскадрильд механикчаар ажиллаж байгаад 1972 оны намар Москва хот дахь Жуковскийн нэрэмжит нисэх онгоцны инженерийн академид суралцахаар явсан. Дэлхийд алдартай энэ академиас их зүйл сурч мэдсэн хэмээн ярьдаг. Энэ үеэр би шинжлэх ухааны академийн филосоци-социалоги, эрхийн хүрээлэннгийн анхны ажилтнуудын хамт зөвлөлтийн шинжлэх ухааны академийн социалогийн хүрээлэнгийн сургалтад оролцож зав л гарвал Гүрээтэй нийлж хөгжилддөг байлаа. Гүррагчаа маань Эрхүү хотод орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх курст сурч байсан ангийнхаа найз Уртнасанд урилга өгч бил гурав уулзсан. Манай Уртаа хээгүй, наргианч, аймгийн арслан цолтой бөх хүн. Зочид буудалд цамц, макаа тайлчихсан, хөл нүцгэн коридориор “Алсын анирхан уулс дундаас агаарын сайхан хөдөө юм аа” хэмээн монголоо магтан бүдүүн хоолойгоор чанга гэгч дуулан гадаадын олон зочдыг инээлгэн наргиулж байлаа. Гүррагчаа энд сурч байхдаа нисэх онгоцны зэрэгцээ сансар судлалд “дурлаж” эхэлсэн. 1977 оны хэдэн сард ч гэлээ, ангийн дарга нь дууджээ. Аль дуудахыг тэр гэхэв. Очвол, дарга нь яам дуудлаа. Миний машинаар оч гэж л дээ. Очжээ. Цэргийн болон энгийн үе тэнгийн залуучууд эмнэлгийн үзлэгт охруулж байсан гэнэ. Гүрээ маань тэнцжээ. Ямар учиртайг дорхноо таамагласан.Тэр нь ч үнэн байсан. Тэгээд оддын хотхонд очсон доо.

-Монгол хүн сансарт нисэх нь тодорхой болсон. Харин  хэн нь бол гэдэг л байсан?

-Яг тийм. Олон залуучууд, манай аймгаас гэхэд Гүрээгээс гадна Сайханы Д.Сүрэнхор бэлтгэл хийж байлаа. Шилж шигшсээр М.Ганзориг, Ж.Гүррагчаа хоёр тунасан. 1987 оны гуравдугаар сарын 21-нд сансрын нислэгийн талаар нэвтрүүлэг бэлтгэхэд оролцох хүмүүсийг телевиз дээр дуудсан. Улс төр, шинжлэх ухаан, техник, урладаг соёл, хүүхэд, залуучууд гээд төрөл бүрийн л хүмүүс цугларсан. Манай улс бусад социалист орнуудын “Интеркомос” программын дагуу  сансар огторгуйг энх тайвны зорилгоор шинжлэн судалж ашиглахад тийнхүү оролцож байгаад баярлаж байлаа. Харин сансрын “Союз-39” хөлгийн олон багийн багийн бүрэлдэхүүнд оролцож нисэхэд бэлхнээ илтгэх тэр хүн Гүрээ маань байгаасай гэж хүсч байлаа. Энэ ажиллагаанд би сансарт нисэх хүмүүсийн найз, ангийн нөхдийн төлөлөл болж оролцох нь гэдгийг ойлгосон. Ганзоригийн талаас хэн хэн ирж вэ хэмээн хараад хүн байхгүй болохоор нь, за ангийн нөхөр маань ч нислээ л дээ гэх бодол төрсөн. Нислэгийн мэдээлэл ирж өгөхгүй удлаа. Би ч сэтгэл догдлоод, эгээ л өөрөө нисэх гэж байгаа юм шиг тэсч ядан суусан. Телевизийн хөтлөгчид сэтгэл хөвсөлзтөл ярьж эхэллээ. “Москвагийн цагаар 17 цаг 58 минут болж байна . . .” Үүнийг сонсоод би дотроо тав, дарөв, гурав, хоёр . . .! Ингэж тооллоо. Цаг болж дохио өгчээ. Хэн вэ ? Жүгдэрдэмидийн Гүрүрагчаа ! ! !   Миний найз ! Уриа! Халуу оргитол алгаа ташжээ. Тэндээс тараад харьж явахад тааралдсан хүн бүрийн нүүрэнд баяр гэрэлтэж, бие биендээ бөөн хөөр болгон дуулгаж байлаа. Автобус, самбар, байшингийн хана, газар бүр найзын маань зураг хадаатай харагдлаа. Сэтгэл нэг л сайхан. Тэгж их баярлаж байсан мөч үгүй шиг санагдсан.

-За ингээд ниссээн. Сансарт өнгөрүүлсэн өдрүүд гэж бас сэтгэл догдуулсан мөчүүд байлаа?

-Яг үнэн. ”Элэг нэгт монгол түмэндээ мэндчилгээ дэвшүүлж байна”, “Цэнхэр гарагаас монгол орноо бүхэл бүтнээр нь харлаа. Сайхан байна”. “Миний бие сайн”. “Хөлгийн бүхээгт молгол борцны үнэр ханхийлээ”. Гүррагчаа маань цээлхэн сайхан хоолойгоор ингэж ярьж байлаа. Туршилт хийлээ. Хөлгийн бүхээгээс задгай сансарт гарлаа. “Солют-6” станцтай амжилттай холбогдлоо. . . Ингэж өдөр хоног, цаг мөч  тутам шинэ мэдээ ирж байсан. Тэр долоо хоног бол төрийн ордон завгүй ажиллаж, түмэн олон хүүгээ хүлээсэн өдрүүд байлаа.

-Монгол эх орноо сансрын мандпаас дуулиантуулсан хүүгээ монгол түмэн нь ямар их баяртай хүлээж авлаа, тийм ээ?

-Товчхноор хэлэхэд сайхаан, сайхан. Тавдугаар сарын таванд сансрын үндсэн болоод орлох багийнхаа бүрэлдэхүүнийг дагуулсаар эх орныхоо газрын хөрсөн дээр хөл тавьсан. Төр засгийн удирдлдагууд, шинжлэх ухаан техникийн ажилтнууд, ер нь нийслэлийнхэн бараг тэр аяаараа, бас аав ээж төрөл садан нь Гүрээг маань хичнээн их халуун дотно сэтгэлээр тосон авсан гэж санана. Сансрын нисэгчдийн зураг, уриа лоозон, баяр хүргэлт, бөмбөлөг, цэцэг барьсан, туг далбаагаар далласан хүмүүсийн жагсаал багтаж ядаж байлаа. Багын анддаа баяр хүргэх гээд би эртлэн очиж нэлээн ашигтай байрлалд зогсоод авсан. Онгоц газардлаа. Хөгжим уянгалаа. Хүндэт харуулынхан тосон авлаа. Ингээд  сансрын нисэгчид иргэдийн жагсаал дундуур алхаллаа. Ээ, хөөрхий миний ойролцоо хүрээд ирэх нь тэр. Би тэссэнгүй. Хөөе Гүрээ хэмээн хашгирлаа. Над руу гараа  өглөө. Би баярласандаа татаж аваад үнсчихэв. Зохицуулах албаныхан намайг арай л цохиж авах дөхлөө. Орой нь зурагтын мэдээгээр нэг нөхөр жагсаал үймүүлж байгаа байдалтай харагдсан гэсэн. Юу үймүүлэх байхав, баярласан, бахархсан сэтгэлийн хөдөлгөөн маань л тэр. Ер нь хүн бүр л над шиг татаж аваад үнсмээр байсан

-Гүррагчаа бол яахын аргагүй танай ангийнхны бахархал юм даа?

-Манай Гүрээ ангийн бидний төдийгүй монгол түмний бахархал болсон хүн. Дэлхийн 101 дэх, монголын бол анхны сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа бол түүхийн хүрд эргэж он цаг алсрах тутам улам хүндлэгдэж, мянган жилийн дараа ч мөнхөд дуурсагдах гавьяатай хүн.

-Үнэхээр тийм шүү?

-Ангийн анд, багын найз маань монголдоо давтагдаагүй ганцхан алдартан шүү дээ. Улсын болон хөдөлмөрийн ууган баатрууд, анхны ардын ба гавьяат цолтонг өдий төдий хүн залгамжлан гарч ирсэн. Харин манай найзын алдрыг өвлөн хүндэтгэл болсон хүн алга л байна. Ийм алдарт хүнтэй сурагч ахуйн он жилүүдээ ижилдэн үдэж, багын үерхлээ  нандигнаж яваагаа манай ангийнхан их аз завшаан хэмээн бахархдаг.

Ж.Мөнх-Очир   
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж