Хуулиудыг соёрхон баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Хуулиудыг соёрхон баталлаа

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн 72,7 хувийн саналаар соёрхон баталлаа. Түүгээр Монгол Улс 40 сая еврогийн санхүүжилт авч эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт зарцуулах ажээ.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Улаанбаатар хотын цэвэр агаар төслийн Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Түүгээр 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч 25 жил ашиглах ажээ. Гишүүд 72,2 хувийн саналаар хуулийг соёрхон баталлаа.

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөрийн хоёр дахь шатны зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дараа нь хэлэлцлээ. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үеэр хэд хэдэн орноос санхүүжилт хүссэний нэг нь Японы энэ зээл юм байна. Зээлийн нийт хэмжээ 110 сая ам.доллар. Эхний ээлжийн 30 сая ам.долларыг авч боловсрол зэрэг салбарт ашиглажээ. Зээлийг буцаан төлөх хугацаа 20 жил юм байна. Одоо хоёр дахь шатыг хэрэгжүүлэх гэж буй аж. Хуулийг гишүүдийн  71,1 хувийн саналаар соёрхон батлав.

Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Нийт 20 сая ам.долларын зээл авч Монголд мэдээлэл, технологийн аутсорсингийн төв байгуулах юм. Гишүүдээс асуулт, санал гарсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн  80 хувийн саналаар хуулийг соёрхон баталлаа.

Одоо Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна.

Хуралдаанд 45 гишүүн оролцож байгаа юм.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж