
Үүний дараа Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Уг хуулиар шүүхийн дэргэд эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг механизмыг шинээр бий болгох юм. Гэр бүл, хөдөлмөрийн харилцаа, эд хөрөнгийн маргааныг ийм байдлаар шийдвэрлэхэд их тохиромжтой гэж үзжээ. Монгол Улсын шүүн таслах ажиллагааны статистик мэдээнээс үзэхэд, анхан шатны шүүхүүд нэг жилд шийдвэрлэдэг 30 гаруй мянган иргэний хэргийн 30-40 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Энэ нь Монгол Улсад эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны эрэлт хэрэгцээ байгааг харуулж байгаа гэж төсөл санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс үзжээ. Маргааныг эвийн журмаар шийдвэрлэх шинэ механизмыг бий болгох нь шүүхийн ачааллыг багасгаж, үйл ажиллагааны чанарт ч нөлөөлдөг. Шүүн таслах үйл ажиллагаанд оролцдог хуульчдыг бэлтгэх, хуулийн сургуулиудын чанар чансааг дээшлүүлэх, хуульчийн ёс зүйг төлөвшүүлэх, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, өөрөө удирдах ёсны механимзмыг бий болгох зэрэг хуульчидтай холбоотой зохицуулалтыг энэ хуулийн төсөлд тусгасан байна.
Хуулийн төслөөр байнгын хорооноос гаргасан саналын зөрүүтэй томъёоллоор санал хураалаа. Төсөлд эвлэрүүлэн зуучлуулагч гэснийг эрх ашиг нь зөрчигдсөн гуравдагч этгээд хэмээн томъёолохоор болов. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 30 хоногт багтаан явуулах бөгөөд талуудын хүсэлтээр энэ хугацааг сунгаж болох юм байна. Зуучлагчийг нэмэх талаар хуулийн төсөлд шинэ заалт нэмэхээр боллоо. Маргаанд орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчдыг нэмж ажиллуулж болох талаар тэнд тусгахаар болов.
Эвлэрүүлэн зуучлах явцад хийсэн тэмдэглэл, баримт бичиг зэргийг тодорхой хугацаагаар хадгалах заалтыг мөн нэмэхээр болов. Аль нэг тал эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаанаас татгалзсан, уулзалт яриа удаа дараа үр дүнгүй болсон бол уг ажиллагааг дусгавар болгохоор тооцохыг төсөлд тусгалаа. Гишүүдээс асуулт, санал гарсангүй, хэлэлцүүлэг хийсэнгүй. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.