-Өнгөрсөн өвлийн хувьд танай аймгийн хойд болон баруун талын сумдаар өвөлжилт нилээд хүндэрсэн талаар өмнө бид мэдээлж байсан. Одоо тэдгээр сумдын хаваржилт ямаршуухан байгаа вэ?
-Энэ сарын 18, 19-нд Гурванбулаг, Могод, Баян-Агт, Бугат, Булган, Тэшиг, Орхон сумдад нилээд их хэмжээний цас орж, зарим газраар цасны зузаан нь 40 см байна. Ерөнхийдөө манай аймгийн хувьд төв зам дагуу л хар байгаа. Бусад газрын цас хайлах яагаа ч үгүй байна. Манай хэлтсийн албан хаагчид бараг амралтгүй шахуу дээрх сумдад ажиллаж байна. Өнөөдрийн хувьд хоёр ГАЗ-66 маркийн автомашин, 12 албан хаагчид Баян-Агт сумын Цагаан гол, Үнэгт гэдэг газарт 10 гаруй мянган мал бэлчээрлэх боломжгүй байна гэх орон нутгийн удирдлагуудын хүсэлтээр газар дээр нь очиж ажиллаж байна. Өчигдөр шөнө цас ихтэй байгаа тул Орхон сумын Мээжий хад гэдэг газарт өвөлжиж буй малчны даралт нь ихсэж харвалт өгсөн гэх дуудлагад манай албаны зургаан албан хаагч хамт явсан. Энэ мэтчилэн цагийн байдал хүнд байна.
-Дээрх сумдад ажиллахад хичнээн хэмжээний хөрөнгө зарцуулдаг вэ?
-Туулах чадвар бүхий ГАЗ-66 маркийн автомашинд Баян-Агт, Бугат сум руу очиж, ирэх бензин шатахууны зардалд 800 гаруй мянган төгрөг зарцуулсан байна. Онцгойгийнхон л ирэхгүй бол хэцүүдэж байна гээд тал талаас үүрэгдээд байдаг мөртлөө улирлын тайлан баланс, төсөв батлуулах гээд ороход танаж хасах явдал цөөнгүй. Яг үнэндээ зуны дэлгэр цагт нь найрлаж, наадамлачихаад өвс тэжээл, өвөлжөө бууцаа бэлтгээгүйгээс л энэ байдал үүссэн л байдаг шүү дээ. Зарим нэг сумдад яг ижил хэмжээний цас орж, байдал хэцүү байсан ч өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангасан учраас манайх руу хандсан дуудлага, тусламж хүсэхгүй болоод байгаа газар байна.
-Ямар сум бэ?
-Тэшиг бол жил бүр хангайгаа дагаад цас ихтэй байдаг сум. Гэтэл өвс хадлан, өвөлжөө бууцаа сайн бэлтгэснээс өнөөдөр ч өөрсдөө малаа мэнд оруулж байгаа. Энэ сумын малчдаас бусад сумдын малчид, орон нутгийн удирдлагууд санаа авч, харилцан суралцах хэрэгтэй байна. Хүйтэрч бага хэмжээний цас орохоор засаг төрөөс тусламж хүсч, хөрөнгө мөнгө үрдэгээ болимоор байх юм.
-Өвс тэжээлийн хүрэлцээ ямар байгаа вэ?
-Одоогоор аймгийн нөөцөд 200 гаруй тонн өвс, 100 тонн ногоон тэжээл байгаа. Цаг хүндэрсэн үед нь малчдад эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өгөх гэхээр авахгүй. Үнэгүй авах сонирхолтой. Дээрээс нь хүргэж өгөх шатахуунаа ч засгаас төлүүлэх сонирхол хэн хэнд нь байдаг. Энэ байдлыг хаа хаанаа анхаармаар байна.