Салхитын паркт 175 тэрбум төгрөг оруулсан

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Салхитын паркт 175 тэрбум төгрөг оруулсан

Энэ оны сүүлээр Монгол улс салхины эрчим хүч хэрэглэж эхэлнэ. “Ньюком” групп Төв аймагт 50 МВт-ын хүчин чадалтай салхины цахилгаан станц барьж байгаа. Энэ төслийн явц ямар байгаа талаар “Ньюком” группын Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханаас тодрууллаа.

“Ньюком” группын хэрэгжүүлж байгаа Салхин паркийн ажил өнөөдөр ямар хэмжээнд явж байна вэ?

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Салхит гэдэг газар 50 МВт-ын салхин цахилгаан станцын барилгын ажил ид үедээ явж байна. Арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.  Арваннэгдүгээр сард манай эрчим хүчний системд 50 МВт-ын хүчин чадал нэмэгдэнэ. Үүнийг дагаад төвийн эрчим хүчний системд байгаа бүх хэрэглэгч цэвэр эрчим хүч хэрэглэх боломж нээгдэнэ.

Ер нь энэ төслийн гол ач холбогдол нь юу юм бэ? Монгол улс өнөөдөр нар, салхи гээд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй улс. Энэ нөөцийг ашиглаж эхэлж байгаа манлайлагч нь бид болохоор энэ төсөл маань сайхан төсөл. Монгол хүмүүс өөрсдөө судалгааг нь хийгээд загварыг нь гаргаж, хөрөнгө босгож байгаа учир бидний хувьд бахархалтай байгаа. Монгол инженерүүдийн ур ухаан шингэж, Монгол компани сэргээгдэх эрчим хүчний станц барьж байна.

Салхит хэзээнээс, ямар хэмжээний цахилгаан үйлдвэрлэх вэ?

Арваннэгдүгээр сард ашиглалтад орсноор жилдээ 170 сая кВт.цаг цэвэр эрчим хүчийг үйлдвэрлэж, нийлүүлнэ. Салхит ашиглалтад орсноор хоёр сая тонн цэвэр ус хэмнэж байна. Мөн 200 мянган тонн түүхий нүүрс шатаахгүй байх боломжтой болно. Өөрөөр хэлбэл бид салхийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэснээр түүхий нүүрс шатаадаг цахилгаан станцаас хамаагүй олон давуу талтай болно гэсэн үг.

Хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгаа вэ? Энэ төслийг дуусгахад ямар нэг бэрхшээл байна уу?

Тулгарч байгаа асуудал одоогоор үгүй. Өнөөдөр барилгын ажлаа гүйцэтгэж байгаа болохоор бүх юм төлөвлөгөөний давуу явна гэж бодож байна. Гол нь цаг агаар сайхан, тогтуун байгаасай гэж хүсч байна.
Хөрөнгө оруулалтын хувьд нийт 175 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай. Энэ хөрөнгийг Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Голландын Засгийн газрын хувийн хэвшлийг дэмждэг банкны дэмжлэгтэйгээр “Женерал Электрик”, “Ньюком” компаниуд хамтраад ажиллаж байна.

Салхитаас гадна шинэ төсөл дээр ажиллаж байгаа гэсэн?

Салхитын төслийн араас говийн бүсийн нутагт нар, салхины асар их эрчим хүчийг ашиглах боломж нээгдэж байгаа. Тэнд бид нар ТЭЗҮ-гээ эхлүүлсэн. Мэдээж хэрэг хөрөнгө оруулалтын орчин, зах зээл ямар байх нь вэ гэдгээс их зүйл шалтгаална. Энэ ондоо ТЭЗҮ-г нь боловсруулаад дараа жилээс хөрөнгөө босгоод ажилдаа орно. Азийн эрчим хүчний супер сүлжээгээр дамжуулан Монголд үйлдвэрлэсэн нар, салхины эрчим хүчийг бүс нутгийн зах зээл дээр борлуулах боломж нээгдэнэ. Өнөөдөр энэ нь мөрөөдөл биш, ажил болгоод эхлүүлчихсэн байгаа болохоор 10 жилийн дотор энэ салбарт Монгол бүс нутгийнхаа манлайлагч болно гэдэгт итгэлтэй байгаа. Энэ асуудлыг бид  өнөөдөр ярьж байгаа юм биш. Монголын эдийн засгийн форум дээр энэ талаар нэлээд асуудлыг хөндөж ярьсан. Эрчим хүчний бүс нутгийн манлайлагч болъё гэсэн уриа гаргасан. Бидэнд нөөц нь байна, хэрэглэгч Хятад, Япон, Солонгос хажууд маань байна. Бид бараагаа үйлдвэрлэж чадвал зах дээр очоод зарахад нээлттэй шүү дээ.

Бүс нутгийн манлайлагч болно гэдгээ жаахан тодруулаач. Хятад бол эрчим хүчний хамгийн том мангас гэдгийг бүгд мэднэ. Харин бидэнд ямар боломж байна вэ?

Сэргээгдэх эрчим хүч гэдэг бол шавхагдашгүй. Монголын говийн бүсэд нар, салхины нөөцийг нарийн тогтоох шаардлагатай байгаа л даа. Гэхдээ л өнөөдрийн хэмжээнд гэхэд  100 ГВаттын нар, 100 ГВаттын нарны эрчим хүч үйлдвэрлэх боломж нь байгаа. Яагаад гэхээр гуравхан сая хүн энэ өргөн газар нутагт сууж байна. Ялангуяа говийн бүсэд хүн ам сийрэг. Ийм бүс нутагт нар салхины эрчим хүчийг үйлдвэрлэх гоё боломжтой.

Нөгөө талд бидний бүтээгдэхүүнийг хэн худалдаж авах вэ гэдэг асуулт байгаа. Хятадын хувьд дэлхийн хамгийн том эрчим хүчний хэрэглэгч болчихлоо. Эрчим хүчний илүү нөөц байх л юм бол Хятад худалдаж авч байна. Монголын говьд байгаа сэргээгдэх эрчим хүчний нөөц Японы хэрэглээнээс 8 дахин их. Ингээд үзэхээр бид байгаа нөөцөө бүрэн ашигладаггүй юм гэхэд ядаж 10-хан хувийг нь ашиглахад Монголын эдийн засагт ирэх нөлөө нь асар их. Цэвэр технологи нэвтэрч байна, түүнийг дагасан үйлдвэрлэл хөгжинө. Цэвэр технологи дээр суурилсан 200-300 мянган ажлын байр шинээр бий болно. Өнөөдөр зөвхөн уул уурхай, нүүрс дээр тулгуурлаж өсч байгаа эдийн засаг цаашдаа цэвэр технологи дагаж өсөх боломж бий болно. Ногоон эдийн засаг гэдэг чинь энэ шүү дээ.

С.Болд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж