Үндсэн хуульд хүний эрхийг зөрчсөн заалт бий

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд хүний эрхийг зөрчсөн заалт бий

Хуульч Ц.Монгол:
ХОЁР ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТТАЙ БОЛОХ НЬ ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий. Юун түрүүнд нутгийн өөрөө удирдах байгууллагад өөрчлөлт оруулах ёстой. Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт заасан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг жинхэнэ ёсоор нь бий болгох хэрэгтэй байна. Нутгийн удирдлага гэдгийг хүмүүст сайн ойлгуулах нь чухал. Манай улс Үндсэн хуулиа боловсруулахдаа Германы Үндсэн хуулийн жишгээс авсан. Харин одоо хуульд зарчмын өөрчлөлт оруулах шаардлагатай болоод байна. Намын удирдлагууд хоёр танхимтай парламенттай болгох талаар ярьж эхэллээ. Энэ бол маш зөв. Үүнийг хамгийн түрүүнд хэлэлцэх ёстой, томоохон өөрчлөлт юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зөвхөн УИХ-ын гишүүд хэлэлцэхээс гадна хуульч, эрдэмтэдтэйгээ зөвшилцөх хэрэгтэй. Монголын нийгмийн бүтцийг тодорхойлж байгаа зүйл бол Үндсэн хууль.

Хуульч, өмгөөлөгч О.Баасанхүү:
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ АЛБЫГ ДАВХАР ХАШИЖ БОЛОХГҮЙ

-Хуулийн зарим заалтад өөрчлөлт оруулж болно. Түүнээс биш Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчилж болохгүй. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болдог заалтыг өөрчлөх ёстой. Мөн шашныг ялгаварласан заалт байдаг. Үүнийг ч анхаарч үзэх хэрэгтэй юм.  

Хуульч Г.Алтанзул: ХОТЫН СТАТУСЫГ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

-Хотын статусыг бий болгоход Үндсэн хуулийн зарим зүйл, заалт тээг болж байгаа. Иймээс хуулийн зарим заалтад өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Мөн 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан заалтыг буцааж өөрчлөх нь зөв. Тухайн үед оруулсан өөрчлөлт нь хууль зөрчсөн.

Хуульч Ч.Энхээ: БИДЭНД АЛЬ ПАРЛАМЕНТ НЬ ХЭРЭГТЭЙ ВЭ

-Үндсэн хуульд хүний эрхийг зөрчсөн тав, зургаан заалт бий. Монгол Улсын иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт байдаг. Үүнийг зөрчсөн заалт Үндсэн хуульд бий. Тиймээс эхлээд энэ заалтад өөрчлөлт оруулах хэрэгтэй юм. Хүний эрхийн тухай заалтад өөрчлөлт оруулахгүйгээр засаглалын хэлбэрт өөрчлөлт оруулах талаар ярьж байна. Нэг үгээр хэлбэл, хоёр танхимтай парламенттай болох талаар. Дээд, доод танхимтай байх нь давуу болон дутагдалтай талтай. Нэг танхимтай парламент ч мөн адил сайн, муу талтай шүү дээ. Тиймээс сайн судалсны үндсэн дээр шийдэх хэрэгтэй. Харин засаглалын хэлбэрт өөрчлөлт оруулах ажлыг 2012 оны сонгуулийн бэлтгэл ажил болгон ард түмэнд хүлээлт үүсгэх зорилгоор хийж байгаа бол муу үр дүн гарна. Эхлээд аль парламент нь бидэнд хэрэгтэй вэ гэдгээ бодох ёстой. Ер нь өөрчилж болохгүй юм гэж байхгүй. Тэгэхээр Үндсэн хуулийн зарим заалтад өөрчлөлт оруулж болно. Хамгийн чухал нь өөрчиллөө гэхэд цаашид юу сайжрах юм бэ гэдгийг л нарийн тооцоолох шаардлагатай. Гэтэл одоо тооцоо, судалгаагүй хууль баталчихаад дараа нь “Буруу хууль баталчихжээ. Эргэж харах хэрэгтэй юм байна” гэдэг. Ийм байдлаасаа гарч хуулийг сайн судалсны дараа ямар өөрчлөлт оруулахаа ярьж, хэлэлцэх нь зүйтэй.

Хуульчдын ийнхүү өөр, өөрийн саналаа илэрхийллээ. Харин улстөрчид эцэг хуульд өөрчлөлт оруулах ажлаа хэдийнэ эхэлсэн. УИХ-ын гишүүн Д.Энхбат, З.Алтай, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын 15 гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж буй. Тэд хуулийн төслөөрөө Үндсэн хуулийн үндсэн зарчмыг сэргээнэ хэмээн тайлбарласан. Мөн Үндсэн хуулийн “УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ  хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг агуулгын хувьд баяжуулахаар төсөлдөө тусгасан юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах өөр нэг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын гишүүд боловсруулсан. Тэдний хуулийн төсөлд аймгийн төвүүдийг санаачилсан хотыг сум статустай болгосон Үндсэн хуулийн заалтыг өөрчлөхөөр тусгасан байна. Ямартай ч хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гишүүд Үндсэн хуулийн үндсэн суурь зарчмыг хөндөхгүйгээр хуулийн төсөл боловсруулжээ.

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж