Дэлхийд алдартай Эдинбургийн олон улсын наадам өнөө жил тун сонирхолтой хөтөлбөртэй байх нь ээ. Зохион байгуулагчдынх нь хэлж буйгаар Шекспирийн ази хувилбарууд наадмын тайзан дээр уулзалдана. Наадам ирэх наймдугаар сарын 12-ноос есдүгээр сарын 4-нд болно.
Наадмын захирал Жонатан Миллс “Энэ жилийн наадам Ази, Европын урлаг соёл бие биедээ хэрхэн нөлөөлснийг харуулна. Бидний хооронд соёл, урлагаар боссон харилцаа бол хамгийн хүчирхэг гүүр” хэмээн мэдэгдлээ. Наадамд Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, Вьетнам, Энэтхэг болон Дундад Азийн орнуудын уран бүтээлчид оролцоно.
90 нас хүрч байгаа, Энэтхэгийн алдарт хөгжимчин Рави Шанкар, домогт “Битлз” хамтлагийн Ж. Харрисон ч мөн наадмын зочид. Олон орны симфони оркестр ирж ая дуугаа өргөнө. БНСУ-ын “Моква” театрынхан Шекспирийн “Шуурга” жүжгийг тоглоно. Шанхайн театр “Хунтайж Зи Дагийн өшөө авалт” нэртэй, “Гамлет”-ийн өвөрмөц нэгэн хувилбарыг дуурийн хэлбэрээр сонирхуулна. Харин Тайваньчууд Лир хааныг өөрсдийнхөөр амилуулна.