Авлигатай хэн тэмцэх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Авлигатай хэн тэмцэх вэ?

АТГ-ын удирдлагуудтай холбоотой он дамнасан хэрэг анхан шатны шүүхээр шийдэгдэж, удирдлагуудад нь хорих ял өгч, мягмар гаригийн оройноос Авлигатай тэмцэх газар удирдлагагүй боллоо. Олны анхаарлын төвд байсан энэхүү хэрэгт холбогдсон АТГ-ын дарга Ч.Сангарагчаад хоёр жил дөрвөн сар, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноогоод байна. АТГ-ын удирдлага одоо Ганцхудагийн урьдчилан хорих төвд хоригдож байгаа бөгөөд дараагийн гатны шүүхэд давж заалдана гэж өмгөөлөгчтэйгөө ярилцсан талаар мэдээлэл байна.

АТГ удирдлагагүй болоод байгаа ч УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үүрэг гүйцэтгэгч тавих бодолгүй байгаагаа өчигдөр мэдэгдлээ. Харин энэ хэргийг шалгаж өгөх хүсэлт гаргасан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбат ажилдаа ирэхгүй байгаа бөгөөд түүнийг хаана байгааг хэлж чадах хүн АТГ-т алга.

Шүүхээс ял сонссон АТГ-ын удирдлагууд давж заалдахаа мэдэгдэнэ гэж байгаа ч энэ хооронд авлигатай хийх тэмцлийг хэн удирдан зохион байгуулах талаар болон хэрэгт холбогдсон зарим хүнтэй уулзаж ярилцлаа.

УИХ ШҮҮХИЙН ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭНЭ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяраас тодрууллаа.

-АТГ-ын дарга Ч.Санга­раг­чаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарт шүүх 2-2,4 жил ял оноолоо. АТГ-ын даргыг УИХ-аас томил­дог. АТГ одоо удирдлагагүй байна. УИХ энэ асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?

-Шүүхийн шийдвэр одоогийн байдлаар УИХ-д ирээгүй байна. Тэгэхээр одоогоор УИХ-аас ямар нэг байр суурь илэрхийлэх болоогүй гэсэн үг.

-УИХ-ын дарга өнөөдөр /өчигдөр/ АТГ-ынхныг хүлээж авч уулзсан шүү дээ. Тэр үед энэ асуудал яригдаагүй юу?

-УИХ-ын дарга АТГ-ын дөр­вөн хэлтсийн даргыг хүлээж авч уулзсан. Уулзахдаа тус газ­рын дарга нар шүүхээр эрхээ хасуулснаас шалтгаалан ажил цалгардуулахгүй байх, хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх, авли­гатай хийх тэмцлээ цалгар­дуулахгүй байх талаар зөв­лөмж өгсөн. Өөр зүйл яриагүй.

-АТГ-ын дарга, дэд дарга нар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон юм чинь оронд нь үүрэг гүйцэтгэгч томилох ч юм уу, ямар нэг байдлаар шуурхай арга хэмжээ авах ёстой биш үү?

-УИХ-ын даргад тийм эрх үүрэг байхгүй шүү дээ. Энэ асууд­лыг УИХ шийдвэрлэх ёстой.

-Шүүхийн шийдвэр гарсан юм чинь АТГ-ын дараагийн дарга, дэд дарга нарыг томи­лох ажлыг УИХ яаралтай шийд­вэрлэх ёстой биш үү?

-Өмгөө­лөгч­дийнх нь ярьж байгаагаар бол Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нар давж заалдах юм байна гэж ойлгосон. Тэгэхээр шүүхийн эцсийн шийдвэрийг УИХ хүлээх ёстой байх.

-Хэрвээ анхан шатны шүү­хийн шийдвэр давж заалдах шатанд хэвээр батлагдвал УИХ тэр хүмүүсийн ажлыг шууд авах уу? Хуулийн ямар процедураар явах ёстой вэ?

-Шүүхийн эцсийн шийдвэрийг урьдчилан таах боломжгүй шүү дээ. Тиймээс эцсийн шийдвэр гарсны дараа л энэ асуудлыг ярина.

-Өмнө нь Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын эрхийг түдгэлзүүлэх асуудлыг проку­ророос тавихад УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хаалттай хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаард­­­ла­­­­­­­­­­гагүй” гэдэг шийдвэр гар­гаж байсан. Гэтэл шүүхийн шийд­вэр энэ хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн нь үнэн байна гэж үзээд ял оноочихлоо. Хууль зүйн байнгын хорооны өмнөх шийдвэр зөв байсан гэж та үзэж байна уу? Эсвэл танай намын бүл­­­­­­­­­­­­­­­­­­­­гийн шийдвэрээс үүдсэн “улс төрийн хамгаалалт” байв уу?

-Би тэр үед Хууль зүйн байн­гын хорооны дарга байгаагүй, байнгын хорооны гишүүний хувиар хуралдаанд оролцсон. Байн­гын хорооны шийдвэрийг олонхиороо гаргасан учраас зөв, буруу гэдэг дээр би тайлбар хийхгүй.

Ч.САНГАРАГЧАА АЛБАН ТУШААЛДАА ЭРДСЭН БОЛОВ УУ

Мягмар гаригийн орой АТГ-ын удирдлагуудтай холбоотой хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцээд хорих ял оноосон. Энэ хэргийн хохирогчоор УИХ-ын гишүүн С.Эрдэнэ оролцсон юм. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын удирдлагуудыг шүүх хурал хоёр өдөр үргэлжилж өчигдөр /уржигдар/ шийдвэрээ гаргалаа. Энэ хэрэгт та хохирогчоор оролц­сон. Юунаас болж, хэргийн хохи­рогч болсон юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй холбоотой авлигын хэрэг гэх юм дуулдаагүй санагдах?

-АТГ-ын удирдлагатай холбоотой асуу­дал өнгөрсөн жил нийгэмд нэлээн шуугиан тарьсан, олны анхаарлын төвд орсон. Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий  прокурор гээд хууль хяналтын байгууллагаас тус газрыг шалгах ажиллагааг эхлүүлсэн. Энэ үеэр АТГ-ын дарга Ч.Сангарагчаа хэд хэдэн удаагийн  хэвлэлийн бага хурал хийж, “Бид өч төчнөөн тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг шалгаад, илрүүлдэг ч, энэ нь прокурорын байгууллага болоод шүүхийн шатанд замхарч байна. Тэр байтугай Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хуульд  төрийн өндөр дээд албан тушаалтнууд олноор хамрагдаж, хэр­гийн хариуцлагыг хүлээхгүйгээр мултарсан” гэж ярьсан. Сэтгүүлч түүнээс “Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүсийн нэрсийг хэлж болох уу” гэсэн чинь “Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын хүмүүс байгаа” гэж хэлсэн байсан л даа. Ингэснээрээ намайг Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хуулиар өршөөгдөж, хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэмт хэрэгтэн болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, гүтгэсэн юм. Энэ мэдээлэл хэвлэлийн бүх хэрэгслээр цацагдсан.

-Тэгэхээр та зөрүүлээд Ч.Сангарагчаа даргыг өөрийгээ гүтгэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргасан гэсэн үг үү?

-Үгүй, эхлээд би АТГ-ын дарга Ч.Сангарагчаад албан тоот, 2009 оны Баян­гол дүүргийн шүүхээс миний хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан 41 тоот тогтоолыг хавсаргаж явуулсан. Шүүхээс миний хэргийг хэрэгсэхгүй болгож цагаат­гасан тогтоол гаргасан байхад яагаад С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хуульд хамрагдаж, өршөөгдсөн мэтээр олон нийтэд зарлаж байгаа юм бэ. Энэ асуултад хариу ирүүлнэ үү гэж шаардсан. Хариу ирүүлээгүй. Хоёр гурван ч удаа шаардсан. Дараа нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байхад Ч.Сангарагчаа даргатай биечлэн уулзаж ярилцсан. Харамсалтай нь, өөрийгөө буруу зүйл хийсэн гэж үзэхгүй байсан.

-Яг юу гэж тайлбарласан юм бэ, түүнийгээ?

-“Яахав дээ, би ярьдаг л юмаа яриа биз дээ. Юун сүртэй юм” гэж хэлсэн. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд, улстөрч хүнийхээ хувьд нийгэмд зөв ойлголтыг өгөх ёстой биз дээ. Тийм учраас би Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд гомдол гаргасан. “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж, АТГ-ын дарга Ч.Сангарагчаа намайг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж, гүтгэсэн. Асуудлыг шалгаж тогтоож өгнө үү гэж… Гэтэл шүүх хуралдаан болох хоёр дахь өдрийн өглөө Ч.Сангарагчаа дарга манай өмгөөлөгчөөр дамжуулж “С.Эрдэнэ гишүүн ээ, эвлэрье, нэгэнт ийм асуудал болсон учраас би гэм буруугаа хүлээж байна” гэж хэлүүлсэн байсан. Тэгэхээр нь би ганц л  шаардлага тавьсан. Надад тэр асуудлаа бичгээр гаргаж өг гэж. Гэвч тэрбээр шаардлагыг аваад, надад ямар ч хариу өгөөгүй. Тэгээд өчигдөр шүүх хурал болдгоороо болоод, шийдвэрээ гаргалаа.

-Та тэгэхээр энэхүү шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй, өмгөөлөгчөө оролцуулжээ  дээ?

-Тийм ээ, манай өмгөөлөгч биечлэн оролцсон.

-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өмнө нь Ч.Сангарагчаа дарга, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг авч хэлэлцээд “шаардлагагүй” гэж олонхиороо шийдэж байсан. Гэвч шүүхээс тэдэнд ял өглөө. Тэгэхээр энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо  дахин авч хэлэлцэх үү?

-Монгол Улсын хуулиар шүүх гэм буруутайг тогтоогоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй. Хэрвээ шүүх гэм буруутайг нь тогтоосон бол тэр хүн шууд гэм буруутай нь тогтоогдсон гэсэн үг. Зарчим нь тэр. Асуудал байхгүй. Бодвол Давж заалдах шатанд гомдол гаргах байлгүй. Давж заалдах шатны шугамаар шүүх хуулийн байгууллага нь хэлэлцэх байлгүй.

-Зарим хүн Ерөнхийлөгч, Улсын ерөнхий прокурор нар хамтарч байгаад хонзон авах зорилгоор эсрэг намынхаа хүмүүсийг эхнээс нь шүүхээр дамжуулж яллаж эхэллээ. Хэзээ байтлаасаа ийм хурдан хугацаанд хэргийг шийдэж байлаа. Энэ нь эцсийн дүндээ Монгол Улс авлигатай тэмцэх хүсэл зориггүйгээ харуулсан явдал боллоо гэж үзэж байна. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Яахаараа шүүхээс АТГ-ын удирдлагуудыг гэм буруутай хэмээн тог­тоосны төлөө өнөөдөр Ерөнхийлөгч ч юм уу, Ерөнхий прокурор хууль бус үйл ажиллагаа явуулсан мэтээр ойлгогдох ёстой юм. Тийм асуудал байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Ардчилсан нам сонгоогүй, ард түмэн сонгосон. Ард түмнээс сонгогдоод гараад ирж байгаа Ерөнхийлөгч бол ард түмний л төлөөлөл, аль нэг намын төлөөлөл биш. Одоогийн Ерөнхийлөгчөөс өмнө МАН-аас Ерөнхийлөгч нар сонгогдож л байсан. Тэр үед Улсын ерөнхий прокуророор нөгөө намаас томилогдсон хүмүүс ажиллаж л байсан.

Дахин хэлье, Ардчилсан намаас нэр дэвшсэн хүн Ерөнхийлөгч болоод, Ардчилсан намд ажиллаж байсан хүн Улсын ерөнхий прокурор болчихоор өс хонзон авдаг, эсвэл Ардчилсан намын талд үйлчилдэг, хууль бус шийдвэр гаргадаг тийм ойлголт төрөх ёстой юм уу. Тийм юм байхгүй. Хууль бол хууль. Хууль дээдлэх зарчмаар л ажиллах ёстой. Тэгж ярих юм бол өнөөдөр АТГ-ын дарга нарын тагнаж чагнасан хэргийг Д.Дорлигжав прокурор үүсгээгүй, Тагнуулын ерөнхий газар л энэ хэргийг анх шалгаж, тогтоосон шүү дээ. Тагнуулын ерөнхий газрын даргыг хаанаас томилсон юм. С.Баярыг Ерөнхий сайд байхад л томилогдсон. Тэр хүн өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй, албан ажлаа хийгээд явж байна. Тагнуул хийх ёстой ажлаа хийсэн, прокурор хянах ёстой хяналтаа тавьсан. Шүүх гаргах ёстой шийдвэрээ гаргасан гэж ойлгож байгаа. Үүнийг зөв үү, буруу юу гэдгийг эцсийн эцэст шүүх л шийднэ. Шүүхийн давж заалдах шатны гурав, дөрвөн шат байна. Түүнийгээ даваад заалдаад явна биз. Би ч гэсэн тухайн үедээ шүүхээс хилсээр буруу ял оноочихлоо, намайг хэлмэгдүүлчихлээ гээд ном дүрмийнх нь дагуу давж заалдаад, шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоод, цагаадаад өнөөдөр явж л байна. Магадгүй жижиг сажиг алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тэгэхдээ үнэхээр хууль зөрчиж үү, хуулийн дагуу явж уу үгүй юу гэдгийг эцсийн эцэст шүүх л тогтооно.

-АТГ-ын удирдлагуудыг шүүхээс 2.ц0-2.4 жилийн ял сонсоно гэж та бодож байсан уу?

-Ганц тагнаж чагнасан биш, төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан, улсын нууц задруулсан, хүн гүтгэсэн гээд зүйл анги нь олон л доо. Уг нь Ч.Сангарагчаа дарга тухайн үедээ миний асуултад хариу өгөөд “Уучлаарай, би андуурчихжээ” гэсэн бол би түүнээс мөнгө нэхээгүй, хохирол нэхэмжлээгүй. Нийгэмд цацсан буруу ойлголтыг залруулаач ээ л гэсэн. Тэгээгүй нь их сонин л байсан байхгүй юу. Хэтэрхий их албан тушаалдаа эрдэж, итгэсэн юм болов уу л гэж бодож байна. Бас янз бүрийн хамгаалалт байсан л байх л даа.

C.САГСАЙ: НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД БАГТАХ УЧРААС МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ

Нийслэлийн Шүүхээс сэтгүүлчдэд өгсөн албан ёсны мэдээллээр АТГ-ын дарга Ч.Сангарагчаа УИХ-ын гишүүн С.Эрдэнийг гүтгэсэн нь мөрдөн байцаалтын явцад нотлогджээ. Тиймээс шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон гэж үзэн дөрвөн сарын хорих ял оноосон байна. Түүнчлэн түүнийг төрийн нууц задруулсан хэрэгт буруутган нэг жил, хууль бусаар УИХ-ын хэд хэдэн гишүүнийг тагнаж, чагнасан хэрэгт нь нэг жилийн хорих ялыг тус тус оноосон байна. Ингээд түүний гурван хэрэгт нийт 2,4 жилийн хорих ял оноожээ.

АТГ-ын удирдлагад хамаарах хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүр­гийн шүүх гуравдугаар са­рын 21-22-ны өдөр хаалттай шүү­сэн. Зарим эх сурвалжийн мэдээл­лээр Ч.Сангарагчаа нь өөрийн удирдлагад ажиллаж буй дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт үүрэг өгч УИХ-ын хэд хэдэн гишүүнийг тагнаж, чагнуулжээ. Энэ хэргийг нь шалгах явцад нэг хохирогч тогтоогдсон нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ юм байна. Тиймээс ч шүүх бүрэлдэхүүн шүүх ажиллагааны үеэр нотлох баримтыг хэлэлцэж, гэм буруутай болохыг нь тогтоон дээрх ялыг оноожээ. Харин Ч.Сангарагчаагийн төсвийн мөнгө үр дүнгүй зарцуулсан гэх хэргийг нотолж чадаагүй учраас хэрэг­сэхгүй болгов. Шүүхээс Ч.Санга­рагчаад ийнхүү хоёр жил дөрвөн сарын ял оноосон бол АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэн, мөн тус газрын Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноосон. Мөн энэ хэрэгт холбогдоод байсан АТГ-ын Тамгын газрын дарга Г.Бадарчид холбогдох хэргийг нотлогдоогүй тул гэм буруугүй гэж үзэн шүүх хэрэгсэхгүй болгосон.

Уг нь энэ хэрэгт АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбат хохирогчоор татагдаж байсан ч эцсийн мөчид Э.Амарбатыг гэрчээр дуудсан гэ­сэн мэдээлэл байна. Энэ талаар нийс­лэлийн Прокурорын газрын орлогч дарга Ё.Сагсайгаас лавласан ч “АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбатад холбогдох асуудлыг Чингэлтэй дүүргийн шүүхээс асуух хэрэгтэй. Би ямар нэгэн тайлбар өгөх субьект биш” хэмээн хариуллаа. Мөн тэрбээр “АТГ-ын дарга Ч.Сангарагчаа үүрэг даалгавар өгч зарим хүнийг чагнасан гэдэг нь нотлогдсон уу” гэсэн асуултад “Нууцын зэрэглэлд багтах барим бичгийг хэлэлцэж буй учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Шүүхээс ял сонссон Ч.Санга­рагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нар 14 хоногийн дотор нийслэлийн Шүүхэд давж заалдах эрхтэй.

УИХ-ЫН ДАРГА АЖЛАА ХЭВИЙН ЯВУУЛАХ ҮҮРГИЙГ АТГ-ЫНХАНД ӨГЛӨӨ

АТГ-ын дарга, дэд дарга, гүйцэтгэх албаны дарга нар Чингэлтэй дүүргийн шүүхээс 2-2.4 жилийн хорих ял сонсч одоо тус  байгууллага удирлагагүй байна. Олны анхаарал татсан энэ үйл явдлын дараа авлигачидтай тэмцэх энэ  газрыг хэн удирдах вэ гэсэн асуулт  гарч ирж буй юм. Үйл явдлын эргэн тойрон дахь асуудлаар АТГ-ын Тамгын хэлстийн дарга Г.Бадарчтай ярилцлаа. Тэрбээр Эрүүгийн хуулийн 273.2 буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт буруутгагдаж байсан ч Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгосон билээ.

-АТГ газар ямар ч даргагүй боллоо. Дарга нарын асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ гээд танайхан бужигнах байх?

-Ямар ч нөхцөлд АТГ-ын үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдах ёстой. Өглөө хуралдаж хамт олондоо  энэ талаар мэдээлэл хийсэн байгаа. Байгууллагынхаа үйл ажиллагааг тасалдал доголдолгүй яуулах боломжтой бүх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах болно.. Тийм ч учраас АТГ-ын удирдлагыг томилдог УИХ-ын дарга Д.Дэмбэрэл намайг болон манай хэлтсийн дарга нарыг хүлээн авч уулзлаж үүрэг даалгавар өгсөн. УИХ-ын дарга хэлэхдээ “АТГ-ын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй, хуулийн хүрээнд явагдах ёстой. Авлигатай тэмцэх ажил сулрах ёсгүй” гэж хэлсэн. Тэгээд АТГ-ын тасралтгүй явуулж, хэвийн үйл ажиллагааг хангах үүргийг надад болоод манай бусад хэлтсийн дарга нарт даалгасан байгаа. Ингэхдээ манай байгууллагын өдөр тутмын зохион байгуулалтын асуудлыг ерөнхийд нь хариуцдаг өдөр тутмынхаа ажлыг уялдуулан зохицуулж ажиллах үүрэгтэй байлаг Тамгын хэлтэс дээрээ үйл ажиллагаагаа төвлөрүүлж, зангидаж ажиллах үүргийг бидэнд өгсөн. Томоохон асуудлуудыг зөвлөлөөрөө  хэлэлцэж шийдвэрлэх үүрэг өгсөн.  Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй учир АТГ-ын дарга, дэд дарга, гүйцэтгэх албаны дарга нарыг ажлаас чөлөөлөөгүй, түдгэлзүүлээгүй, огцруулаагүй байгаа.

-Гэхдээ Ч.Сангарагчаа даргын төрийн алба хаах эрхийг нэг жил хүртэлх хугацаагаар хасах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан шүү дээ?

-Шүүхийн эцэслэн гарсан, хүчин төгөлдөр шийдвэр дээр үндэслэж дараа дараагийн шийдвэр гарна.

-Шүүх хурал товлогдох үед л холбогдогчдын дунд таны нэр гарч ирсэн.  Танд хэзээ эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ?

-Сүүлд хэрэг үүсгэсэн зүйл байхгүй. Ч.Сангарагчаа даргыг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгаж эхэлсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Тэр үед л миний нэр хамт байсан. Тэгэхээр анхнаасаа л энэ хэрэгт хамт шалгагдаж байсан гэсэн үг.

-Ч.Сангарагчааг мөн төсвийн мөнгийг зориу­лалтын бусаар зарцуулсан гэх зүйл ангиар  буруутгаж байсан учраас таныг буруутгав уу. Эсвэл танд төсвийн мөнгийг өөрөө дур мэдэн зарцуулах эрх  байсан юм уу?

-Би бол АТГ-ын  Тамгын хэлтсийн дарга бөгөөд Төсвийн ерөнхий менежер. Тэгэхээр төсвийн мөнгийг захиран зарцуулахтай холбоотой асуудал миний ажилтай шууд холбоотой. Гэвч АТГ төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх нотлох баримт байгаагүй. Тиймээс  л шүүх хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон.

-Шүүх хурал дээр төсвийн мөнгө зориулалтын бусаар зарцуулсан гэх ямар ямар үндэслэлүүд яригдсан бэ?

-Тодорхой хэдэн хүний мэдээлэл, гомдлын дагуу хэрэг үүсгэн шалгасан юм  билээ. Гэхдээ энэ нь шүүхийн шатанд нотлогдоогүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн. Намайг төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэж буруутгах  дөрвөн үндэслэл байсан л даа. Тухайлбал, АТГ-ын төсөв хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, ажилчдаа орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлсэн, албан хаагчдад нормын хувцас олгосон, албан хаагчдаа гадаадад суралцуулсныг буруутгасан. Мөн манай байгууллага өргөтгөл бариулах хүсэлт тавьсан юм. Тэгээд Засгийн газар, УИХ-д төсөв баталж өгөхийг уламжилсан. Мөн байгууллагынхаа тасралтгүй үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах үүднээс генератор авах хүсэлтийг мөн өгсөн юм. Харин төсөв батлагдахад генератор авах хөрөнгийг батлаад, барилгаа өргөтгөх төсвийг батлаагүй. Тэр жилдээ бид хуулийн дагуу нээлттэй тендер зарлаад цахилгаан үүсгээрээ худалдаж авсан. Ингээд байж байтал Аудитын шалгалт орж ирсэн. Улмаар нөөцлөх нэрээр улсын хөрөнгийг хэрэгцээнээсээ илүү юм авч мөнгөний эргэлтийг саатуулсан гэж дүгнэсэн байгаа юм. Үүнд бодит  тайлбарыг өгсөн. Бидэнд нөөцөлнө гэсэн ойлголт байхгүй. Яг одоо хэрэгтэй, шууд ашиглана. Хэрэгцээнээсээ илүү гэсэн ойлолт байх ёсгүй. Учир нь бидэнд ганцхан генератор хэрэгтэй, тэрийгээ л авсан. Мөн АТГ ашгийн байгууллага биш учир мөнгийг эргэлтэд оруулахгүй. Төрөөс баталсан мөнгөөрөө л хэрэгтэй зүйлээ авсан гэдгийг тайлбарласан. Харин барилгын өргөтгөлийн төсөв энэ жил батлагдаж, бэлтгэл ажлаа хангаж байна.

-Та ганцаараа цагаадлаа. Харин Ч.Сангарагчаа даргын үүргийг биелүүлсэн хоёр дарга нь хөлд нь чирэгдлээ гэх юм?

-Би энэ талаар дүгнэлт хийж, ярихгүй, Тийм эрх надад байхгүй.

 -Гэрчээр ямар хүмүүс оролцсон талаарх мэдээлэл алга байна. Жишээ нь төрийн нууцад хамаарахгүй төсвийн мөнгөтэй холбоотой хэрэгт ямар хүмүүс гэрчээр оролцов?

-Төсвийн мөнгөтэй холбоотой хэргийг төрийн нууцтай холбоотой хэрэгтэй нэгтгэсэн учир бүхэлдээ төрийн нууцад хамаарч байгаа юм. Тиймээс ч энэ хэрэг хаалттай шийдвэрлэгдлээ. Гэрч болон хохирогчоор ямар хүмүүс оролцсон талаарх мэдээлэл  ч хаалттай.

-Тагнаж чагнасан хэргийн гол хохирогч нь мөрдөн байцаагч Э.Амарбат. Гэтэл шүүх хуралд хохирогчоор оролцоогүйд гайхах хүн олон байна?

-Яагаад шүүх хуралд хохирогчоор оролцоогүйг би тайлбарлах субекьт биш шүү дээ.
 
-Сангийн яамнаас Х.Энх-Амгалан гэдэг хүнийг хохирогчоор шүүх хуралд оролцуулсан гэж сонссон?

-Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг үндэслэлээр биднийг шалгасан гэдгийг дээр хэлсэн. Үүнээс үүдээд Сангийн яамнаас эрх бүхий хүнээ томилж, хохирогч нэхэмжлэгчээр Х.Энх-Амгаланг оролцуулсан юм билээ.  Гэхдээ хохирсон зүйл байхгүй тул нэхэмжлэх юм байхгүй гэсэн хариултыг шүүхэд ирүүлээд, шүүх хуралд тэр хүн оролцоогүй.

-Танай дарга нар давж заалдах болов уу?

-Давж заалдана гэж өмгөөлөгч нар нь мэдээлсэн байсан.

УНШИГЧИД ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЮУ ГЭЖ ҮЗЭВ

Мэдээллийн www.news.mn сайтад нийтлэгдсэн АТГ-ын дарга Ч.Сангарагчаа Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс ял сонсч, Ганцхудаг дахь урьдчилан хорих төвд саатуулагдсан тухай мэдээлэлд уншигчид хэрхэн сэтгэгдэл бичсэнийг товчлон хүргэж байна.

Зочин: Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн арай ч ийм юм хиймээргүй юм. Ийм хүмүүсийг сонгохдоо анхнаас нь сайн судалж байж албан тушаалд тавьж баймаар юм аа.

Монгол: УИХ буруугүй гэснийг Шүүх буруутай гэж ялсан нь УИХ дампуурсныг харуулсан хэрэг үү.

Ард: Шүүх одоо л зөв ажиллаж эхэллээ. Хамгаалаад байсан мафижсан МАН шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэйг санаж ав. Дорлигоод, прокурорууд чинь шударга ажиллаж эхэлсэнд баяр хүргэе.

Зочин: Шударга хуульчдаа няцаж болохгүй шүү. Ард түмэн дэмжиж байгаа.

e.nambar: Шударга байна гэдэг нэг нь гараад нөгөөгөө шийтгэхийг хэлэхгүй, нийтэд хууль ижил үйлчлэхийг хэлнэ.

Зочин: Энэ төрд чинь нууц байхаа больсон юм уу. Дандаа л нууц задруулсан гээд байх юм.

Ажиглагч: Хэрэгт авагдсан нотлох баримтаар хуулийн дагуу ял оноосон бол шүүх шударга ажиллаж гэж бодож байна. Хэдэн тэрбумаар нь идсэн, уусан гэх хэргүүдийг адилхан илрүүлж, эздийг нь хуулийн өмнө суулгах хэрэгтэй. Монголын хуульчид ингэж ажиллавал төрд шударга ёс тогтоно гэж найдаж байна. Дараагийн шатны шүүх л хүчингүй болгочиххгүй бол. Харж л байя. Бодвол давж заалдах эрх нь байгаа байлгүй дээ.

Зочин: Гүйцэд яллаагүй байна.

Зочин: Монголд шударга ёсны нар цухуйж байна. Шүүхэд гэрэл гарч эхэллээ. Бүгдээрээ авлигачдаас хамтын хүчээр салъя.

Зочин: Хоёрхон жил байхдаа яахав дээ. За за, тэнсэн өгч шогтоогүй нь яамай. Хуульд заасан олон жилийг өгсөн бол шоконд орж, хамгаалаад байсан хуучин ХУ-гийн хүмүүсийг толгой дараалан илчлэх байсан ч билүү.

Зочин: Хүн ял авч шоронд ороход баярлахдаа биш анх удаа том хүний хармааны  хүн, тэгээд авлигыг нь нуун дарах зорилгоо хэрэгжүүлж ирсэн нөхөр ялагдал хүлээж, шударга ёсны талд ялалт ирлээ. Одоо төрөөс төрсөн тэрбумтануудыг сэтгэлийг түгшээх цаг ирлээ Цагдаа, шүүхийн хэргийг зөв шүүвэл ард түмний ирээдүйд итгэх итгэл сэргэх болно. Зөв шүүгч прокурорыг дэмжээд өгвөл тэдэнд бас сэтгэл зүрх, ард олноо гэсэн санаа байгаа шүү.

Зочин:
  50 тэрбум авсан хүнийг нь яах юм бол. Харж л байя. Тэр шударга шүүх нь хаа байна.

Зочин: Сангааг золиос болгож байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж