Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Аврагчдаа аварцгаая

Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сэтгэлт амрагтаа хэлж үзээгүй үгээ
Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлсэн юм /М.Цэдэнжав/

Сонгуулийн солиорол, улс төрийн дажин, үймээн бужиг­наан, өдөр болгон зурагтаар үздэг Н.Энхбаярын болоод элдэв мэдээлэл дундаас сэтгэл шим­­ширмээр нь Дорнод айм­гийн Баяндун сумын нутаг  гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байсан аврагчдын талаарх мэдээлэл байв. Цэл залуухан гурван залуу зуурдаар амиа алдаж, хоёр нь үхэл амьдралын зааг дээр байгаа тухай уй гуниг, нулимс дагуулсан тэрхүү бараан мэдээлэл доор гашуудсан, өрөвдсөн, бахархсан сэтгэгдлүүд зөндөө. “Хайран залуус, тэд жинхэнэ эх орончид юм”, “МИ8-ын ослын дараа олон сайн санаатай хүмүүс албан байгууллага түймэр унтраахад шаардлагтай зүйлс хандивлаад байсан тэдгээр зүйлс хэний халаасанд орчихсон бэ”, “Энэ эвэртэн туруутнуудийг  улаан галын өөдөөс нүцгэн гараар нь ганц шүүр бариулаад явуулах юмсан. Дарга нар нь эх орноо аймаг, сумаар нь  зарж идэж, баяжаж байхад энгийн ард нь сөөм газрын төлөө амиа өгч байна шүү дээ” гэх сэтгэгдлүүдийг уншсан хэнд ч болов нээрэн тийм дээ гэх бодол төрөх байсан биз.

Хэвлэлээр өөрсдийгөө дө­вийл­гөдөг, магтдаг, маг­туул­­даг “эх орончид”-той харьцуулахад, өөрсдийгөө од болгох ч юм уу мандуулах гэж эсвэл нэр төр албан тушаалын төлөө тэд түймэр рүү яваагүй, хүлээсэн үүргээ, хариуцсан ажлаа нэр төртэйгээр биелүүлсэн хэрэг.

Онцгой байдлын салбарт ажилладаг жирийн албан хаагчийн сарын цалин дунджаар 600 мянган төгрөг. Үүнээс татвараа төлөөд, үлдсэнийг нь гар дээрээ хоёр хувааж авна. Жирийн иргэний хувьд 600 мянган төгрөг бол хангалттай цалин ч, ажиллаж байгаа нөхцөл, орчин, ажлынх нь онцлогтой харьцуулахад хамаагүй хямдхан хөлс. Өвөлдөө юм уу хавартаа эсвэл  зун углах ажлын хувцасыг нь эс тооцвол тэдэнд өнөөдөр төрөөс олгож буй хангамж тэг хэвээр байна. Гэхдээ тэд хэзээ ч эмч, багш нар шиг цалингаа голж,  ажил хаяж айлгаж сүрдүүлж, жагсч тэмцэж явсангүй. Хаана л гал түймэр гарч, үер усны аюул нүүрлэнэ, тэд л амь хайрлалгүй зүт­гэдэг. Тэглээ гээд аюулаас айж ухарч, амь насаа хоохойлоогүйн илрэл энэхүү эмгэнэлт хэрэг байх.

2007 оны зургадугаар сард гар­сан  “Ми-8”-ын осол хойш онц­­­г­ой байдлын салбарт бага, сага­­­хан өөрчлөлт гарсан нь үнэн.

Гэхдээ л гялайж, гялтайсан нь бага, аврагчдынхаа хангамжийг сайжруулж, орчин үеийн техник, хэрэгслээр тэднийг хангаад, гийгүүлээд өгнөө гээд томроод байсан нөхдүүд ч том даргаа хийсэн хэвээр л байна.  Гэтэл орон нутгийн онцгойгийнхонд өнөөдөр хүрз, шуудайнаас өөр  гал унтраах хэрэгсэл гээч юм байгаа юм уу даа, ингэхэд.

Гамшигийн өөдөөс гар хоосон, шалдан нүцгэн шахуу тэмцэж байхад татвар төлөгчдийн мөнгийг өөрийн юм шиг үрэн таран хийж, төрд шургангуутаа л гэнэтхэн цулайчихдаг,  сонгуулийн сурталчилгаандаа сая саяар нь  мөнгө цацаж, гараашиндаа 32 машин сойж, энгийн иргэний зовж байж сардаа авдаг цалинг ганц удаагийнхаа үдийн зоогт зарцуулдаг нөхдүүд харин саарал ордонд улс төр ярьж, олон нийтээс ахиухан “очков” авахын төлөө улайрцгааж байна. 

Телевизийн камерийн өөдөөс харахдаа эх орончийн дүр эсгэдэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийгөө эх орончоор тодруулдаг нөхдүүд, ард түмний нэрээр улс төрийн ашиг хонжоо хайгсад  яагаад амиа алдсан аврагчид, алдаж болох эрсдэл дунд ажиллаж байгаа онцгойн албан хаагчдын талаар ам нээхгүй байна вэ.  Тэгсэн мөртлөө авлигачийг барьж хорилоо гээд сүйд болоод, өмнөөс нь хүртэл өлсгөлөн зарлаж суудаг манай монголчууд ямар ч гэнэн бас тэнэг, тэгээд мөнгөнд дуртай хүмүүс юм бэ дээ.

 Авлигачийг барьж хорих сургаар гэрт нь гүйж очоод төрийн цагдаагийн өмнөөс хоёр гараараа салаавч үзүүлж суусан эрхэм гишүүн энэ удаад басл таг чиг. Уг миний мэдэхээр улс төрийнхөө карьерыг Дорнодоос эхлүүлсэн юм даг. Гал түймэр тавьсан нөхрийг барьсан л гэнэ, хорьсон л гэнэ. Гэхдээ түүний тарьсан хор уршиг,  тавьсан галанд өртөж амиа алдсан гурван залуугийн амь, үхэл амьдралыг зааг дээр өвчиндөө шаналан тарчилж хэвтээ хоёр аврагчийн эрүүл мэндийг юугаар ч нөхөж чадахгүй нь тодорхой. 60-90 хувийн түлэгдэлтэйгээр эмнэлгийн орон дээр ёолж хэвтэх аврагчдыг 10 сая төгрөгөөр эмчлээд эрүүл саруул болгож чадах уу. Амиа алдсан албан хаагчийн амь насыг 70  сая төгрөгөөр үнэллээ гээд ээжийнх нь нулимс, үрийнх нь өнчрөл, ханийх нь ганцаардлыг нөхөж чадна гэж үү. Өнөөдөр эрх баригчдын өөрсдийнх нь болоод эрх танхил хөвгүүдийнх нь унадаг машинаас эх орныхоо төлөө алтан амиа алдсан аврагчид хямдхан үнэлэгдэж байгаа нь л хамгийн дургүй хүргээд байна. Аврагчид үер ус, галын аюулаас хүн аврах, төөрсөн гадаадын иргэний олов гэсэн мэдээлэл цацах бүрт тэд тэгэх л ёстой юм шиг хүлээж авсаар бид тэднийгээ ямар хэцүү, ямар хүндхэн даалгавар биелүүлж ирдэгийг нь тоодоггүй, асуудаггүй явсаар иржээ.

Тиймээс айдас, түгшүүр дунд ажиллаж байгаа аврагчид маань ямар сайндаа аргаа барсан бололтой “ОБЕГ-ын удирдлага, зохион байгуулалтыг өөрчилж хариуцлага тооцохгүй бол энэ албаны албан хаагчид бид өргөсөн тангарагаа биелүүлэх гэж ар араасаа амиа алдсаар байх болно. Мэргэжлийн алба гэсэн тодотголтой бид гамшгийн аюулын үед өөрсдийнхөө амийг хамгаалах чадвар, дадал эзэмшээгүй байж яаж бусдын амь нас, эд хөрөнгийг аврах болж байна аа” гэсэн мэдэгдэл хүртэл гаргах билээ. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хүлээсэн үүргийнхээ төлөө амь насаараа дэнчин тавих аврагчдаа аврах цаг харин болоогүй л байна уу, эрх баригч даа.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж