БНСВУ нь Азийн бүс нутагт чөлөөт эдийн засгийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаа, улс төрийн дэглэм, засаглалын эрх мэдлийн хуваарилалтын хувьд өөрийн гэсэн онцлогтой орон юм. БНСВУ-ын Үндэсний Ассамблей нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг ба байнгын бус ажиллагаатай, нэг намын тогтолцоотой. 2011 онд тус улсын Үндэсний Ассамблей 1992 онд баталсан Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн тул төлөөлөгчид энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд Монгол улсын туршлагыг судлах зорилготой иржээ. Үндсэн хуулийн зохицуулалт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар төлөөлөгчид УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж, Судалгааны төвийн дарга Ц.Норовдондог, Эрх зүй хууль тогтоомжийн хэлтсийн дарга Насанжаргал болон Хууль зүй дотоод хэргийн яамны дэд сайд В.Удвал, Хууль зүйн судалгааны хүрээлэнгийн ажилтнууд болон УИХ-ын Тамгын газрын судлаачид, зарим эрдэмтэдтэй уулзаж ярилцахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Их Хурал 2010 онд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай“ хуулийг батлан гаргасан туршлагатай. Иймд Үндсэн хуулийн зохицуулалтын суурь асуудлууд, Үндсэн хууль өөрчлөлт оруулах асуудлаар судлаачид харилцан санал солилцож, туршлагаа хуваалцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвөөс мэдээлэв.