Дарга аа, танхимд 500 начин зодолдоод эхэлбэл яана

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Дарга аа, танхимд 500 начин зодолдоод эхэлбэл яана

Ардын намын дарга С.Батболд авторын эрхийг өөртөө шилжүүлэв. Тө­рийн ордонд суудалтай, суудалгүй улстөрчид түүний үгийг сонсоод гайхав, бас цочирдов. УИХ Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлд эцсийн цэг тавилгүй шийрэгнэж байх зуур улс төрийн хамгийн том намын дарга хоёр танхим бүхий парламентын засаглалыг санал болголоо. Тэрбээр Ерөнхий сайдын хувьд биш, Ардын намын даргын суудлаас засаглалын хуваарилалтыг дахин явуулах тухай мэдэгдлийг уржигдар хийсэн юм. Сонгуулийн үр дүнд парламентад үнэмлэхүй олонхи болсон намын дарга Ерөнхий сайд болдог. Тэрхүү Ерөнхий сайдын халаасанд парламентад “Генийн өөрчлөлт” хийх хөзөр бий. Учир нь тэр Ардын намын дарга. Эрх баригч хүчний удирдагч. Ардын нам, Ардчилсан намынхныг нэгэн цул болгосон хамтарсан Засгийн газрын тэргүүн. Тиймээс Ардын намын нэн шинэ түүхийг эхэлсэн тус намынхан бусдаас түрүүлж, улс төрийн тавцнаа урагш нэг алхлаа. УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнөхөн ард түмнээс амжиж нэг оноо авах улс төрийн тоглолтоо урьтаж эхлэх нь энэ.

Ардчилсан нам, Иргэний зориг нам, Ногоон нам, Үндэсний шинэ нам, Бүгд найрамдах нам, Монголын уламжлалын нэгдсэн нам… Тэд цөм Ардын намын өмнө уржигдар “пионер” ёсолгоо хийсэн нь содон үзэгдэл байв. Ардын намын дарга С.Батболд “Ардын их хурал, Улсын Бага хурлын хэлбэртэй адил төстэйгөөр парламентыг шинэчлэх үү гэдгийг сайн судлах хэрэгтэй. Ер нь шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй шүү, нөхөд өө” хэмээн дипломат тулгалт хийлээ. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг үүнийг толгой дохин зөвшөөрч “Ардын намын дарга хоёр танхимтай парламенттай болох санал дэвшүүллээ. Үүнийг бүгдээрээ хэлэлцэх л хэрэгтэй. Парламент дахь олонхи бүхнийг тулгаж, асуудалд ханддаг нь надад таалагддаггүй. Ер нь УИХ-аас үргэлж айдаг Засгийн газар, сайд гэж юу байсан юм бэ” гэдгээ “Тэргүүн шадар сайдын хувьд биш шүү” хэмээх тодотголтойгоор хэлж орхих нь тэр. Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан ч цөс нь хөөрсөн үү, яасан “Зөнөг залгасан гишүүдийг зайлуулах жор боловсруулъя” хэмээн бусдыгаа ятгав. Н.Алтанхуягийн хэлсэн үгэнд акцент өгөх зүйл гэвэл, тэр ямар ч байсан олонхид дургүй, бас тэднээс айдаг юм байна. Хамгийн сонирхолтой нь тэрхүү олонхи нь түүнийг хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайд болгосон Ардын намынхан.  
Парламент гэдэг засаг­лалын босс нь уу, аль эсвэл бөөс үү.

УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан улс төрийн намуудын дарга нарын уулзалтын үеэр бөөс хэмээгч нь бөөр, зүрхтэйг нотолж “Парламентын засаглал Монгол төрийн босс байсан уу, бөөс болсоор ирсэн үү” гэх шинэ цагийн онигоог ард түмнээр зохиолгоход хүргэлээ. Харин засаглалын “бөөс”-ийг түүх үүрэг улстөрчдөд оногдов. УИХ-ын гишүүнээр хэнийг сонгох эрх нь ард түмэнд бий. Гэвч нэр дэвшигчдийн хувьд парламентчийн суудлыг мөнгөөр худалдаж авдаг үзэгдлийг өөрсдийнхөө гараар үгүй хийх зоригтой эсэхээ улстөрчид шалгуулах гэж байна. 

Э.Бат-Үүл гишүүн ингэж хэлэв. “Ихэс дээдэс 1919 онд Дээд хурал гээчийг байгуулж “Монгол бол Дундад улсын нэг хэсэг мөн” хэмээх шийдвэр гаргаж байсан. Доод хурлынхан нь үүнийг эсэргүүцэж, 1920 оноос босч эхэлсэн. Монгол Улс 1992 онд Үндсэн хууль батлахад байгалийн ийм их баялагтай орон гэдгийг хэн ч тооцоолоогүй. Манай улс асар их баялагтай гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Гэвч цөөн хүн тэрхүү баялгийн үр шимийг хүртэж байна. Тиймээс засаглал дахь ард түмний эрх, хууль тогтоох мэргэжлийн үйл ажиллагааг салгах ёстой” гэж.

Тийм ээ, дөрвөн жил тутамд тэр “айлд” танихгүй ах ирнэ. Гурил, будаа, ханын зураг, бас мөнгө өгнө. Гэвч тэр УИХ-ын гишүүн болмогцоо сураг  алдарна. Дахин ирэх, үгүй нь бүү мэд. Тэгж байтал өөр нэгэн танихгүй хүн оронд нь ирнэ. Энэ мэтээр Монголын улс төрийн эргэх дөрвөн жил ээлжлэн өнгөрдөг нь хэвийн үзэгдэл болсон. Ардын намынхан авторын эрхийг нь авчихаад буй парламентын шинэчлэлийг хийвэл сумын атамануудын эрин үе эхэлж мэдэх нь. Учир нь сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулбал намууд мөнгөтэй хүмүүсийг нэр дэвшүүлдэг. Гэвч ард иргэд тэрхүү нэр дэвшигчийн мөнгийг нь л “таних”-аас өөрийг нь огт танихгүй. Тиймээс сум бүрийг нэг тойрог болгож, сонгууль явуулах хувилбарыг зарим улстөрч дэвшүүлж байна. Сум бол танилын холбоо. Тиймээс танихгүй бурхан биш, таньдаг чөтгөрүүдийг нь тийш илгээж байх юм гэнэ. Онцлог нь парламентыг хоёр танхимтай болгох эсэхийг шийдэх гэж улстөрчид Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг гацаахгүй. Харин Үндсэн хуульд шинэ заалт нэмж оруулан засаглалын хувь заяаг шийдэхээ тэд амлаж байна.

Ингэхэд Муаммар Каддафи ямар ч буруугүй юм байна. Тэрбээр зүгээр л Ливийн хувьсгалын удирдагч. Тиймээс түүнд буруу байхгүй. Засаглал нь харин “но”-той. Учир нь Ливи Жамахири буюу Ард түмний төрт улс. Тус улсын Бүх ард түмний конгресс 1977 онд ийм засаглалтай болох декрет баталсан. Түүгээр ч зогсохгүй эх орноо Арабын бүгд найрамдах Ливи улс хэмээхээ больж, Арабын Жамахирит социалист ард улс болгосон билээ. Тиймээс Каддафи даварч, дарангуйлагчийн суудалд заларсан биш, Бүх ард түмний конгресс нь түүнийг тийм эрх мэдэлтэй байлгах алдаа гаргасан болж таарч байгаа юм. Тэд социалист дэглэмийг шүтэж, нэг хүний гарт засаглалын эрх мэдлийн түлхүүрийг атгуулснаараа Ливийг олон улсын өмнө эвгүй байдалд орууллаа. Гэвч тэд эцсийн дүнд өөрсдийгөө биш, Каддафийг ард түмэндээ барьж өгөх нь тэр. Тунис ч мөн ялгаагүй. Ерөнхийлөгчийн засаглалтай болох хуулийн төслийг парламентын доод танхим нь санал болгож, батлуулсан. Ерөнхийлөгч асан Бен Али зугтаж, Фуад Мебазад Төрийн тэргүүний тамга шилжив. Тэрбээр парламентын шийдвэрийг хүлээлгүй хууль батлах эрх мэдэлтэй болов. Гэвч Тунисын ард түмэн үймж, парламентын доод танхимыг огцрохыг шаардсан. Бен Алийн “үлдэгдэл”-үүдийг засаглалаас нэгмөсөн хөөн зайлуулах гэж тэр. Учир нь парламентын доод танхимын гишүүдийн 80 орчим хувь нь Ерөнхийлөгч асан Бен Алийн удирдлага дор ажилладаг Ардчилсан Үндсэн хуулийн эвсэл намын гишүүд юм. Энэ тухай дуулсан Монголын улстөрчид “Парламентыг дээд, доод танхимтай болгож, олигархиудаас цэвэрлэе” гэлээ. Гэвч Англи маягийн засаглал ноёрхвол яана. Тус улсад язгууртнуудын буюу Лордын танхим, энгийн түшмэдээс бүрдсэн Ардын танхим гэж бий. Лордын танхимынхан өнгөрсөн 2009 онд улсын төсөвт нохой, муурныхаа хоолны мөнгийг тусгуулсан нь илэрч, бөөн дуулиан дэгдээсэн удаатай. Үүнтэй адил Монголын парламентын дээд танхим бэл бэнчинтэй хүмүүсээс бүрдэж, доод танхимд нь мөнөөх сумын атаманууд цугларан ангийн ялгаа гарвал юу болох бол. Тэр тусмаа дээд танхимд 51 олигархи нэгдэж, доод танхимд 500 “Сумын начин” цугларан өөр хоорондоо зодолдоод эхэлбэл энэ 76-ийн явдлаас ч хэцүүхэн юм болно шүү. Учир нь олигархиудын танхим, сумын танхимын хооронд асар их ялгаа бий. Тиймээс Ардын намын даргаас асуух зүйл байна. “Олигархийн танхим, сумын танхим хоёрын аль нь хүчтэй байх юм бэ” гэж. Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах эрхтэй дээд танхим нь уу, улсын төсөв хэлэлцдэг байнгын бус үйл ажиллагаатай доод танхим нь уу. Японы парламентад төрийн зөвлөхүүдийн танхим гэж бий. Тэнд төрийн өндөр албан тушаалыг олон жил хашсан хүмүүс ажилладаг. Хэрэв Монголын парламент ийм танхимтай болбол Б.Жаргалсайханы ад үзэж буй мөнөөх зөнөг залгасан гишүүд төрийн түшээгийн сэнтийгээс мөд буухгүй. З.Алтай гишүүний хэлсэнчлэн үхтлээ новшрох болно.

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж