Үндсэн хууль ба Монгол Улс

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль ба Монгол Улс

“Шинэ” хэмээх тодотгол нь аль хэдийнэ хуучирсан одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “үндсэн хууль”-ийг хэрэг болгон анхааралтай уншиж үзсэн хүн манайд ер нь хэд байдаг бол? Мэдээж маш цөөн байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Өдөр тутмын амьдралаа арай хийн залгуулж байгаа энгийн ард хууль уншиж суух нь битгий хэл өдөр тутмын сонин захиалаад унших боломж ховор орон шүү дээ. Жирийн иргэн бүү хэл Улсын Их Хурлын гишүүн байсан, одоо сонгогдоод ажиллаж байгаа хүмүүс дотор Үндсэн хуулийн талаар мэдлэгтэй нь цөөхөн байгаа гэдэгт мөрийцсөн ч болно. Хэрвээ тэд үндсэн хуулийг анхааралтай уншисан бол дуу алдаж дургүйцмээр бүдүүлэг үг хэллэгээс авхуулаад түүнээс салбарлан гарах учиртай органик хуулиудад ч байж болмооргүй ардчилсан эрх зүйт ёсноос гажууд ухагдахуун байна гэж шууд дуу алдам зүйл, заалтууд байгааг анзаарч харах биз ээ. Шүүмжлэлийг тодорхой болгоё.

Эхнийх нь утга агуулгын гэхээсээ үг хэллэг, нэр томъёо, найруулга зүйд хамаарах шүүмжлэл юм. Магадгүй ач холбогдлын хувьд тийм ч их чухал зүйлс биш байж болно. Удиртгал хэсгээс л шүүмжилмээр зүйлс аяндаа эхлэн хөвөрнө.

Удиртгалын төгсгөлд “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.” хэмээжээ. Зөвхөн энэ өгүүлбэр л Монгол орны тухайн үеийн нийгэм улс төрийн байдал, монголчууд та бидний нийгэм, улс төр, эрх зүйн мэдлэг, аливаад хандах хандлага, улс орон, нийгэм, амьдрах орчин, ирээдүйнхээ тухай төсөөлөл, ойлголт, үзэл баримтлал тэр үед чухам яг ямар байсныг тод илэрхийлэх бөлгөө. Тухайн үед монголчууд бидний догм болтол нь цээжилчихсэн байсан нийгмийн хөгжлийн шат дамжлагын тухай марксист онол сургаал, аливаа улс орон, ард түмэн нийгмээрээ заавал ямар нэг зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд аль нэг удирдагч хүчний удирдлага дор бүх бололцоогоо дайчлан зүтгэх ёстой тухай коммунист үзэл санаа энэ өгүүлбэрээс нэвт ханхалж байна.

“Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм” хэмээх нь зорилго болгон зохион байгуу-лалттай зүтгэх учиртай ямар нэгэн алс хэтийн ирээдүйн тухай яриад байгаа хэрэг огтхон ч биш харин өнөөдөр, яг одоо та бидний амьдрах орчин дэг журам яг ямар байх ёстойг хэлээд байгааг, ерөөсөө нийгмийг хэн нэг удирдагч, аль нэг улс төрийн нам, тэр ч бүү хэл тухайн нийгэмд амьдарч буй хүмүүс тодорхой зорилготойгоор, зохион байгуулалттайгаар хөгжүүлдэггүй харин нийгэм өөрөө жам ёсныхоо дагуу түгээмэл зүй тогтолоор чөлөөтэй хөгждөг, тэгэх ч ёстой гэдгийг бид өнөөдөр ойлгож хүлээн зөвшөөрөх цаг нэгэнт болжээ.

“Даяр олноо зарлан тунхаглаж байна” гэдэг үг ч яг оносон зөв төгсгөл болж чадсангүй. Учир нь ардчилсан үндсэн хууль бол үнэн хэрэгтээ тухайн улсын иргэн бүр ухамсартайгаар өөр хоорондоо харилцан тохиролцсны үндсэн дээр байгуулж буй нэг ёсны гэрээ юм. Аливаа гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулаад дагаж мөрддөг болохоос зарлан тунхаглаад байдаггүй. Харин хаан эзний зарлигийг л даяр олноо зарлан тунхагладаг юм. “Зарлан тунхаглаж байна” хэмээх энэ үг нь үнэн хэрэгтээ манай “шинэ” хэмээх “хуучин” үндсэн хуулийн эрх зүйн суурь баримт бичиг гэхээсээ илүү үнэхээр улс төрийн үзэл санааны тунхаг шинжтэй баримт бичиг болсоныг улам илүү тодотгох мэт. Энэ бүхнийг ач холбогдол багатай гэж үзэж болохгүй. Аливаа улсын үндсэн хууль нь зөвхөн эрх зүйн баримт бичиг төдий зүйл биш. Тухайн улсын нийгэм, соёл, улс төр, шинжлэх ухааны хөгжлийн төвшинг илтгэн харуулах хамгийн гол чухал эд өлөг юм. Иймээс Үндсэн хууль нь зөвхөн агуулгын хувьд төдийгүй хэл найруулга, нэр томъёоны хувьд уран яруу, тов тодорхой, нэмэлт тайлбар сэлт шаарддаггүй тийм төгс төгөлдөр зүйл байх учиртай юм. Жишээ нь: “Монгол Улсын бүрэн эрхт байдал” хэмээх нэгдүгээр бүлгийн гуравдугаар зүйлийн нэгд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гээд, хоёрт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.” хэмээжээ. Зөвхөн энэ зүйлд л хэл зүй, найруулга зүй, нэр томъёоны хувьд шүүмжлэх зүйл маш их.

“Засгийн бүх эрх” гэж яг юуг хэлж байгаа юм бэ? тэр нь яагаад “төрийн үйл хэрэг” болоод явчихав? тэгснээ яагаад “төрийн эрх” болоод хувирчихав? Юуны учир өөрийнх нь мэдэлд байгаа энэ “эрхээ” “сонгон байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан “эдлэх” болчихов? гээд асуултууд ар араасаа хөвөрнө. Социализмийн үед нийгэм идиалоги намд захирагдаж байсан бол шинэ үндсэн хуулиар төрд захирагдах шинжтэй өөрчлөлт хийгдсэн. Хууль тогтоох, гүйцэтгэх шүүх эрх мэдлүүдийг төр хэмээх нэг уутанд хийж, төрийн гурван өндөрлөг, төрийн түшээ гэсэн ойлголт төрүүлж нийгэм хууль эрх зүй, зарчимд захирагдахаасаа эрх бүхий хүн, хүмүүст захирагдах гаж шинжтэй тогтолцоог буй болгосон. Төр, эрх, эрх мэдэл, засаг, засгийн эрх, төрийн эрх, эрх мэдэл гэх мэт эдгээр нэр томъёонуудыг нэг мөр болгон эмхэлж цэгцлэхгүй бол ийм холион бантан үргэлжилсээр л байх болно. Ялангуяа “эрхээ эдлэх” хэмээх жинхэнэ монгол ойлголтыг энд тусгайлан авч үзэх шаардлагатай. Эрх хэмээхийг монгол хүн өөрт нь төрөлхөөс цаанаас нь заягдсан жам ёсны салшгүй зүйл гэж итгэхээсээ илүү ямар нэгэн дээрээс талбин олгодог, хууль дүрмээр зөвшөөрөгдөн байж сая бодит зүйл болдог. Аягүй бол эдэлж хэрэглэхээс нь өмнө буцаагад хураан авчихаж болдог хайр ивээл, хишиг буян гэж ойлгодог нь энэ эдлэх хэрэглэх гэдэг үг хэллэгээс ёрдойтол цухуйгаад байдаг юм.

Дээрх заалтын яг аль заалтыг юу гэж хэлэх гээд байгааг гөрдөөд ойлгочихож болно. Гэхдээ ойлгохгүй байж болох, ойлгосон ч ойлгоогүй царай гаргах, ойлгосоноосоо огт өөрөөр тайлбарлах тохиолдол бас байж болоход л хэргийн хамаг учир нуугдаж байгаа юм. Аливаа хууль, ялангуяа үндсэн хууль ямар ч хоёрдмол салаа утга учиргүй тодорхой, ойлгомжтой, яруу тунгалаг байхын учир утга эндээс харагдаж байна. Үг хэллэг, нэр томъёо, хэл зүй, найруулга зүйн асуудлаа үүгээр товчилъё.Одоо харин хамгийн гол асуудалдаа оръё. Энэ бол үндсэн хуулийн утга агуулгын тухай асуудал юм.

Хамгийн товчоор хэлэхэд үндсэн хуульд юу бичиж, юуг бичихгүй вэ? гэдэг тухай л ярих гээд байна. Эрх зүй бол улс төрийн чухал бүрэлдэхүүн хэсэг. Улс төрийг зөв гольдролд нь байлгахын тулд эрх зүйгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Эрх зүй нь зөв байхын тулд юуны өмнө Үндсэн хуулиа институцийнх нь хувьд боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай. Энэ бол хоёр хоёрын дөрөв гэдэгтэй адил энгийн бөгөөд гарцаагүй үнэн. Үүнийг нотлох шаардлага байхгүй. Үндсэн хуулийг институцийнх нь хувьд боловсронгуй болгох асуудал нь өөрөө нэг өгүүллэгээр шийдчих жижиг асуудал биш. Тэгэхээр систэмт хандлага чухал юм. Юуны өмнө энэ хуулиар зохицуулах ёстой тэр харилцаа нь чухам юу вэ? гэдгээс бүх зүйл эхлэх учиртай. Жишээ нь: “Монгол улсын бүрэн эрхт байдал” хэмээх нэгдүгээр бүлгийг аваад үзъе. Аливаа улс орон өөрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өөрийн хуулиар тогтоож түүнийгээ өөрийнхөө хуулиар сахин хамгаалдаггүй. Энэ бол аль ХIX зуунд тодорхой болсон олон улсын эрх зүйн асуудал. Вестфалийн зарчим гэж бид бүгд мэднэ.

Монгол Улсын үндсэн хууль бол зөвхөн манай улсын л хууль болохоос дэлхийн, эсвэл азийн үндсэн хууль биш юм. Бид өөрсдийнхөө тусгаар тогтнолын тухай үндсэн хуулиндаа хэрхэн бичсэн буй нь олон улсад тийм ч их ач холбогдолтой асуудал биш. Харин биднийг манай хөршүүд, цаашилбал дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн үү? гэдэг бол огт өөр асуудал. Манай тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын жинхэнэ баталгаа. Энэ бүлэг учир мэдэхгүй хүнд их гоё харагдаж, сонсогдож байж болох юм. Гэхдээ жинхэнэ ач холбогдол нь гэвэл тэгтэй  тэнцүү. Бусад улс орны, ялангуяа ардчилал, иргэний нийгэм, эрх зүйт ёс бодитойгоор оршиж буй  улс орнуудын Үндсэн хуулийг харвал юуны өмнө хүн, иргэн, түүний эрх,  эрх чөлөө, иргэний эрх үүргээс үндсэн хууль нь эхэлдэг. Хамгийн гол асуудал чухам хэнийг өөрийнхөө жихэнэ бүрэн эрхт иргэн гэж үзэх вэ? гэдгээс эхэлнэ. Харин улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг манайх шиг “Монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна” (ҮХ-ийн нэгдүгээр бүлэг, дөрөвдүгээр зүйлийн нэг) гээд орхичихдоггүй. Харин бүхий л хүч чадал, боломжоороо тусгаар тогнолоо хамгаална. Энэ нь улс үндэстэн, улс орон гэж байгаагийн гол учир утга, засаг төр эрх мэдлийн үндсэн гол үүрэг даалгавар гэсэн байдлаар томъёолдог.

Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн дөрөвдүгээр зүйлийн хоёрт “Монгол улсын хилийг хуулиар бататгана” гэсэн нь өрөвдмөөр гэнэн томъёолол. Нэгдүгээрт аль улсын хуулиар гэдэг асуулт гарч ирнэ.Мэдээж монгол улсын хуулиар гэж хариулах нь ойлгомжтой. Хамгийн гол нь Монгол улсын хилийг Монгол Улсын хуулиар батлгаажуулдаггүй юм. Харин олон улсын гэрээгээр буюу Монгол-Хятадын, Монгол-Оросын гэрээгээр л баталгаажуулна. Гэрээг харин талууд хүлээн зөвшөөрч ратификаци хийх эсэх нь огт өөр дараагийн асуудал. Хамгийн гол нь энэ асуудал бол олон улсын эрх зүйгээр зохицуулагдах Монгол улсын дотоод асуудал юм. Хэргийн учир юунд байна вэ? гэвэл хэрвээ аль нэг түрэмгий гүрэн Монгол улсыг өөртөө нэгтгэе гэж шийдсэн бол манай хууль мууль тэдэнд огт падгүй. Тийм тохиолдолд бидэнд буу байвал буугаараа буу байхгүй бол шүдээрээ улс орон,тусгаар тогтнол, газар нутагаа  хамгаалах асуудал л үлдэнэ. Хэрэв тийм гай зовлон хэзээ нэгэн цагт тохиолдвол бүгдээрээ амь насаа үл хайрлан эх орныхоо төлөө тэмцэнэ шүү гэдгээ харин харилцан ойлголцож үндсэн хууль-гэрээгээрээ баталгаажуулах ёстой юм.

Энэ мэтээр шүүмжлээд байвал үндсэн хуулийн нэг ч үг өгүүлбэр шүүмжлэлийн гадна үлдэхгүй. Ийм л муу үндсэн хуультай хүмүүсдээ бид. Тэгэхлээр шүүмжлэл-ийг түр хойш тавиад яг ямар Үндсэн хууль хүсээд байгаагаа уншигч авгай тантай хуваалцъя. Хамгийн нэгдүгээрт хуулийн бүтцийн тухай ярих нь зөв болов уу? Үнд-сэн хуулийг:

  1. Удиртгал,
  2. Иргэн, иргэний эрх, эрх чөлөө, тэдгээрийг үндсэн хууль болон бусад хуулиар хэрхэн хамгаалах тухай,
  3. Эрх мэдлийг хэрхэн хуваарилах, хязгаарлах тухай,
  4. Хууль, эрх зүйт ёс, шударга ёсыг хэрхэн баталгаажуулах тухай,
  5. Иргэний нийгэм улс төрийн оролцоо, коммуны өөрийгөө удирдах эрх, эрх чөлөөг хэрхэн баталгаажуулах тухай,
  6. Улс орныхоо тусгаар тогнол, бүрэн эрхт байдал, нийгмийн ардчилсан дэг журам, аюулгүй байдлыг хэрхэн сахин хамгаалах тухай,
  7. Экологи байгаль орчиноо хэрхэн хамгаалах тухай,
  8. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хэрхэн хангах тухай,
  9. Үндсэн хуулийг хэрхэн тогтоож, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх ажлыг хэрхэн зохион байгуулах тухай гэсэн есөн бүлэгтэйгээр шинэчлэн найруулах хэрэгтэй гэж бодож байна.

Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэдэг ч юм уу, эсвэл Засгийн газар Ерөнхий сайд гишүүдээс бүрдэнэ, монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэх шиг. Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд нь сум, дүүргийн Засаг даргыг харъяалах, аймаг, нийслэлийн Засаг дарга нь баг, хорооны Засаг даргыг харьяалах, сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно гэх мэт заалт нь баахан дарга нарын томилгоо мэтээр эрх зүйн зохицуулалт гэхээсээ илүү сананаасаа зохиосон утга учиргүй үгийн цуглуулга мэт. Бүр цаашлаад доромжлол гэж ойлгомоор заалтуудыг өөртөө агуулж байгаа ийм үндсэн хуулийг яаралтай шинэчлэхээс өөр арга алга. Гэхдээ шинэчлэлийг яаран сандран хөнгөн гоомой шийдэж болохгүй. Үндсэн хуулиа шинэчлэх асуудлыг монгол улсын иргэн бүр чөлөөтэй оролцох боломжоор хангагдсан, харилцан бие биенээ ойлгож нэг нэгнээсээ суралцах уур амьсгал бүрдсэн орчинд, эцсийн бүлэгт улс орныхоо ирээдүйн хөгжлийн үүд хаалгыг нээхэд чиглэсэн бүх нийтийн үйлс болгон зохион байгуулах хэрэгтэй юм.
Чингэхийн тулд улс төрийн асар том зориг хэрэгтэй. Хамгийн гол нь үндсэн хууль өнөөдрийнх шиг тунхаг биш бүх хүн хүндлэн сахидаг нийтийн гэрээ болох учиртай. Эрүүл ухаан ялах болтугай.

Нийслэлийн Ардчилсан Намын дарга Ш. ТҮВДЭНДОРЖ. /PhD/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж