Газар өмчлүүлэх хугацааг сунгахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Газар өмчлүүлэх хугацааг сунгахыг дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хугацааг сунгах тухай хуулийн төслийг хэлэлцэн чуулганы нэгсдэн хуралдаанд оруулж анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ. Монгол Улсын иргэдэд газар өмчлүүлэх хуулийн хугацаа 2013 оны тавдугаар сарын 1-нд дуусах гэж байна. Үүнийг таван жилээр сунгахаар хуулийн төсөл оруулж байгааг хуулийн төсөл санаачлагч гишүүн Д.Ганхуяг танилцуулсан юм. Ингэснээр газар өмчлүүлэх хугацааг 2018 оны тавдугаар сарын 1 хүртэл сунгахаар болж байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийт иргэдийн дөнгөж ес орчим хувь нь газар нутгийн хоёр хүрэхгүй хувийг өмчилж авчээ. Энэ талаар гишүүн Д.Ганхуяг танилцуулав. Тэрбээр хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг гишүүд дэмжсэн юм. Мөн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүн Л.Гансүх уг энэ үеэр дээд боловсролтой байгаль хамгаалагчдад шууд байцаагчийн эрх олгодог болж буйг хэллээ.

Гишүүн Ц.Цэнгэл байцагч нар ядарсан иргэд түлшиндээ ганц мод хэрэглэхэд торгодог атлаа Улаанбаатараас хөрөнгө чинээтэй хүмүүс очиж ой сүйтгэж байхад харин ч тусалдаг талаар шүүмжилж, цалин дээр нь нэмэлт урамшуулал байх хэрэгтэйг сануулж байв. Төслийн эцсийн хэлэлцүүлэг тул гишүүд дэлгэрүүлж ярьсангүй. Мөн байгалийн зарим цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай, зарим газрыг чөлөөлөх тухай, зарим газар нутгийг улсын хамгаалалтад авах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахыг дэмжлээ. Гишүүдээс асуулт, санал гарсангүй. Үүгээр байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж