Лоренцо шинэ улирлын талаар

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Лоренцо шинэ улирлын талаар

“Ямаха” багийн мотоциклч Хорхе Лоренцо 2011 оны Moto GP ангиллын ДАШТ-ий эхлэлийг муугүй тавьж, өнгөрсөн ням гаригт болсон Катарын гараанд өрсөлдөгч Кейси Стоунерийн ард хоёрдугаар байрт бичигдсэн билээ. Тэрбээр  нутаг нэгт мотоциклч болох Дэни Педросатай уралдааны турш хоёрдугаар байрын төлөө ширүүн өрсөлдөөнийг үзүүлсний эцэст ялалт байгуулсан ч ялагч болсон Стоунерээс 3,440 секундын дараачаар барианд орсон юм.

Болж өнгөрсөн энэ уралдааны дараа “Хонда” нэгэнт бусдаас илүү хурдтай байгаа нь тодорхой болсон. Учир нь улирлын өмнөх сорил уралдаанд тэд онцгой сайн байснаа аз биш гэдгийг нотолж эхний гран-прид хоёр мотоциклчоо шагналын тавцанд гаргасан. Аваргаа хамгаалан оролцож байгаа Лоренцо ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр “Хонда энэ жил онцгой хурдтай байна. Гэхдээ бид өдрөөс өдөрт тэдэнд ойртсоор байгаа. Удахгүй тэднийг гүйцэх хэмжээнд очно” гэжээ.

Лоренцогийн хуучин багийн анд, тэргүүн ангиллын домог болсон Валентино Росси “Дукати”-тай нэгдэж, өрсөлдөгч болсон. Гэхдээ энэ улиралд “Дукати” – “Ямаха” биш, харин “Хонда” – “Ямаха” гэсэн Японы багуудын хооронд өрсөлдөөн гарах магадлал өндөр байна.

“Энэ жил “Хонда” багийн мотоциклчид өөрсдийн амжилтаа хэрхэн хадгалах нь их сонирхол татаж байна. Тэд үнэхээр сайн өрсөлдөх чадвартай мотоциклчид. Маш чадварлаг. Тэдэнд сайн мотоцикл байна. Тэгэхээр дэлхийн аваргын турш хэн нь илүү хурдтай байх нь сонирхол татаж байна” гэж Лоренцо өрсөлдөгч “Хонда” багийн талаар өгүүлжээ.

Нээлтийн гараанд амжилттай оролцсон Лоренцо, Педроса нар хоёул Испани иргэн. Тийм учраас дараагийн уралдаан болох Херез тойрог тэдний хувьд маш өндөр ач холбогдолтой юм. Өнгөрсөн жил энэ уралдаанд Лоренцо түрүүлж байсан гэхдээ энэ жил тийм ч амар биш байх нь гарцаагүй.

“Педроса юу? Эсвэл Лоренцо? Бид ижилхэн өрсөлдөх чадвар сайтай мотоциклчид.  Мөн өөр өөр мотоциклоор уралдана. Бид хоёул Испани хүмүүс. Тэгэхээр Херезэд юу болохыг харж л байя” хэмээн Лоренцо өгүүлжээ.
Мөн удахгүй одоо байгаагаасаа илүү хурдтай болж чадна гэдэгт тэрбээр итгэж байгаа аж. Мэдээж “Ямаха” үүн дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм.

Улирлын хоёр дахь гран-при дөрөвдүгээр сарын 3-нд Испанийн Херез тойрог зам дээр явагдах болно.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж