Японд хоргодох байранд хэд хоносон тухайгаа

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Японд хоргодох байранд хэд хоносон тухайгаа

Аль 2007 онд бичсэн бичлэгээ нэмж засварлаад орууллаа. Зурагтаар хоргодох байранд байгаа хүмүүс гараад байхаар хоргодох байранд байсан минь санагдах юм. Тэр үеийнхийг энэ удаагийн газар хөдлөлт, цунамитай яахан зүйрлэх билээ.

2007 оны 6 сарын 6-аас 9-ны хооронд нийтдээ 2 балл-аас дээш 63 удаа, үүний дотор 6 балл-аас дээш 4 удаа хөдөллөө гэж дараа нь зурагтаар мэдээлж байсийн. Газар хөдлөнгүүт зурагтаа асаагаад, цунаминий аюул байна уу, голомт нь хаана байна гэдгийг эхлээд шалгадаг юм. Цунамигийн аюул байхгүй гэжийн, манай хот яг далайн эрэг дээр. Гэтэл газар хөдлөлтийн төв нь манай хот байв.

6- ний орой би гэртээ хүүхдүүдтэйгээ байлаа. Манай нөхөр зочид буудлын гал тогоонд өглөө эрт 3 цаг ажиллаад орой дахин 3-4 цаг ажилладаг байсан юм. Тээд нөхөр ажилтай эзгүй байлаа. Ямар ор гэж байх биш, татами дээр хэвтэж байтал газар хөдөллөө. Өмнө нь газар хөдлөхөд ингэж муу совин татдаггүй байсан ч энэ удаа нээх муухай санагдлаа. Маш хүчтэй хөдлөөд зурагт тавиураасаа унах нь ээ. Эхлээд гэртээ байгаад байсан чинь бүр хүч нь нэмэгдээд, гэр доторх юмс шалан дээр унаад байхаар нь Савалгаа түр зогсох үед би ч нялх хүүхдээ тэврээд, явдагуудаа чирээд 7 давхар байшингаас уруудлаа, уруудаж явахад газар хөдлөж л байлаа.  Газар хөдлөж байхад цахилгаан шатаар явдаггүй юм. Хэрэв ганцаараа бууж яваа бол шатнуудыг хэд хэдээр нь алгасаад, үсрээд гараад явчина л даа. Гэтэл манай бага 5 сартай, том хүү 6 настай байсан, хурдан буух аргагүй, шат дуусдаггүй, бид ямар ч өндөрт амьдардаг юм бэ л гэж бодогодож байлаа. Ёстой л сүүлтэй бол сүүлээ хавчаад л зугтаж байлаа шд.

Гадаа гараад иртэл хэн ч байхгүй байснаа, намайг дагаад монгол оюутнууд гадагш гарч, бөөнөөрөө хажуугийн сүмийн хашаан дотор суулаа. Манай сургуульд гэр бүлээрээ хамт сурдаг найз маань цонхоороо хараад л "гадаа гарч яах гээд байгаан, аймхай Амээрикийн шонхор" гэж орилж дуусаагүй байхад нь дахин маш хүчтэй хөдлөөд, нөгөөх маань эхнэр хүүхдээ чирчихсэн санд мэнд гарч ирж, бидэнтэй нийлэвээ. Гадаа байхад бас л айхавтар хөдөлсөн шүү. Биднийг Япончууд хараад цагдаа руу утсаар хэлсэн бололтой, машинтай цагдаа ирээд яагаад гадаа суугаад байгаан гэж байна, бид ч байшин нурахаас айгаад л гээд үнэнгээ хэллээ. Цагдаа нар "та нар гэртээ байх, гадаа байхаа өөрсдөө шийд дээ, бид газар хөдлөлтийн голомтонд нь байгаа" гээд яваад өглөө. Манай байр дээр үеийн байраа, маниус чинь хямдыг нь л харж хөлслөнө шүү дээ, Японд 1981 оноос хойш баригдсан барилга газар хөдлөлтөнд тэсвэртэй гэдгийм байна лээ. Тэр хэдэн өдрийн дараа манай гэрийн пилтаанууд нь зөндөө л цуурчихсан байсан.

Тэгээд гадаа баахан сууж байгаад бүгдээрээ гэртээ орж унтлаа. Би ч тэр шөнөдөө газар байнгын хөдлөөд байхаар чинь айгаад дуг хийж ч чадаагүй, хэзээ энэ байшин нурах бол гэж бодоод. Маргааш нь бас өдөржингөө хөдлөөд, гэртээ орж ирэхээр бүр ч хүчтэй хөдлөөд байгаа юм шиг санагдаад, гадаа коен-д өнжөөд, орой нь ашгүй хоргодох байр 8-г нээсэн гэхээр нь тэнд очиж бүтэн нойртой хонолоо. Японд янз бүрийн байгалийн гамшиг их тохиолддог болохоор эд нар их бэлтгэлтэй байх юм. Сургуулийн заалаа хоргодох байр болгож ашиглана. Хоргодох байранд нь шүршүүр, нэг удаагийн хэрэглэх сойз саван гэх мэт ариун цэврийн хэрэглэл овоолоостой. Нээх зөөлөн дулаахан хөнжил, ус, лаазалсан хүнсний бүтээгдэхүүнээр хангаад зогсохгүй, хүүхдэд тань өөр юу хэрэгтэй байна гээд их санаа тавих юм. Бид нар гэрийнхээ хамгийн үнэтэй хөрөнгө болох лап топ, дүрс бичлэгийн аппаратаа аваад оччихсон. Аа нөгөө газар хөдлөвөл гээд байнга бэлэн байлгадаг паспорт энэ тэртээ цүнхээ бариад, гудас хөнжилөө аваад тэнд нь зүгээр нүүгээд л оччихсон байлаашд.

Газар хөдлөх нь бүр нэмэгдээд байгаа болтой, маргаашнаас нь хоргодох байрны тоог 26 болгож нэмэгдүүллээ. Хүмүүс энд нь ирж хоночихоод, өглөө нь бүгд ажилдаа явж байгаад, орой нь буцаж ирээд унтаад байнаа. Би ч дүүрсэн хичээлдээ явахаа болилоо, хүүхдүүдийг ч сургуульд нь явуулахгүй, тэндээ л өдөржин байж байдаг, хэдэн эмээ өвөө нартай хамт. Нөхөр ажлаа хийгээд, ажлынхаа завсараар гэртээ орж хоол хийж бид нарт зөөгөөд л. Би бол гэр лүүгээ зүглэхгүй байгаам чинь, байшин нурчихвал яах юм гээд, нөхрөө болохоор гэртээ оруулаад хоол хийлгээд байдаг тээ.
 
Би 7 сард төгсөх байсан юм болохоор дипломын ажлаа бичээд сууж байна шүү дээ. Хүн харахад нээх мундаг амьтан, компьютэр нүдээд, бас хүүхдүүдээ маллаад, хоргодох байранд байгаад байдаг. Би их сонирхолтой байсан юм байлгүй, 2 ч сонингоос сурвалжлагч ирж надаас сурвалжлага авч, сонинд гарч байлаа шд, харамсалтай нь тэр 2 хоёр сонингоо хадгалж чадаагүй ээ.
 
Бид 10 сард буцах байлаа, тэгэнгүүт би гэр бүлээ наадмаар буцаалаа "бөөндөө үхээд яахав, та нар минь харьж бай, би ганцаараа шүгэлтэйгээ яаж ийгээд л амьд гарна" гээд л нөгөөдүүлээ эрт буцааж байлаа. Бага хүүгээ 6 сартайд нь шууд хөхнөөс нь гаргаад, онгоцны буудал дээр хамгийн сүүлийн удаа хөхүүлээд л Бая бая гээд л явуулчиж байлаа. Бид урд аралд дээр амьдардаг байсан болохоор Фукуока-Сөүл-УБ гэж Монгол руу явдаг байсын. Тээд манай нөхөр хэдэн хүүхдээ чирээд, хөхүүл хүүхэд эхээс нь салгаад, хэдэн онгоц дамжаад л харьсан даа. Газар хөдлөх ч хэцүү шүү. Бидний тэр хөдлөлт бол юу ч биш л байна, өөр бусад хөдлөлтэй харьцуулахад.
 
Залхуурахгүй бол би гэр бүлээ явуулчаад харьтлаа 3 сар юу хийсэн тухайгаа бичнээ.
 
Жич: Өмнө нь бичсэн бичлэгийн энд тэнд нь өгүүлбэр нэмсэн чинь хачин л юм болж, зарим нь яг тэр үед бичсэн өгүүлбэр, зарим нь одоо бичсэн өгүүлбэр гэдэг нь танигдаад байнаа. Бүр шинээр бичдэг байж, хэхэ.

http://giliin-khatan.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж