Ромын талбарт Асафа, Усаин нар өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Ромын талбарт Асафа, Усаин нар өрсөлдөнө

Спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикийн төрлүүдээс хамгийн ихээр олны анхаарлыг татдаг нь эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаан байдаг. Дэлхийн хамгийн хурдан хүмүүс өрсөлддөг энэ төрөлд өдгөө Ямайкийн Усаин Болт, АНУ-ын Тайсон Гей болон Ямайкийн Асафа Павелл нарын шилдгүүд ноёрхож байгаа билээ. Тэр бүр хоорондоо таараад байдаггүй эдгээр гурван тамирчны өрсөлдөөн үргэлжид олны анхаарлыг татдаг бол тавдугаар сарын 26-нд Италийн Ром хотноо болох Даймонд лигийн цувралд Асафа, Усаин болт 100 метрт түрүү булаалдахаар болсон байна. Олимпийн наадмын гурван алтан медальт Усаин Болт өнгөрсөн жилийн дийлэнх хугацааг гэмтэлтэй өнгөрүүлсэн бөгөөд энэ жилийн гараагаа Италиас эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байсан бол Асафа Павелл мөн Ромын Даймонд лигт хурд сорино гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Павелл 2007 онд Италид дэлхийн дээд амжилтыг 9,74 секунд болгон шинэчилж байсан бол Болт хожим нь дэлхийн рекордыг гурван ч удаа шинэчлэн тогтоосон билээ. Харин хамгийн сүүлд тэрбээр 2009 оны Берлиний дэлхийн аваргын үеэр 9,58 секунд хурдалсан нь өдгөө дэлхийн дээд амжилт хэвээр хадгалагдсаар байна.

Болтын хувьд 2011 оны гол зорилго нь Өмнөд Солонгосын Дэгү хотноо болох дэлхийн аваргад 100 м болон 200 метрт дэлхийн аварга цолоо хамгаалах. ДАШТ наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 4-ний хооронд болох ба “Цахилгаан” Болт Даймонд лигийн цувралуудад оролцож, дэлхийн аваргын өмнө өөрийгөө сорих бодолтой байгаа ажээ. Тэрбээр Ромын цувралын дараа зургадугаар сарын 9-нд Ослод болох Бислеттийн наадамд мөн оролцох гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж