Европыг банкуудыг хатуу шалгуур хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Европыг банкуудыг хатуу шалгуур хүлээж байна

Европын холбоо банкууддаа шал­галт хийхээр зэхэж байна. Ин­гэх­дээ өнгөрсөн жилийнхээс хатуу, нарийн шалгуур бүхий стресс тест боловсруулаад эхэлжээ. Бүс нут­гийн санхүүгийн тогтолцоо эрүүл байх эсэхээс эдийн засгийн хям­рал нүүрлэх үгүй нь хамааралтай бол­чихоод байгаа. Тиймээс үүнийг анхааралдаа авч, банкуудад өнгөрсөн жилийн стресс тесттэй харьцуулахад өндөр шалгуур тавих аж.

Европын банкны мэргэжилтнүүд Европын холбооны эдийн засаг энэ онд 0.4 хувиар буурна гэсэн таамаглал дэвшүүлсэн. Харин ирэх онд ямар ч өсөлт гарахгүй гэж үзэж байгаа юм. Уг нь шинжээчид энэ тал дээр харьцангуй эерэг дүгнэлттэй байсан билээ. Гэхдээ өнгөрсөн онд Европын банкуудад явуулсан стресс тестийн дараа Ирландын банкууд хямралд орсон нь эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалыг ийнхүү өөрчлөхөд хүргэжээ.

Одоогийн байдлаар яг хэдэн банк стресс тестэд орох нь тодорхойгүй байгаа. Европын холбооны санхүүгийн зохицуулагчдын мэдээлж байгаагаар өнгөрсөн жил шалгалтад орсон 91 банкнаас гадна санхүүгийн бусад байгууллага ч хамрагдах аж. Ямартай ч эхний ээлжинд стресс тестэд орох 88 банкны нэрийг зарлажээ. Ажиглагчдын зүгээс энэ асуудалд янз бүрийн байр суурьтай байгаа юм. Тухайлбал, Грек, Ирланд зэрэг хямралтай орнуудын банкуудаас авах стресс тестийн шалгуурыг бага зэрэг хөнгөлөх тухай ч ярьж эхэлжээ. Нэлээд ноцтой хямралд орсон Ирландын банкуудыг дампуурлаас сэргийлэхийн тулд Олон улсын валютын сан, Европын холбоо санхүүгийн тусламж үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлээд байгаа. Тэгэхээр юун хатуу шалгалт бүү хэл одоо байгаа үзүүлэлтээрээ стресс тестийн шаардлагыг хангахгүй тэдгээр банкны тухайд эргэлзээтэй болж байгаа юм. Гэхдээ энэ асуудалд Европын Банкны зохицуулагчид төдийлөн нааштай хариу өгөхгүй байна. Засгийн газрын бондын хүү нь өсч, өр нь нэмэгдсэн орнуудын хувьд иймэрхүү. Түүнээс гадна цунами, газар хөдлөлтийн улмаас хүнд байдалд ороод байгаа Японы Засгийн газрын бондын тодорхой хувийг эзэмшдэг банкуудыг ч мөн онцолж үзэхгүй байхын аргагүй. Сүүлийн үед иений ам.доллартай харьцах ханш огцом чангарсан. Үүнээс болж иенээр нэрлэсэн бондын хүү өсч, энэ нь Европын банкуудын үйл ажиллагаанд нөлөөлж эхэлжээ. Гэхдээ мэдээж хэрэг, энэ бүхэн богино хугацаанд үргэлжлэх нь ойлгомжтой. Тиймээс санхүүгийн зах зээл түр зуур тогтворгүй болчихоод байгаа энэ үед Европын банкуудад хэтэрхий хатуу шалгуур бүхий стресс тест хийх нь оновчгүй байж болох юм. Нөгөө талаас иймэрхүү богино хугацааны эрсдэл даах чадваргүй бол 2008 оны санхүүгийн хямрал болон Грек, Ирландын банкны тогтолцооны уналт шиг гэнэтийн аюул дагуулж мэднэ хэмээн зарим шинжээч дүгнэжээ. Герман, Францын банкны тогтолцоо хүчирхэг, эрүүл байгаа. Тиймээс эдгээр орны банкууд стресс тестийг хялбархан давах магадлалтай байна.

Европын холбооноос өнгөрсөн зун мөн л банкууддаа стресс тест хийж байв. Тухайн үед Европын банкны шалгах хорооноос 91 банкны эрсдэл даах чадварыг шалгаж, туршилт хийсэн. Энэ үеэр ирээдүйд гэнэтийн хямрал үүсвэл банкуудын өөрийн хөрөнгө учирсан эрсдэлийг дааж чадахуйц хангалттай их байгаа эсэхийг шалгаж байв. Энэхүү стресс тестийг Испани, Герман зэрэг орны долоон жижиг банкаас бусад нь бүгд давсан билээ. Тухайн үед санхүүгийн зохицуулагчдын зүгээс “хангалттай сайн” гэсэн үнэлгээ авсан Ирландын хоёр ч банк төд удалгүй чанаргүй зээ­лийн хэмжээгээрээ толгой цо­хиж, дампуурлын ирмэгт оч­сон юм. Евро бүсийн санхүүгийн зохи­цуулагчид энэ бүхнийг зөвхөн Ирландтай холбон тайлбарлаж байсан юм. Гэвч Европын төв банкны бодлого нэлээд уршиг дагуулж магадгүй талаар болгоомжлол үүсээд байгаа. Европын төв банкнаас Грек, Ирланд, Португал, Испани зэрэг өрийн дарамтад өртөж, санхүүгийн тогтолцоо нь эмзэг болсон орнуудын Засгийн газар болон хувийн хэвшлийнхэнд бага хүүтэй зээл их хэмжээгээр олгох болсон. Зөвхөн 2010 оны нэгдүгээр улиралд гэхэд 109 тэрбум ам.долларын зээл олгосон нь өмнөх улирлынхаас нэлээд их дүн юм. Европын банкууд ч дээрх дөрвөн орон руу гаргах хөрөнгийн хэмжээгээ ихэсгэжээ. Мэдээж бага хүүтэй зээл хэл­бэрээр. Тухайлбал, Европын төв банк Евро бүсийн орнуудад нэг ху­вийн хүүтэй зээл олгож байгаа. Гэтэл энэ нь тогтворгүй байсан банкны тогтолцоог харьцангуй найдвартай болгож байгаа ч гадны хөрөнгө оруулагчид орж ирэх боломжийг хязгаарласан байна. Европын төв банкны бодлого Грек, Испанид шинэ бонд гарган худалдах боломжийг нэ­мэгдүүлсэн сайн талтай. Гэвч үүнийг Европын санхүүгийн тогтолцоог эрс­­дэлд оруулж байна хэмээн ажиг­лагчид тайлбарлажээ. Тиймээс энэ удаад өнгөрсөн оных шиг биш, харин илүү хатуу шалгуур бүхий стресс тест хийхээр болсон байна.

Сүүлийн үед Европын бүсэд үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдөл газар авч, ажилгүйдлийн түвшин ихсэх болсон. Энэ нь банкуудын зээлийн эргэн төлөлтөд саад учруулж, чанаргүй зээлийн хэмжээг нэмж байна. Өөрөөр хэлбэл, Евро бүсийн банкны тогтолцоо улам эмзэг болсон гэсэн үг. Энэ байдал даамжирвал тун аюултай гэж шинжээчид үзэж байна. Тиймээс банкны стресс тестийг нэн даруй явуулах зайлшгүй шаардлагатай болжээ.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж