Гадаад өрийн хэмжээ 30 хувиар зөрөв

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Гадаад өрийн хэмжээ 30 хувиар зөрөв

УИХ-ын
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн
хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн
төслийг хэлэлцлээ. Төсвийн тогтвортой байдлын хууль 2013 оноос үйлчилж
эхэлнэ. Уг хуулийн хүрээнд батлагдах анхны төсөв гэдгээрээ ирэх оны
төсөв онцлог юм.

Сангийн сайд Д.Хаянхярваа энэ үеэр Монгол Улсын
гадаад өрийн талаар танилцуулсан юм. Засгийн газрын гадаад өр 2,6 их
наяд төгрөг, Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 9,6 их наяд төгрөг
болоод байгааг сайд хэллээ. Гэхдээ дээрх тоо Монголбанкнаас гаргасан
тооноос зөрдөг аж.

Улсын нийт өрд хувийн хэвшлийн
байгууллагуудын өр багтаж буй ажээ. Засгийн газрын 2,6 их наяд төгрөгийн
гадаад өр нь Дэлхийн банк, Олон улсын Валютын сангаас шаарддаг ДНБ-д
эзлэх гадаад өрийн хувь хэмжээнээс хэтрээгүй хэмээн Сангийн сайд хэлж
байв.

Ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдэлд нийгмийн халамжид
зориулж 309 тэрбум төгрөг тусгасныг зарим гишүүн ямар учиртай мөнгө вэ
хэмээн эргэлзэж байсан юм. Тэгвэл энэ нь 2012 оны долдугаар сарын 1-нээс
үйлчлэх Халамжийн хуульд тусгасан нийгмийн халамж шаардах тодорхой
бүлгийн иргэдэд үзүүлэх үйлчилгээний хөрөнгийг таван жилээр зааж
оруулсан хэмжээ болохыг Сангийн сайд тайлбарлав.

Энэ үеэр гишүүн
Н.Батбаяр “Засгийн газар, Мнголбанкнаас гаргасан гадаад өрийн хэмжээ 30
хувиар зөрж байна. Ийм мэдээлэл дээр ажиллаж болохгүй. Хувийн хэвшлийн
өрийн хэмжээ 7,7 тэрбумаар зөрж байна. Үүний задаргаа хэрэгтэй. Энэ өр,
зээлийг ямар ямар компани авсан бэ гэдэг задаргаа хэрэгтэй. Энэ зөрүүний
цаана юуг нуугаад байна гэсэн сэжиг төрүүлж байна. Үүнийг УИХ ярихгүй
бол хаана ярих вэ. Одоо байтлаа төсвийн хөрөнгө, гадаад өрөө бүрэн
гаргахаа больжээ. Төрийн өмч давамгайлсан компани төсөвт орохгүй гэлээ.
Жишээ нь, Оюутолгой орохгүй нь. Хамгийн том өр Оюутолгойд байгаа шүү.
Байгаа өрийг байхгүй гэх нь хэнд хэрэгтэй юм бэ. Монголд марзан, марзан
жишээ байна. Үүнийг хуулиар засъя” гэв.

Гишүүн Д.Ганхуяг ч
асуудалд шүүмжлэлтэй хандлаа. Улсын нийт өр 5,7 их наяд төгрөг байсан.
Одоо 6,4 их наяд болжээ. Яагаад 700 сая төгрөг нэмэгдэв. Ямар ч
авцалдаагүй төсвийн хууль хийж таарахгүй гэж байв.

Сангийн сайд
Д.Хаянхярваа “Уул уурхайгаас шалтгаалж, ДНБ өсч байна” гээд Засгийн
газрын гадаад өр зээл ДНБ-ний 28,3 хувьтай тэнцэж байгаа нь өндөр
үзүүлэлт биш. Зохих төвшиндөө байна. Сэрэмжлүүлэх дээд төвшин 40 хувьтай
байдаг гэдгийг тайлбарлав. Бас Оюутолгой дээр гаднын, Монголын гэх
зэрэг хэд хэдэн аудитын компани аудит хийж байгаа гэдгийг хэллээ.
Оюутолгой өөрөө аудитын компаниа сонгожээ. Төрийг төлөөлүүлж “Итгэл”
аудитын компанийг тендэрээр шалгаруулан оруулжээ. Гишүүн О.Чулуунбат
Оюутолгойд бие даасан, нэр хүндтэй аудит хийвэл гадаад зах зээлд
үнэлэгдэх талдаа сайн гэдгийг тайлбарлав.

Гишүүн Ц.Батбаяр
төмөр, нүүрс зэрэгт экспортын татвар тавих хэрэгтэй. Тавхан хувийн
татвар тавихад Улаанбаатарын замыг засах мөнгө орж ирэхээр байна.
Сангийн сайдын тайлбарласнаар төмөр, нүүрсний экспортын талаар Засгийн
газар дээр хуулийн төсөл явж байгаа гэсэн юм. Мөн яваандаа
тогтворжуулалтын санг баялгийн сан болгох чиглэлд явах ажээ. Одоо уг
санд 270 гаруй тэрбум төгрөг байгаа аж.

Гишүүн Я.Батсуурь төсөв
сүүлийн жилүүдэд орлого тааруу ядуу хүний сэтгэлгээгээр явж ирснийг
шүүмжиллээ. Мөнгө орж ирдэг. Зараад дуусгадаг. Харин одоо ухаантай
бизнесмэн хүний байдлаар явах хэрэгтэй гэсэн юм.

Энэ үеэр давхар
татварын асуудал хөндөгдлөө. Одоо Монгол Улс 34 оронтой давхар татварын
гэрээтэй. Мөн 30-аад оронтой байгуулсан гэрээ нь дуусчээ. Давхар
татварын гэрээг ерөнхийд нь цуцлах талаар Засгийн газар ярьсан байна.

Гишүүн
Н.Батбаяр Сангийн яамыг өөрчлөх хэрэгтэй. Монголд орж ирсэн хөрөнгийг
монгол хүнд нялзаадаг болмоор байна. Гадаад өрийн дэлгэрэнгүй материалыг
дахин дэлгэрэнгүй авч үзье гэсэн санал гаргав. Гишүүн С.Баярцогт
Сангийн яам харин ч маш сайн ажиллаж байгааг дурдаад Оюутолгойн
гэрээгээр Монгол Улс ганц ч өр төлөхгүй, Засгийн газар үүрэг хүлээгээгүй
гэдгийг тайлбарлав. Монгол Улс 2008 оноос хойш нэг ч оронтой шинээр
давхар татварын гэрээ хийгээгүй юм байна. Голланд, Люксембургтэй
байгуулсан ийм гэрээгээ Монгол Улс өөрийн талаас татан буулгажээ. Ер нь
үйлчилж чадаагүй зээлийг өр гэдэг тул гадаад өр гэдэг нэр томъёонд ч
анхаарах ёстой гэж зарим гишүүн хэлж байлаа.

Монгол Улсын 2013
оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай
хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаас өмнө гадаад өрийн
задаргаатай танилцах ёстой гэдэг дээр гишүүдийн санал нэгдсэнээр уг
асуудлын хэлэлцүүлэг дуусав.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж