“Учиртай гурван толгой” дуулалт жүжиг

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

“Учиртай гурван толгой” дуулалт жүжиг

Алс хол мянган километрийн цаанаас 70 гаруй уран бүтээлчидтэйгээ “Гэгээн муза 2010” наадамд өрсөлдөхөөр ирсэн Завханы хөгжимт драмын театрынхан өнгөрсөн мягмар гаригт Драмын эрдмийн театрын тайзнаа “Учиртай гурван толгой” дуулалт жүжгээ толилуулсан юм.

Завхан аймгийн Хөгжимт драмын театрын симфони оркестор эгшиглэн дуулалт жүжиг эхэлнэ. Танил сайхан эгшиглэнт аялгуу чихнээ дуурсан тайзны хөшиг аяархан нээгдэхэд үрээ тэвэрсэн Монгол эмэгтэй бүүвэйн дуу аялна. Үндэсний дуурь болоод ч тэр үү хувцас, тайз засал нь сэтгэлд ойрхон нэг л дотно байлаа. Эл драмын дуулалт жүжигт Юндэн Нансалмаагийн хайр сэтгэлийн үнэнч холбоо, хүлээлт дунд тасраагүй итгэлцэл, хорон муу санаандаа ээрэгдэн хоосон хоцорч буй Хоролмаа, хүний хайр сэтгэлийг л хэзээ ч өөрийн хүссэнээр удирдаж болохгүйг ухааран байгаа Балганы дүрээр дуу хөгжмийн гайхамшгийн мэдрүүллээ. Танхим дүүрэн цугласан үзэгчдийн халуун дулаан уур амьсгал, алга ташилтын тасралтгүй чимээн дунд  өрнөсөн гайхамшигт хайрын гунигт түүх миний өмнө нь үзэж байсан “Учиртай гурван толгой” жүжгээс өөрөөр төгссөн юм. Хэдийгээр  Балган өөрийн дурласан Нансалмаагийн төлөө хэт улайран Юндэнг хөнөөдөг ч хэргээ хүлээхээр явдаг. Харин  Хоролмаа надаас хайртай хүнийг минь салгасан хэмээн Нансалмааг хороохоор ирдэг ч Юндэнг алдсанаа ухааран гашуудан одно. Хайртай хүнээ алдсан Нансалмаа эцсийн мөчид ч түүндээ үнэнч үлдэхээр өөрийнхөө амийг егүүтгэнэ. Харин жүжиг үүгээр өндөрлөдөггүй.  Орчин цагт хуримаа хийж буй цагаанхан даашинз, хар хослолтой залуу хос тулганд гал голомтоо бадраан найр цэнгүүн хийн залуус бүжиглэнэ. Харин тэдний ард тайзны голд Юндэн Нансалмаагийн хөрөг  сүндэрлэнэ. Тэрхүү хөргийн өмнө залуу хосууд хайрын тангаргаа өргөн хуримаа хийж байгаа нь сайхан байлаа. Тийм ээ “Гунигт хайрын аз жаргалтай үргэлжлэл” энэ л үдэш драмын тайзнаа амиллаа.

Та бүхэнд уран бүтээлийн амжилт хүсэн “Гэгээн муза”-гын эзэн болоорой хэмээн ерөөе.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж