Сонгуулиар далимдуулж хариуцлагаас мултарч байна

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Сонгуулиар далимдуулж хариуцлагаас мултарч байна

Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хуралдаанаар УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаан болон байнгын хороодоор хэлэлцэх ёстой хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн байна. Мөн түүнчлэн цаг үеийн асуудал, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцжээ.

Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг энэ талаар “Өнгөрсөн долоо хоногт Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан ой хээрийн түймрийн улмаас Онцгой байдлын гурван албан хаагч амь насаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлж байна. Ер нь бол ийм хэрэг гарч бүрд бидэнд гашуун сургамж болдог.  Өмнө нь 2007 онд Сэлэнгэ аймагт Ми-8 онгоцоор гал унтраахаар явсан албан хаагчид амь насаа алдсан тохиолдол гарсан. Үүний араас УИХ ажлын хэсэг гарч, Онцгой байдлынхны хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэхээр ажиллаж байсан. Энэ бүхнээс харахад Онцгой байдлын удирдлага, ажилтнууд, гамшгаас хамгаалах байгууллага маань болсон үйл явдлаас сургамж авах байдлаар л яваад байна. Гарч болох эрсдэлийн эсрэг түрүүлж арга хэмжээ авах, хамгаалах цогц арга хэмжээ авч чадахгүй байна гэдгийг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн. Бид аюулын эсрэг нүцгэн гартай, сэтгэлтэй хүмүүсийг явуулж, албан хаагчдаа амь насаа алдахад хүргэж байна гэдгийг бодох цаг болсон ” гэлээ.

Түүнчлэн энэ эмгэнэлт байдлыг яам, агентлагийн дарга нарт хариуцлага тооцсоноор асуудал шийдэгдэхгүй, харин үүний оронд гадаадын өндөр хөгжилтэй оронд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжөөр хангаж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг нь хангах цогц арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг ойлгох цаг болсон гэв.

Сүүлийн үед Ардчилсан намын зүгээс Ерөнхий сайдад олон шаардлага хүргүүлж байгаа. Хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах саналыг хүргүүлсэн ч МАН-ын бүлэг олонхиороо аваад үлдсэн. Батлан хамгаалахын сайд, Иргэний бүртгэл мэдээллийн ажилтай холбоотой асуудлаар арга хэмжээ авахуулахаар Ерөнхий сайдад удаа дараа хүсэлт гаргаж байсан ч ямар нэг арга хэмжээ аваагүй байгаад бүлгийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа. Тийм учраас “хариуцлага тооц” гэхээсээ ч халширмаар зүйл олон гарч байна гэдгийг Ардчилсан намын бүлгийн дарга онцолсон. Гэлээ ч улстөрийн намын сонгуулийн бэлтгэл ажил болгож хариуцлага тооцох асуудлыг хойш тавихгүй. Сонгууль болох гэж байна гэсэн шалтагаар хариуцлагаас зугтах аргагүй гэдгийг ч сануулсан. Дээр дурьдсан асуудлыг Засгийн газар анхааралдаа авах ёстой гэж бүлгийн хуралдаанаар үзсэн байна.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нефть импортлогчдод тавьсан торгуулийн мөнгийг цуцалсан буюу улсын орлого болох ёстой мөнгийг цуцалсныг хөнджээ. Оны эхэнд ШӨХТГ-аас “Нефть импортлогчид үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн нь хууль бус” гэж үзээд 17,2 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж,  ШӨХТГ-ын байцаагчийн дүгнэлт гарсан. Гэтэл ШӨХТГ-ын  шинэ удирдлага томилогдсоныхоо дараа нефть импортлогчид буруугүй гэсэн дүгнэлт гаргасан тул Ардчилсан намын бүлгийн энэ өдрийнхөө хуралдаанд ШӨХТГ-ын дарга н.Лхагвыг оролцуулж тайлбар авсан байна. Бүлгийн гишүүд “Хэрэглэгчийн төлөө газар хэрэглэгчийн эсрэг дүгнэлт гаргаж, хэдхэн компанийн эрх ашигт нийцүүлэн дүгнэлт гарган ажилласан байна” гэж дүгнэсэн тул цаашид энэ асуудалд Ардчилсан намын зүгээс хяналт тавьж, шаардлагатай албан тушаалтнууд хариуцлага тооцох ёстой  гэдгийг бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдэгдлээ.

Үүний дараа МАХН-ын дарга Н.Энхбаярын талаархи асуудлыг ярилцсан байна. Намын  зүгээс энэ асуудалд ямар нэг шийдвэр гаргах боломжгүй. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа ийм үед хөндлөгөөс байр суурь илэрхийлэх боломжгүй гэсэн. Хууль ямар ч хүнд адил тэгш үйлчлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэдгийг сануулсан. Мөн УИХ-ын сонгууль болохтой холбогдуулан хариуцлага тооцох зүйлийг Засгийн газрын зүгээс хүлээж авахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэв. Ардчилсан намын бүлгийн дарга “Энэ удаагийн сонгуульд нэр дэвших нэрс гараагүй байна. Гэхдээ энэ удаагийн парламентед сууж байгаа 27 гишүүнээс 26 нэр дэвшинэ. УИХ батлах ёстой олон асуудал байгаа учраас энэ удаагийн сонгуулиас өмнө хийх ёстой ажлуудаа чуулганаар хэлэлцэж дуусгахаар ажиллаж байна” гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж