Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

“Камертон” хамтлагийн дуучин Д.Болд Монголын хөгжмийн урсгалд Монгол поп хэмээх шинэ урсгалыг гаргана гэж тунхагласан. Тэрбээр энэхүү урсгалынхаа төлөөлөл болгон “Монгол поп” хэмээх бие даасан цомгоо гаргасан. Өнгөрсөн хоёрдугаар сард худалдаанд гарсан “Монгол поп” цомог зургаа дахь долоо хоногтоо “Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүрийн шилдэг 10 цомгийн жагсаалтыг тэргүүлж байна. Үүнээс харахад монголчуудад “Монгол поп” урсгал таалагдаж байгаа бололтой. “Монгол поп” цомгийнхоо талаар дуучин Д.Болд ийнхүү танилцуулж байна.

1. Хээрийн салхитай аялгуу

Д.Болд: Миний өвөө морин хуурч Б.Жамъяан Монголын язгуур урлагт маш том хувь нэмэр оруулсан хүн. Язгуур урлагаа сурталчилж, олон орны фестивалиудад оролцож, Монголын нүүр царайг илэрхийлж байсан буянтай буурал. Би өвөөдөө зориулж морин хуурын тухай дуу хийе гэсэн санаа гаргаад Монголчуудын билэгдэл, шүтээн болсон энэ хөгжмийн тухай дуулсан. Монгол поп урсгалаа энэ дуугаар эхлэх нь зүйтэй гэж үзээд Л.Балхжав ахтай нийлж хийсэн. Хөгжмийг Балхаа ах бичиж, шүлгийг Ш.Гүрбазар бичсэн. Энэ дууныхаа клипийг удахгүй үзэгчдэд хүргэнэ.

2. Миний хоёр эрдэнэ

Рок попт аавын тухай, ээжийн тухай олон сайхан дуу байдаг ч хамтад нь дуулсан дуу байдаггүй юм билээ. Би Монгол поп урсгалдаа ээж, аав хоёрыг хамтад нь дуулсан дуу хийе гэж бодсон. Ээж, аав хоёртоо зориулаад Д.Ган-Очирт шүлгийнх нь санааг хэлж хийсэн дуу. Энэ дуу бол ээж ааваа хамтад нь дуулсан бараг анхны дуу болсон байх гэж бодож байна.

3. Манан

Манан хүйтэн, цаанаа нэг чимээтэй, эвгүй хий үзэгдлийн орчин ч юм шиг санагддаг. Иймд байгалийн энэ үзэгдлийн талаар дүрслэхийг хүссэн. Гэхдээ залуусын дуртай электро чиглэлийг оруулсан хэмнэлтэй дуу болсон. Шүлэг нь ч гэсэн хийсвэр сэтгэлгээтэй. Юм болгоныг ургуулан бодсон. Мэдээж Монголын өвөрмөц байгалийн бас нэгэн үзэгдэл учир Монгол поп-т байх ёстой болов уу.

4. Гоо амраг

Монголын ардын дуунд хайр сэтгэл, бие бие рүүгээ тэмүүлсэн сэтгэлийг далд битүү утгаар ихэвчлэн илэрхийлсэн арга барил их байдаг. Тиймээс би “Гоо амраг” дуундаа анхны болзоондоо яарч яваа, танилцах гэж байгаа хүмүүсийн сэтгэлийг харуулсан. Мөн ардын дууны шүлгийн хэв маягаар, битүү утгаар бичсэн. Уртын дууны өвөрмөц шинжийг шингээсэн, шинэлэг дуу болсон. Энэ бол “Монгол поп” урсгалын хамгийн гоё, нэрийн хуудас болсон дуу юм. “Шуранхай” хамтлагтай хамтарч дуулсан. Ерөнхийдөө гурван эмэгтэйн болзоог, байгалийн үзэгдлээр илэрхийлж байгаа их битүү утгатай дуу юм. Шүлгийг Д.Ган-Очир маш гоё бичсэн.

5. Талын салхи

Мэдээж Монгол Улсыг тал нутаггүйгээр төсөөлөх арга байхгүй. Гэхдээ “Талын салхи” дууны сэдэв нь хоёр хосын тухай. Хос хоёр тал нутгаараа морьтой давхиж байгаа тухай дуулдаг. Хайр сэтгэл гэдэг бол хязгааргүй, насан туршийн гоё мэдрэмж. Тиймээс ч нүд эцэм уудам тал нутагтай адил гэдэг санаагаар хийсэн. Шүлгийг мөн л Д.Ган-Очир бичиж, би аяыг нь зохиосон. Морьтой давхиж байгаа хоёр хос бие биеэ хараад л… Ер нь их сонин дуу болсон шүү. Миний хамгийн дуртай дуу.

6. Амьдрал дуул гэлээ

Ш.Дулмаа гуайн шүлэг. Залуучууд, найзууд хээр талд галын дэргэд суугаад гитарт даран дуулдаг энгийн чөлөөтэй дуу. Хүн болгоны дотоод сэтгэлийн илэрхийлэл болоосой гэдэг үүднээс хийсэн поп чиглэлийн дуу юм. Бас удахгүй “V” студид клипийг нь хийлгэхээр ярьж байна.

7. Их нүүдэл

Нүүдэлчин иргэншлийн хамгийн гол утга учир, өвөрмөц соёл нь нүүдлээс л үүдэлтэй. Монгол поп цомгийг хийж байгаа учир энэ монгол нүүдэлчин иргэншлийг өгүүлэх дууг оруулахгүй байж болохгүй. Дэлхийд ховор энэ гоё амьдралын хэв маягийг харуулах шүлгийг Ш.Гүрбазар ахаар бичүүлсэн. Удахгүй бас “Их нүүдэл”-ийн клипний зохиол нь бэлэн болно. Ерөнхийдөө энэ “Монгол поп” цомгийн бүх дуу Монголтой, Монголын өвөрмөц зан заншил, ахуй соёлтой холбоотой. Тал нутаг, ээж аав, байгаль, хайр сэтгэл гээд бүхнийг оруулахыг хичээсэн.

8. Ганцхан чамдаа

“Ганцхан чамдаа” бол поп чиглэлийн уянгын, хайр сэтгэлийн дуу. Бүх л амьдралд тохиолддог тэр нэгэн сэтгэлийн илэрхийлэл. Аливаа хосууд бие биедээ туних нь ч бий. Гэхдээ үнэхээр хайр сэтгэлтэй бол хайраа хайрлаж, хамгаалах л ёстой. Хайр сэтгэл бол дахин давтагдашгүй зүйл учир, хайраа хайрлах ёстой гэдгийг л хэлэхийг зорьсон. Амьдралд салалт маш том гарз авчирдаг гэдгийг илэрхийлсэн.

9. Дөрвөн улирал

Монгол дөрвөн улиралтай учраас бидний амьдралын хэв маяг байнга өөрчлөгдөж  байдаг. Зузаан хувцас өмсөхөөс эхлээд л. Монголын дөрвөн улирлыг илэрхийлж хавар хайрттайгаа танилцаж, зун нь зугаалж, намар бие биедээ илүү дурлаж, өвөл хайр улам батжиж байгааг харуулсан дуу юм.

10. Нам гүм дундаас

Энэ дуу бол миний “Монгол поп” урсгалын нээлтийн дуу. Электро чиглэлээр хийсэн. Хамгийн эхний клиптэй дуу нь байсан. Би монгол дуучин. Тийм учраас Монгол поп урсгалыг би болгохыг хүсч байна. Үүнийгээ мэдрүүлэх эхний мессеж болгон хийсэн дуу. Би хичнээн хотод амьдардаг машин унадаг орчин цагийн хүн ч хээр талд морь унаж, хийморио сэргээх дуртай, монгол хэв маягаа хадгалж явдаг гэдгийг харуулахыг хичээсэн.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж