Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Тооллогыг нээнэ

Үндэсний статистикийн хороо таван жилд нэг удаа явуулдаг аж ахуйн нэгжийн улсын тооллогыг эхлүүлэх гэж байна. Тус тооллогын нээлтийн ажиллагаа өнөөдөр тус хорооны хурлын танхимд болох гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн мэдээллийнхнийг урьжээ.

Тооллогоор өмчийн бүх төрөлд хамрагдах аж ахуйн нэгжийг хамруулах бөгөөд тооллогыг 2011 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2011 оны тавдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх аж. Үүний хүрээнд Сангийн сайд С.Баярцогтоор ахлуулсан Улсын хэмжээний аж ахуйн нэгж байгууллагын тооллогыг зохион байгуулах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан баасан гаригт болж тооллогын зорилго, үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, тооллогыг зохион байгуулах улсын комиссын ажиллах журам, гишүүдийн ажлын чиг үүргийг баталсан юм.
Уг тооллого нь аж ахуйн нэгжийн тоо хэмжээ, байршил, бүтцийг үнэн зөв тодорхойлж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тэдний оруулж байгаа хувь нэмрийг бүрэн гүйцэд тооцох, удирдлагын шийдвэр гаргахад шаардлагатай тоон мэдээллийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний статистикийн бүрэн хэмжээний мэдээллийг бий болгож, улмаар статистикийн судалгаа, шинжилгээ хийхэд чухал ач холбогдолтой.

Монгол улс аж ахуйн нэгж байгууллагын тооллогыг анх 1991 онд хийж байсан бөгөөд түүнээс хойш 1994,1998, 2006 онд улс орон даяар явуулж байсан. 2006 оны явуулсан тооллогод Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэвшлийн 34,8 мянган аж ахуйн нэгж, төсөвт болон төрийн бус байгууллагаас гадна 52,9 мянган аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдаж байжээ.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж