НҮБ-ын ЕНБД-тай утсаар ярилаа

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

НҮБ-ын ЕНБД-тай утсаар ярилаа

Бан Ги Мүн: Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.

Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга тантай утсаар ярьж байгаадаа баяртай байна.

Бан Ги Мүн: Би энэ асуудлаар яримааргүй байна. Гэхдээ ярьж байгааг та ойлгоно биз ээ.  Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудалд бид санаа зовних байдал нэмэгдэж байна. Түүний эрүүл мэндийн талаар таныг анхаарлаа хандуулж байгаа гэдэгт би найдаж байна. Та бид хоёр сайн найзууд. Таны өмнөх Ерөнхийлөгчийг ч би мэднэ. Монгол Улс бол ардчилсан нийгмийг байгуулахад хамгийн их амжилт олж байгаа улсын нэг гэдгээр нь бахархаж явдаг. Мэдээж бид хуультай холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцохыг хүсэхгүй байна. Та бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ардчиллыг бэхжүүлэх, хууль ёсыг тогтооход асар том хариуцлага үүрч байгааг би сайн ойлгож байна.

Цахиагийн Элбэгдорж: Таныг утсаар ярьж байгаад гүн талархаж байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудалд анхаарч байгаа. Тэр манай төрд өндөр алба хашиж байгаа хүмүүсийн эмчлүүлдэг эмнэлэгт хэвтэж байгаа. Түүний хажууд манай улсын эрүүл мэндийн салбарын хамгийн сайн баг ажиллаж байгаа.

Бид НҮБ-ын авлигатай тэмцэх болон хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллахад байнга нээлттэй байх болно. Та тэр байгууллагуудын төлөөллийг Монголд ирүүлж, авлигатай тэмцэх болон хүний эрхийг хамгаалах үйл хэрэгт хамтран оролцвол бид их баяртай байх болно. Бид Монголд хууль ёсыг  шударга, тэгшээр хэрэгжүүлэх, хүний эрхийг хангахад онцгой анхаарч ирлээ. Цаашдаа ч анхаарах болно.

Авлигатай тэмцэх үйл явц амаргүй гэдгийг та ойлгож байгаа. Бид бүгдээрээ тэр үйл явцаас суралцаж, сургамж авч байна. Монгол бол НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон орон. Авлига, бас мөнгө бол их хүчтэй гэдгийг та ойлгож байгаа байх.

Дахин хэлэхэд бид та бүхэнтэй хамтран ажиллахад байнга нээлттэй байгаа шүү.

Бан Ги Мүн: Дахин хэлэхэд би энэ сэдвээр тантай яримааргүй байсан. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн байдал туйлын доройтож байгааг би сонсоод тантай ярьж байгаа юм. Авлигатай тэмцэх, авлигыг арилгах үйл явцад Монгол Улс амжилт олоосой гэж би хүсч байна. Бид бол Монгол Улсын дотоод хэрэгт оролцох ямар ч сонирхол байхгүй. Та энэ ярьсан асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэхэд тусалж чадна гэдэгт би итгэж байна.

Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа, таныг энэ асуудалд анхаарал тавьж ярьж байгаад би баярлаж байна. Монгол Улс бол нээлттэй орон. Энэ асуудал манай иргэд, олон нийт, хууль хяналтын байгууллагуудын анхааралд байгаа. Уг асуудлаар хүмүүс шаардлагатай мэдээллээ авч байгаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой хэрэг удаан хугацаанд шалгагдаж байгаа. Хуулийн байгууллага түүнийг олон удаа, 10 удаа дуудсан боловч тэр очоогүй. Иймээс манай  хуулийн дагуу түүнийг албадан саатуулахад хүрсэн юм.

Хуулийг тэгш хэрэгжүүлж, хүний эрхийг хангахад болон ноён Энхбаярын эрүүл мэндэд бид бүхэн онцгой анхааран ажиллаж байна. Нөгөө талаас авлига болон уул уурхайтай холбоотой мөнгөний хүч ямар их байгааг бид харж байна. Уул уурхайн хайгуулын лицензийг замбараагүй олгож байсан асуудлын зохицуулалт дээр би хатуу байр суурьтай байгаа. Нэг үе энэ байдал манай газар нутгийн бараг 50 хувьд хүрч байсан юм. Бид өмч баялагтаа эзэн байх, иргэдийнхээ эрхийг хангаж энэ салбарт жинхэнэ ардчилал, хууль ёсыг тогтоох хэрэгтэй байгаа юм. Би таны ярьсныг болон Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн байдалд цаашид ч анхаарах болно. Мөн хууль хяналтын байгууллагын хуулиа шудрага хэрэгжүүлэх ажиллагаанд  дэмжлэг үзүүлэх болно.

Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, хэн нэг нь илүү эрх эдлэхгүй гэдэг нийтлэг зарчмыг тууштай хэрэгжүүлэн ажиллахыг хичээж байна.

Бан Ги Мүн:
Тантай утсаар ярьсандаа би их баяртай байна. Тантай би удахгүй уулзана гэдэгт итгэж байна. Та зургадугаар сард Рио-д болох байгаль орчны асуудлаархи дээд хэмжээний уулзалтад ирнэ биз дээ.

Цахиагийн Элбэгдорж: Би бас тантай удахгүй уулзана гэж найдаж байна. Би Рио-гийн дээд хэмжээний уулзалтад очно. Монгол Улс энэ асуудлаар их зүйл хийж байгаа. Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, энэ тухай бид ярилцах боломж олдоно гэдэгт найдаж байна.

Бан Ги Мүн: За их баярлалаа, Ерөнхийлөгч өө. Тантай утсаар ярьсандаа баяртай байна.

Цахиагийн Элбэгдорж: Таныг утасдсанд туйлын талархаж байна. Та манай оронд болж байгаа асуудалд байнга санаа тавьдагт бид их талархаж байдаг шүү. Баярлалаа.

2012.05.14

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж