“Танан Импекс” Спрайт супер лигийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

“Танан Импекс” Спрайт супер лигийн аварга боллоо

“MCS Coca-Cola” компани, “TLG-13” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулдаг Спрайт супер лигийн 2012 оны аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт өчигдөр боллоо. Нийт 16 баг өрсөлдсөн Спрайт супер лигийн аваргын цомын төлөө 2009 оны Спрайт хөгжлийн лигийн аварга “ОТИС” болон 2011 оны Спрайт хөгжлийн лигийн аварга “Танан Импекс” багууд өрсөлдсөн юм. Ц.Чинбат эзэнтэй, Ү.Давхарбаяр дасгалжуулагчтай, Н.Алтан-Эрдэнэ ахлагчтай “Танан Импекс” баг “ОТИС” багийг цуврал тоглолтонд 3:0 харьцаатай илт давуу буулган авч, энэ жилийн Спрайт супер лигийн аварга боллоо.  Хоёр багийн шийдвэрлэх гуравдахь тоглолт эхний гурван үе өгөө аваатай болсон  хэдий ч дөрөвдүгээр үед “ОТИС” хамгаалалтан дээр алдаа гаргаж, бөмбөгөө таслуулан, улмаар 85:76 харьцаатайгаар “Танан Импекс”  баг ялалт байгууллаа. Ийнхүү “Танан Импекс” багийн залуус 10 сая төгрөг, аваргын цом,  бөгж, малгай, цамц, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулсан бол дэд аваргаар тодорсон “ОТИС” баг гурван сая төгрөг, өргөмжлөл, мөнгөн медалийн  эзэд боллоо. Ийнхүү “Танан Импекс” баг Спрайт хөгжлийн болон Спрайт супер лигийн аварга баг болж  байна. Спрайт лигийн гадаад харилцааны хүрээнд аваргын цом хүртсэн “Танан Импекс” баг энэ оны 6 сард АНУ-д болох Бүх Монголчуудын Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд лигээ төлөөлөх оролцох эрхтэй болж байна.

2012 оны Спрайт супер лигийн  эмэгтэй аваргын төлөө лигийн хошой аварга “Хөвсгөл нэг үе” болон “Говь81” багууд өрсөлдсөн юм. Хоёр багийн цуврал тоглолтонд 2:0 харьцаатайгаар “Хөвсгөл нэг үе” баг ялалт байгуулснаар Спрайт супер лигийн гурван удаагийн аварга болж байна. Аваргын цомыг гурвантаа хүртэгч “Хөвсгөл нэг үе” баг аваргын цом, малгай, подволк,  алтан медаль, 3 сая төгрөг, өргөмжлөлийн эзэд боллоо. Харин дэд аварга болсон “Говь81” баг 2 сая төгрөг, мөнгөн медаль, өргөмжлөл хүртсэн.

Энэ жилийн  плей-оффын  үнэ цэнэтэй эрэгтэй тоглогчоор “Танан Импекс” багийн Г.Ихбаяр, эмэгтэй тоглогчоор “Хөвсгөл нэг үе” багийн  Д.Баянжаргал нар шалгарч 500,000 төгрөг, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Энэ жилийн лигийн шилдэг дасгалжуулагчаар аваргын цомд багаа хөтөлсөн “Танан Импекс” багийн дасгалжуулагч Ү.Давхарбаяр болон “Хөвсгөл нэг үе” багийн дасгалжуулагч Г.Болормаа нар шалгарсан бөгөөд тус бүр 500,000 төгрөг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулсан юм.

Ийнхүү 2 сарын 4-нд эхэлсэн өрсөлдөөнтэй, сонирхолтой тоглолтоор дүүрэн үргэлжилсэн  энэ жилийн “Спрайт супер лиг” өндөрлөж байна.

Зургийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж