АТГ-ын дарга Ч.Сангарагчааг шүүхээс яллажээ. Гэхдээ ганцааранг нь бус. Тус газрын дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, Тамгын газрын дарга Г.Бадарч нарыг түүний хам хэрэгтэн болгов. Тэднийг гэм буруутай хэмээн үзэж Чингэлтэй дүүргийн шүүхээс шийтгэх тогтоол уншлаа. Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурлын шийдвэр ингэж гарснаар тэднийг уржигдраас Ганц худагт саатуулаад байна. Ч.Сангарагчааг тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбат, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нарын өрөөнд 15 хоног чагнах төхөөрөмж суурилуулсан хэмээн буруутгасан нь энэ. Анх Эрүүгийн хуулийн 133.2 буюу Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчин тагнаж, чагнасан гэх үндэслэлээр Тагнуулын Ерөнхий газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Улмаар Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчид уг хэрэгтэй хоёр сар гаруй хугацаанд танилцсаны дараа Ч.Сангарагчаад 2,4 жил хорих ял оноолоо. ТЕГ-аас түүний албан тушаалыг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорт тавьсан боловч УИХ-аас “хаалт” хийж татгалзсан хариу өгсөн. Харин хэргийг үргэлжлүүлэн шалгахыг зөвшөөрсөн юм. “Бөх хүн бүдүүн өвсөнд…” гэгчээр тэрбээр энэ удаа хэний ч төсөөлөөгүй байдлаар өвдөг шороодлоо. Угаасаа ялсан баатрын дүртэй гэгддэг түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй шийдвэр гаргасан, УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай “үзэлцсэн” гэх зэргээр өмнө нь хэд хэдэн удаа хэрэгт татах гээд бараагүй. Харин энэ удаа “Хэмжээгүй эрхтэй дарга” анхан шатны шүүхийн өмнө бүдэрлээ. Одоо Ч.Сангарагчаа давж заалдах уу, түүний албан тушаалыг хэрхэх вэ гэх зэрэг олон бүрхэг асуулт хариу нэхэж үлдлээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин