Нефть импортлогчдыг торгуулиас чөлөөлснийг буруушаав

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Нефть импортлогчдыг торгуулиас чөлөөлснийг буруушаав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа цаг үеийн асуудал хэлэлцжээ. Үүнд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Шивэртийн аманд гарсан гал түймрийг унтраахаар ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Онцгой байдлын хэлтсийн аврагчдын тухай хөндсөн байна. Бүлгийн гишүүдийн хувьд “Аюул руу онцгойгийнхныг гар нүцгэн явуулж байна. Үүнээс болж тэд амь насаа алдаж байна. Дээр нь Онцгой байдлын албаны удирдлагууд болж өнгөрч буй хэрэг явдлаас сургамж авахгүй байна” гэж дүгнэжээ. Өмнө нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын аврагчид явж байгаад нисдэг тэрэгтэйгээ осолдож байсан. Энэ бүхэн сургамж болж үлдсэн байх учиртай ч аврагчдыг аюул руу өөрсдийгөө хамгаалах хувцас хэрэглэл, багаж техникгүй явуулж байгаад дүгнэлт хийх цаг болсон. Тиймээс нэдүгээрт, хэрэг гарахаас урьтаж сэргийлэх нь чухал. Хоёрт, Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүнийг дэлхий нийтийн жишигт хүрсэн техник хэрэгслээр хангаж хөрөнгө мөнгийг нь шийдэх, гуравт хариуцлага тооцдог бодлогоо Засгийн газар цэгцлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Хоёр дахь  асуудал нь нефть импортлогч компаниудад оногдуулаад байсан 17.2 тэрбум төгрөгийн торгуультай холбогджээ. Уг нь нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш өссөний дараа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийж, нефть импортлогч найман аж ахуйн нэгжийг үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн нь тогтоогдлоо хэмээн үзэж 17.2 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан юм. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Хэрвээ нефть импортлогч команиуд торгуулиа төлөхгүй гэж үзвэл нефть импортлох эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авах болно” гэж мэдэгдэж байсан. Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн хавар дээрх 17.2 тэрбум төгрөгийн торгуулийг цуцалсан. Тиймээс тус бүлэг энэ асуудлын хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын мэдээллийг сонсоод “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь хэрэглэгчдийн эсрэг ажилласан байна. 17.2 тэрбум төгрөгийн торгуулийг цайруулсны цаад талд юу явж байна вэ гэдгийг нягтлах. Хариуцлагагүй шийдвэр гаргасан албан тушаалтанд Засгийн газар хариуцлага тооцох ёстой гэж үзсэн байна.

Гурав дахь цаг үеийн асуудал нь экс ерөнхийлөгч Н.Энхбаярын эрүүл мэндийн тухай аж. Эл асуудлыг хэлэлцээд бүлгээс гурван асуудлыг хууль хяналтын байгууллага зарчмаа болгон ажиллах ёстой гэж үзсэн аж. Үүнд нэгдүгээрт, хууль ёсыг сахиулах. Монгол Улсын хууль иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой. Хоёрдугаарт хуулийн байгууллагууд нь шударга ёсны зарчмыг хадгалах. Гуравдугаарт хүнлэг ёсыг сахих. Энэ нь хууль хяналтын байгууллагынхан МАХН-ын дарга Н.Энхбаярт хүнлэг ёсноос хандаасай гэсэн байр суурийг бүлгээс гаргасан. Үүнээс илүү халих боломж улстөрийн намд байхгүй гэж бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж