Дөрвөлжин сэтгэлгээнд стандарт тогтооё

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Дөрвөлжин сэтгэлгээнд стандарт тогтооё

Манайхны сэтгэлгээний хурд үнэхээр мундаг аа. “Хөгжил дэвшил рүү урагшаа” гэхээсээ илүүтэй хөөрхий хэдэн бизнес эрхлэгчдээ мохоох, дарах, дарамтлах асуудалд сэтгэл­гээний хурд нь дээд цэгтээ хүртэл ажиллах юм. Хотын гудамжаар нааш, цааш хөлхөх олон мянган машин дундаас хэдхэн ачааны машиныг барьж аваад “дарамталж” эхэллээ, цаана чинь. Чингэлэгтэй ачааны машин дээр наасан олон төрлийн сурталчилгааг болиулах юм гэнэ шүү, энэ хотын удирдлагууд. Архи, пивоны түгээлтийн машинууд хамгийн эхний ээлжинд энэ шийдвэрийн бай боллоо. Цаашлаад супер маркет, өндөг, өргөн хэрэглээний бараа зөөдөг чингэлэгтэй машинуудад ч хамаатай аж. Хэрвээ энэ шийдвэр хэрэгжвэл хотын гудамжаар  нэг их цагаан чингэлэгтэй машинууд хөврөх юм байх аа. Нэртэйгээс сүртэй нь дээр гэж нэг үг байдаг даа. Ерөөсөө “Тоёота”, “Ниссан”, “Форд”, “Волксваген” гэсэн логотой нь тэмцвэл яасан юм бэ. Дашрамд дурьдахад тэдгээр дарга нар гаргасан шийдвэрээ “Архи, пивоны сурталчилгаатай машинууд хүмүүст архи уух сэдэл өгч байна” гэх маягаар тайлбарлаж байна гэсэн. Нэг нөхөр гудамжаар алхаж яваад архины сурталчилгаа наасан чингэлэгтэй машин хараад л шууд архи уумаар санагддаг байх нь. Тэгээд дэлгүүрт ороод яг тэр чингэлэг дээр байсан архийг аваад уучихдаг гэдгийг хотын удирдлагууд нотолж л дээ. Энэ тайлбар нь их инээдтэй санагдаад байгаа юм. Магадгүй хотын удирдлагуудад энэ талаар гаргасан судалгаа байгаа бол олон нийтэд ил зарлачих хэрэгтэй. Харин ч эсрэгээрээ тэр архины сурталчилгаанд тоглоод байгаа хүмүүсийг торгож эхлэх нь зүйтэй баймаар юм. Хамгийн эхэнд УИХ, Засгийн газ­рын зарим гишүүн, олны танил эрхмүүд торгуулах байх шүү. Би лав хотын удирдлагын багт ажиллаж байсан бол хамгийн түрүүнд урлаг, спортын одуудад стандарт тогтоох байсан юм. Тэгэхээр эрхэм дарга нар аа, чингэлэгтэй машин дээр наасан хуулгатай тэмцэхийн оронд чингэлэг шиг дөрвөлжин сэтгэлгээтэй өөрсдөдөө стандарт тогтоо л доо.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж