Инфляцийн өвчлөлөөс салгах жорыг улстөрчид л мэднэ

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Инфляцийн өвчлөлөөс салгах жорыг улстөрчид л мэднэ

Аливаа өвчний онош тодорхойгүй бол эмчлэхэд хэцүү. Харин тодорхой бай­вал бүрмөсөн эмчилж чадахгүй ч улам даамжрахаас нь яаж ийгээд сэргийлж болдог. Тэгвэл манай улсын эдийн засагт инфляци хэмээх өв­чин нүүрлэчихээд ихээхэн хор хо­хирол учруулж байна. Уг нь манай эдийн засагч, эрдэмтэн судлаачид, цаашлаад жирийн иргэд хүртэл дээрх өвчний оношийг аль эрт тогтоосон. Хэрхэн эмчлэх аргыг нь ч хангалттай мэддэг, ярьдаг. Ялангуяа, уг өвчнийг анх газар авахуулсан гол буруутан болох улстөрчид эмчлэх жорыг нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Угаасаа эмчлэх аргыг нь мэддэг хүмүүс л аливаа вирусыг зохион бүтээж, тараадаг шүү дээ. Ийм үйлдлийн цаана эдийн засгийн ашиг сонирхол хэзээд байдаг бичигдээгүй хуультай. Монгол Улсын сан хөмрөг тодорхой хэмжээгээр арви­жиж, иргэдийн орлого бага ч болов нэмэгдсээр байхад инфляци нэгэнт хүрсэн түвшнээсээ огт буурахгүй байгаа нь дээрхтэй яг адил санагдах боллоо. Товчхондоо хүмүүсийн худал­дан авах чадвар муу байх нь эрх мэдэлтнүүдэд ашигтай гэсэн үг юм уу даа. Өөрөөр, Монголд зах зээлийн эдийн засаг жинхэнэ утгаа­раа хэрэгжихгүй байна гэж хэлж ч болох юм.

Үндэсний статистикийн хороо­ноос хамгийн сүүлд гаргасан судал­гааны дүнгээс харахад 11 хувийн инфляци бахь байдгаараа. Тэг­сэн хэрнээ инфляцийн өсөлтөд хам­гийн их нөлөө үзүүлдэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг сард л гэхэд 4-5 хувиар буурсан байгаа юм. Инфляци өсөх болгонд л гол шалтгаанаар нь тодордог махны үнэ төрөл тус бүртээ 1.6-9.8 хувь хүртэл буурсан. Харин инфляци буурдаггүй. Энэ юу гэсэн үг вэ. Эдийн засгийн “эмч” нар инфляцийг буруу оношилдог байсан гэсэн үг үү. Тийм ээ. Тэд андуурч байж. Хариулт өөр байна. Эрхэм улстөрчид “Инфляцийн өсөлтөд төрийн бодлого огт хамаагүй. Чөлөөт зах зээлд төр оролцож болохгүй. Үнэ өсөх үедээ өсөөд, буурах үедээ буурна. Тэр бүхнийг дагаад инфляци хөдлөх нь жам ёсны үзэгдэл. Ялангуяа, махны үнэ улирлын шинжтэй өсөхөд инфляци өсөхөөс аргагүй” хэмээн шүүмжлэлийг өөрсдөөсөө эвтэйхэн зайлуулдаг. Тийм ч байж болох юм гээд иргэдийн бухимдал бага зэрэг саармагжих нь бий. Тэгвэл өдгөө мах болоод өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ боломжийн хэмжээнд буурч байна. Харин инфляци яагаад буурахгүй байгаа юм бэ. Энэ чинь “Инфляцийн шалт­гаан төсөв, мөн­гөний бодло­гын алдаа” гэ­сэн үг биш үү. Ууч­лаарай, энэ үнэ­хээр хамгийн боди­той онош нь юм байна. Сон­гуулийн амлалтаа бие­лүүлэхийн тулд төсвийн ачаал­лыг хэт нэмж, бүр даацыг нь хэтрүүлэх бүрт “Ингэж инфляци бүү өсгөөч” хэмээн гуйх, “Ийм хариуцлагагүй шийд­вэр гаргахаа болиоч” гэж шаар­дах хүн олон байсан. Харам­салтай нь, манай төр засгийнхан өвчний вирус зохион бүтээх хэмжээний “эрдэм мэд­лэгтэй” болохоо­роо зөвхөн  өөрс­­дийнхөө сонгосон за­маар л зүтгэцгээсэн. Одоо тэрхүү “Зөв” гэж гүрийгээд байсан шийдвэрүүдийнх нь “үр дүн” ёстой жинхэнэ утгаараа гарч байна. Цалин нэмээд нэмэр алга. Үнэ буураад үр өгөөж байхгүй. Инфляцийн өвчлөл нэлээд гүнзгий шатандаа орчихсон байна. Үндсэндээ иргэд хүссэн зүйлээ худалдан авахад орлого нь хангалттай хүрэлцэж байвал инфляци илааршиж байгаа нь тэр. Гэтэл холбогдох тоон үзүүлэлтүүд эерэг тал руугаа хэлбийгээд байхад үр дүн гардаггүй. Аливаа сөрөг үзэгдэлтэй дасан зохицох хамгийн аюултай. Жишээ нь, аль нэг эрхтэн нь хүндээр өвчилсөн хүн “Би ч хаашдаа үхнэ дээ” гээд байвал амьдрах хугацаанаасаа өмнө яваад өгөх нь бий. Зарим нь бас “Гайгүй дээ, би зүгээр. Энэ зэргийн өвчинд шаналаад яахав” гэж байгаад өнгөрдөг. Яг үүн шиг манайхан 11 хувийн инфляцийг байх ёстой л зүйл мэт дасан зохицож байна. Энэ өвчнийг яаж эдгээх, яаж бүрэн ангижрах, дахин өвчлөхгүйн тулд хэрхэн дархлаа тогтоох талаар сүүлийн үед огт ярихаа болилоо.

Өвчлөл ийнхүү газар авсаар байгаа шалтгаан нөхцөлийг бүгд мэддэг. Гэхдээ  хориглох, хязгаарлах, бууруулах талаар юу ч хийдэггүй. Инфляцийг хязгаарлах гэж хичээж байгаа ганц газар нь Монголбанк. Гэхдээ тэд өвчний вирусыг анх зохион бүтээсэн хүмүүс нь биш болохоор буруу эмчилдэг. Тохирохгүй эм, тариа хэрэглэдэг. Жишээ нь, Монголын нөхцөлд мөнгөний хатуу бодлогоор инфляцитай тэмцэж болохгүй. Эмчлэх бус, харин ч хувийн хэвшлийн бизнесийг хязгаарлах эрсдэлтэй хэмээн нэр хүндтэй, мэдлэг чадвартай эдийн засагч, банкирууд байнга зөвлөдөг ч тэдний үгийг тоодоггүй. Уг нь төв банкныхан жинхэнэ жорыг мэдэхгүй биш, мэднэ. Гагцхүү тэд эдийн засагт бие даан эмчилгээ хийх эрхгүй болохоор хүссэн ч, эс хүссэн ч буруу эмчилгээ хийгээд байх шиг байна. Буруу эмчилгээнээс болоод Монголбанкны бодлогын хүү хэт өндөр түвшинд хүрсэн. Бодлогын хүүг Ази, Европын зарим орныхтой харьцуулахад шууд л тэргүүн эгнээнд орж байна. Японы бодлогын хүү ердөө 0.10 хувьтай. Хэдийгээр дэлхийн хүчирхэг эдийн засагтай орон гэгдэж буй ч нийт хүн амынх нь тэн хагас нь ядуу зүдүү амьдарч байгаа Хятад улс бодлогын хүүгээ 6.06 хувиас хэтрүүлдэггүй. Харин нэг хүнд ногдох байгалийн баялгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрчихээд байгаа манай улсад бодлогын хүү, инфляцийн өвчлөл хоёр аль аль нь 11 хувьтай байх жишээтэй. Байгалийн баялгаас орж ирэх их хэмжээний бэлэн мөнгөний урсгал хийгээд түүний үр ашиггүй зарцуулалт инфляцийн өвчлөлийг улам хүндрүүлдэг. Стратегийн ордуудын үр өгөөжийг хүртэх цаг ойртож байгаа нь инфляци өсөх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна. Хамгийн найдвартай жороор эдийн засгаа яаралтай эмчлэхгүй бол байдал улам дордоно. Харин тэрхүү жорыг зөвхөн улстөрчид мэддэг болохоор тэд л эмчлэх байх гэж хүлээх хэрэг байна уу. Харамсалтай нь. Тэд хэзээ ч жинхэнэ жорыг хэлж өгөхгүй. Бас эмчлэхгүй. “Инфляци бол эдийн засаг өвчин” гэдгийг ч хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс хүн бүр ирээдүйд нэмэр болохгүй мөнгө төрөөс горилон зүгээр суух бус, ажлын байр, урт хугацааны баталгаатай орлого нэхье. Ужгирсан инфляцаас салгаж өгөхийг шаардъя. Бүр болохгүй бол Энэ өвчнөөс салгаж өгөөч гэж сөгдөж гуйсан ч яадаг юм. 

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж