Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд гаргасан судалгааны дүнгээс харахад 11 хувийн инфляци бахь байдгаараа. Тэгсэн хэрнээ инфляцийн өсөлтөд хамгийн их нөлөө үзүүлдэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг сард л гэхэд 4-5 хувиар буурсан байгаа юм. Инфляци өсөх болгонд л гол шалтгаанаар нь тодордог махны үнэ төрөл тус бүртээ 1.6-9.8 хувь хүртэл буурсан. Харин инфляци буурдаггүй. Энэ юу гэсэн үг вэ. Эдийн засгийн “эмч” нар инфляцийг буруу оношилдог байсан гэсэн үг үү. Тийм ээ. Тэд андуурч байж. Хариулт өөр байна. Эрхэм улстөрчид “Инфляцийн өсөлтөд төрийн бодлого огт хамаагүй. Чөлөөт зах зээлд төр оролцож болохгүй. Үнэ өсөх үедээ өсөөд, буурах үедээ буурна. Тэр бүхнийг дагаад инфляци хөдлөх нь жам ёсны үзэгдэл. Ялангуяа, махны үнэ улирлын шинжтэй өсөхөд инфляци өсөхөөс аргагүй” хэмээн шүүмжлэлийг өөрсдөөсөө эвтэйхэн зайлуулдаг. Тийм ч байж болох юм гээд иргэдийн бухимдал бага зэрэг саармагжих нь бий. Тэгвэл өдгөө мах болоод өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ боломжийн хэмжээнд буурч байна. Харин инфляци яагаад буурахгүй байгаа юм бэ. Энэ чинь “Инфляцийн шалтгаан төсөв, мөнгөний бодлогын алдаа” гэсэн үг биш үү. Уучлаарай, энэ үнэхээр хамгийн бодитой онош нь юм байна. Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд төсвийн ачааллыг хэт нэмж, бүр даацыг нь хэтрүүлэх бүрт “Ингэж инфляци бүү өсгөөч” хэмээн гуйх, “Ийм хариуцлагагүй шийдвэр гаргахаа болиоч” гэж шаардах хүн олон байсан. Харамсалтай нь, манай төр засгийнхан өвчний вирус зохион бүтээх хэмжээний “эрдэм мэдлэгтэй” болохоороо зөвхөн өөрсдийнхөө сонгосон замаар л зүтгэцгээсэн. Одоо тэрхүү “Зөв” гэж гүрийгээд байсан шийдвэрүүдийнх нь “үр дүн” ёстой жинхэнэ утгаараа гарч байна. Цалин нэмээд нэмэр алга. Үнэ буураад үр өгөөж байхгүй. Инфляцийн өвчлөл нэлээд гүнзгий шатандаа орчихсон байна. Үндсэндээ иргэд хүссэн зүйлээ худалдан авахад орлого нь хангалттай хүрэлцэж байвал инфляци илааршиж байгаа нь тэр. Гэтэл холбогдох тоон үзүүлэлтүүд эерэг тал руугаа хэлбийгээд байхад үр дүн гардаггүй. Аливаа сөрөг үзэгдэлтэй дасан зохицох хамгийн аюултай. Жишээ нь, аль нэг эрхтэн нь хүндээр өвчилсөн хүн “Би ч хаашдаа үхнэ дээ” гээд байвал амьдрах хугацаанаасаа өмнө яваад өгөх нь бий. Зарим нь бас “Гайгүй дээ, би зүгээр. Энэ зэргийн өвчинд шаналаад яахав” гэж байгаад өнгөрдөг. Яг үүн шиг манайхан 11 хувийн инфляцийг байх ёстой л зүйл мэт дасан зохицож байна. Энэ өвчнийг яаж эдгээх, яаж бүрэн ангижрах, дахин өвчлөхгүйн тулд хэрхэн дархлаа тогтоох талаар сүүлийн үед огт ярихаа болилоо.
Өвчлөл ийнхүү газар авсаар байгаа шалтгаан нөхцөлийг бүгд мэддэг. Гэхдээ хориглох, хязгаарлах, бууруулах талаар юу ч хийдэггүй. Инфляцийг хязгаарлах гэж хичээж байгаа ганц газар нь Монголбанк. Гэхдээ тэд өвчний вирусыг анх зохион бүтээсэн хүмүүс нь биш болохоор буруу эмчилдэг. Тохирохгүй эм, тариа хэрэглэдэг. Жишээ нь, Монголын нөхцөлд мөнгөний хатуу бодлогоор инфляцитай тэмцэж болохгүй. Эмчлэх бус, харин ч хувийн хэвшлийн бизнесийг хязгаарлах эрсдэлтэй хэмээн нэр хүндтэй, мэдлэг чадвартай эдийн засагч, банкирууд байнга зөвлөдөг ч тэдний үгийг тоодоггүй. Уг нь төв банкныхан жинхэнэ жорыг мэдэхгүй биш, мэднэ. Гагцхүү тэд эдийн засагт бие даан эмчилгээ хийх эрхгүй болохоор хүссэн ч, эс хүссэн ч буруу эмчилгээ хийгээд байх шиг байна. Буруу эмчилгээнээс болоод Монголбанкны бодлогын хүү хэт өндөр түвшинд хүрсэн. Бодлогын хүүг Ази, Европын зарим орныхтой харьцуулахад шууд л тэргүүн эгнээнд орж байна. Японы бодлогын хүү ердөө 0.10 хувьтай. Хэдийгээр дэлхийн хүчирхэг эдийн засагтай орон гэгдэж буй ч нийт хүн амынх нь тэн хагас нь ядуу зүдүү амьдарч байгаа Хятад улс бодлогын хүүгээ 6.06 хувиас хэтрүүлдэггүй. Харин нэг хүнд ногдох байгалийн баялгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрчихээд байгаа манай улсад бодлогын хүү, инфляцийн өвчлөл хоёр аль аль нь 11 хувьтай байх жишээтэй. Байгалийн баялгаас орж ирэх их хэмжээний бэлэн мөнгөний урсгал хийгээд түүний үр ашиггүй зарцуулалт инфляцийн өвчлөлийг улам хүндрүүлдэг. Стратегийн ордуудын үр өгөөжийг хүртэх цаг ойртож байгаа нь инфляци өсөх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна. Хамгийн найдвартай жороор эдийн засгаа яаралтай эмчлэхгүй бол байдал улам дордоно. Харин тэрхүү жорыг зөвхөн улстөрчид мэддэг болохоор тэд л эмчлэх байх гэж хүлээх хэрэг байна уу. Харамсалтай нь. Тэд хэзээ ч жинхэнэ жорыг хэлж өгөхгүй. Бас эмчлэхгүй. “Инфляци бол эдийн засаг өвчин” гэдгийг ч хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс хүн бүр ирээдүйд нэмэр болохгүй мөнгө төрөөс горилон зүгээр суух бус, ажлын байр, урт хугацааны баталгаатай орлого нэхье. Ужгирсан инфляцаас салгаж өгөхийг шаардъя. Бүр болохгүй бол Энэ өвчнөөс салгаж өгөөч гэж сөгдөж гуйсан ч яадаг юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин