Мод тарих нь эх дэлхийдээ зориулж буй хамгийн том буян

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Мод тарих нь эх дэлхийдээ зориулж буй хамгийн том буян

"Байгаль хамгаалах хаврын сарын аян"-ы хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль хамгаалах газар хамтран зохион байгуулсан өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат нар оролцсон. Тус өдөрлөгт нийслэлийн Байгаль орчны газар, Ойн газар, "Цэцэрлэгжилт"" ХХК, "Энгүй их" ХХК, "БД" ХХК зэрэг ой мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж ахуйн нэгжүүд оролцсон бөгөөд энэ үеэр хүн бүхэн эх дэлхийдээ зориулж, өөрийн амьдран буй орчиндоо боломж бололцоогоороо мод тарихыг уриалж байсан юм.

Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Мод тарьж, байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүйгээр ой модоо, ногоон байгууламжаа сэргээх боломжгүй. Ногоон байгууламжаа сэргээхгүйгээр ширгэж байгаа гол горхийг аврах, ус мөрний түвшинг татраахгүй байх ямар ч аргагүй. Тиймээс иргэн бүр ирээдүйнхээ төлөө, үр хойчийнхоо төлөө мод тарих үйлсэд идэвхитэй оролцохыг уриалж байна" гэсэн юм. Түүнчлэн тус өдөрлөгт оролцогч байгууллагууд, байгаль хамгаалах, мод тарих үйлсэд олон нийтийг уриалах, иргэдэд экологийн боловсрол олгох, мод тарих технологийн зааварчилгаа, зөвлөгөө, сургалт, гарын авлага зэргийг иргэдэд үнэ төлбөргүй түгээж байв. Мөн өдөрлөгт оролцож буй иргэдэд Нийслэлийн байгаль хамгаалах газраас улиас, хайлаасны суулгац, үнэгүй тараасан юм. Иргэд үнэ төлбөргүй суулгац тарааж байгаад талархаж, идэвхитэйгээр дугаарлан зогсч байсан ч тун удалгүй эмх замбараагүй дайрч, машин дээр зогсч байсан ажилчдыг унагах шахам суулгацыг шүүрэн авч байгаа нь харагдсан.

Ингээд уншигч танд мод, бут, сөөгний үнийн талаарх мэдээллийг хүргэв.

Чацаргана – мөчрөөр 2.300 төгрөг, үрээр1.700 төгрөг
Хайлаас хоёр настай – 700 төгрөг, таван настай 7.500 төгрөг
Голт бор гурваас тав салаалсан бутаар – 17.000 төгрөг
Тавилгана таваас зургаа салаалсан бутаар – 30.000 төгрөг
Улиас – Сибирийн цагаан улиас 3.500-8.000 төгрөг, Монгол улиас 1.500-3.500 төгрөг
Өрөл бутаараа – 17.000 төгрөг
Тэхийн шээг хоёр настай – 2.000 төгрөг
Гүйлс бутаараа – 20.000 төгрөг
Бургас -1.000 төгрөг
Нохойн хошуу – 2.200 төгрөг
Буйлс бутаараа – 20.000 төгрөг
Долоогоно бутаараа — 18.000 төгрөг
Шар хуайс – 2.500-3.000 төгрөг
Харгана – 1.000 төгрөг
Мөнгөлөг жигд – 2.000 төгрөг
Нарс – 25.000-75.000 төгрөг
Хус – 25.000-75.000 төгрөг
Улиангар – 25.000-75.000 төгрөг
Хуш – 30.000-75.000 төгрөг
Гацуур – орос 120.000-150.000 төгрөг, орос жижиг 45.000 төгрөг, монгол 25.000-75.000 төгрөг
Гандигар – 4.000 төгрөг
Далан хальс – 4.000 төгрөг
Бөөрөлзгөнө – 2.500 төгрөг
Ягаан сарнайн бут – 25.000 төгрөг
Шар сарнайн бут – 35.000 төгрөг
Шинэс хар мод – 2.500-40.000 төгрөг
Агч мод 3.500-10.000 төгрөг
Алимны мод – 15.000 төгрөг
Мандалын цэцгийн үрсэлгээ -400-1.200 төгрөг
Олон наст орос цэцгийн үр – 1.000 төгрөг
Орос, Америк, Герман сортын бүх төрлийн үр нэг килограмм -16.000-22.000 төгрөг
Чацарганы үр нэг килограмм -35.000 төгрөг
Шар хуайсны үр нэг килограмм нь – 75.000 төгрөг
Үхрийн нүд хоёр, гурван настай – 2.500-4.000 төгрөг
Интоор гурав, дөрвөн настай -10.000 төгрөг
Бөөрөлзгөнө – 3.000-5.000 төгрөг
Канад зүлэг нэг килограмм – 20.000 төгрөг
Хятад зүлэг нэг килограмм – 15.000 төгрөг
Сибирийн өлөнг нэг килограмм -14.000 төгрөг
Мандалын цэцэгнүүд нэг ширхэг -1.800 төгрөг
Америкийн чийг баригч бодис – 2.000 төгрөг
Америк бороожуулагч – 7.500 төгрөг
Усалгааны шланк – 3.000 төгрөг

Мөн мод, зүлгийг хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй тарих аргачлалыг хүргэв.

МОД ТАРИХ ХЯЛБАРШУУЛСАН АРГА

Модыг хавар дөрөвдүгээр сарын 25-наас, тавдугаар сарын 25 хүртэлх хугацаанд тарих нь хамгийн үр дүнтэй байдаг ажээ.

  1. Өөрийн сонгож авсан газраа 50-60 сантиметрийн гүн, 70-80 сантиметрийн өргөнтэй ухаж бэлтгэнэ.
  2. Ухаж бэлтгэсэн нүхэндээ 50 хувь хар шороо, 30 хувь элс, 20 хувь хөх бууц болон бусад бордоог хийнэ.
  3. Суулгацыг тарихдаа бэлтгэсэн нүхнийхээ голд үндсийг нь нугалалгүйгээр жигд тарааж, суулгаж өгнө.
  4. Суулгасныхаа дараа хөрсийг сайтар нягтаршуулж, гишгэж өгөөд нэг модыг 40-60 литр усаар усална.
  5. Өглөө оройн цагт 30-40 литр усаар нэг модыг нэгээс хоёр удаа услах бөгөөд, услах хоног нь долоогоос арав хоног. Суулгаснаас хойш арван сард нэг удаа цэнэг усалгааг хийх бөгөөд усалгаа хийх явцдаа хөрсний сийрүүлэлтийг хийж өгдөг байна.
  6. Модоо тарьсан цагаас хойш гурван жилийн дараагаас арчилгаа усалгааг хийх шаардлагагүй болдог ажээ.

ЗҮЛЭГ ХЭРХЭН ТАРИХ ВЭ?

Мод сөөг тарьсны дараа талбайгаа зүлэгжүүлэхийн өмнө мод сөөгний нүхнээс гарсан хайрга, чулууг зөөж цэвэрлээд, шим тэжээл муутай газрын хөрсийг 20-30 сантиметр гүн хагалж хайрга чулууг цэвэрлэж аваад үлдсэн шороог зөөсний дараа хүрэн хөрсийг 2.5×2.5 сантиметрийн гишгүүрээр гишгиж, ургамлын үндэс болон бусад хогноос цэвэрлэж, гишгэсэн хар хүрэн хөрсийг 20 сантиметрээс доошгүй зузаан дэвсэж гадаргууд жигд тарааж тэгшилснээр зүлэг тарих талбай бэлэн болно. Үрийг нэг метр квадрат талбайд 50-80 грамм орохоор тооцоолж салхи багатай тогтуун өдөр талбайд жигд цацаад тармуураар самнасны дараа элсээр нэгээс хоёр сантиметр зузаан хучина.

Үүний дараа 50-100 килограмм жинтэй булаар булдаж зөөлөн шүршиж услана. Зүлэгжүүлэх ажлыг мод сөөг тарьсны дараа тавдугаар сарын хоёрдугаар хагасаас долдугаар сарын 10-нд багтааж тарьдаг байна. Тарьсан үрээ соёолтол хөрсийг нь чийгтэй байлгахын тулд өдөр бүр өглөө оройн сэрүүнд нэг метр квадрат талбайд 30-40 литр ус, үр соёолсноос хойш нэг метр квадрат талбайд 20-30 литр ус орохоор бодож долоо хоногт гурваас дөрвөн удаа услах бөгөөд гандуу үед өдөр бүр услах хэрэгтэй байдаг ажээ.

Э.ЦЭРЭНЛХАМ

Эх сурвалж: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж