XII таван жил ба социалист ардчилал

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

XII таван жил ба социалист ардчилал

БНХАУ-ын эрх барих дээд байгууллага буюу парламент болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/ энэ сарын 5-14-нд Бээжин хотноо болсон юм.  Хятадын өнцөг булан бүрийг төлөөлөн сонгогдсон 3000 төлөөлөгчийн ес хоног чуулан байж, энэ удаа хэлэлцэн баталсан гол асуудал нь тус улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ХII таван жилийн төлөвлөгөө байв. Социализмын замаар хөгжиж буй орнууд нийгэм, эдийн засгийн үйл амьдралаа тав, таван жилээр төлөвлөн хөгжүүлдэг зарчмыг БНХАУ өдгөө ч даган мөрдөж байна. Монгол Улс ч социалист  лагерьт багтаж байхдаа мөн л улс орныхоо амьдралыг тав таван жилээр төлөвлөн хөгжүүлдэг байлаа. Тухайн таван жилд үйлдвэрлэлийг тийм салбарыг тэгж хөгжүүлж, малын тоо толгойг тэд хүргэж, нэг малаас тийм хэмжээний сүү сааж, ноос, ноолуур авна, тийм хэмжээний үр тариа, төмс, хүнсний ногоо хураана гэдгийг таван жилийн төлөвлөгөөнд тусгаж, нэгэн таван жилийн турш түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг байсан юм. Энэ журмыг Монгол Улс ЗХУ тэргүүтэй бусад социалст орнуудын хамт 1990 он хүртэл мөрдсөн. Олон ч хөдөлмөрийн баатар, гавшгайч төрсөн. Монгол Улс лав л найм орчим таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлээд ардчилал, зах зээлд шилжсэн тул цааш хэрэглэхээ больж орхисон юм. Таван жилийн төлөвлөгөөг мөн л жилдээ ганц чуулдаг Ардын Их Хурлын депутатууд хэлэлцэн баталдаг байв. Одоо БНХАУ яг тэр зарчмыг дагадаг бөгөөд улс орноо 2012-2017 онд хөгжүүлэх төлөвлөгөөг сая баталж гаргалаа. Улс орон даяар тэр төлөвлөгөөг ирэх таван жилд биелүүлэхийн төлөө ажиллах болно.
Энэ 2011 он бол Хятадын ХII таван  жилийн төлөвлөгөөний гарааны он юм.  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао Улс ардын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх  ХII таван жилийн төлөвлөгөөг танилцуулж илтгэснээс үзвэл ирэх таван жилд Хятад улс дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах нөөц баялгийн хорогдлыг 16 хувьд барих ажээ.  Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн илтгэлд дурдсанаар шинэ таван жилд нүүрс, нефть, байгалийн хий зэрэг эрчим хүчний эх үүсвэрийг дахин нөхөн сэргээгдэхгүй эрчим хүчний хэрэглээний 11,4 хувь хүртэл бууруулахаар болжээ.  Мөн үйлдвэрлэлийн явцад нүүрстөрөгчийн давхар исэл агаарт ялгаруулах хэмжээг 17 хувиар багасган, хорт утааг наймаас арван хувиар бууруулахаар ХII таван жилийн төлөвлөгөөнд тусгасан байна. Ирэх таван жилд БНХАУ-ын  эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг өөрчилж, эдийн засгийн бүтцийг оновчтой болгож, боловсруулах үйлдвэрлэл болон стратегийн шинж чанартай аж үйлдвэрийг түлхүү хөгжүүлэхээр тусгажээ.  

Үйлчилгээний салбарын түргэн хөгжил тус улсын өмнөө тавьсан гол зорилтын нэг болоод байна.  Хотжилтыг түргэсгэхээр боллоо. Одоо нийт нутаг дэвсгэрийн 47,5 хувийг эзэлж буй хотуудын газар нутгийг тэлэн 51.5 хувьд хүргэхээр болов. Өөрөөр хэлбэл Хятад орны нутаг дэвсгэрийн тэн хагасаас арай илүүг хот суурин газрын харьяа дэвсгэр болгох гэж байна.  Орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлж, дэд бүтцийг эрчимжүүлэх талаар таван жилийн төлөвлөгөөнд тусгажээ. Хот,  хөдөөгийн  хоорондын харилцаа, хамтын ажиллагааг ахиулахаар төлөвлөгөөнд оруулжээ.  Шинэ таван жилд БНХАУ-ын эдийн засгийн дундаж өсөлт долоон хувь байх юм.  Таван жилийн төлөвлөгөөний тэхий дунд хугацаа болох 2015 онд дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнийг 55 их наяд юаниас давуулахаар төлөвлөөд байна.  

Ирэх таван жилд эдийн засгийн макро зохицуулалтыг эрчимжүүлж, үнийн төвшинг тогтвортой байлгаж, төсөв, санхүүгийн богино хугацааны зохицуулалт болон урт хугацааны бодлогыг уялдуулан, дотоодын эрэлт хэрэгцээний нөөцийг гүйцэд ашиглаж, хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспортоор эдийн засгийн нэмэлт эх үүсвэрийг хангах ёстойг төлөвлөгөөнд онцлон оруулжээ. БНХАУ нээлттэй бодлогыг тууштай хэрэгжүүлж, эдийн засгийн тогтолцоонд өөрчлөлт хийхийн  зэрэгцээ, улс төрийн тогтолцоонд ч  шинэчлэлт хийнэ гэдгээ чуулганаар зарласан.  Шинэ таван жилд социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгож, социалист ардчиллыг өргөтгөж, социалист хууль зүйн тогтолцоог төгөлдөржүүлэх ёстойг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд илтгэлдээ онцолсон байна.

Улс төрийн системийн хувьд БНХАУ олон намын тогтолцоонд шилжихгүй гэдгээ мэдэгдсэн. Хэдийгээр Хятадад нэлээд тооны улс төрийн нам байдаг ч ХКН голлох эрх мэдэлтэйгээр эрх баригч намын үүргийг гүйцэтгэдэг. Улс төрийн олон урьгалч үзэл, олон намаас бүрдсэн парламенын тогтолцоо, олон намын систем зэрэгт тус улс шилжин орохгүй гэдгээ БХАТИХ-ын чуулганаар албан ёсоор мэдэгдсэн юм.

Ийнхүү БНХАУ-ын иргэд социалист ардчиллын зарчмаар улс орноо ХII таван жилд хөгжүүүлэх ажилд шамдан ороод байна. Социалист чиг баримжаатай улс оронд таван жилийн төлөвлөгөө гэдэг зөрчиж болохгүй, хэлбэрэлтгүй дагах хууль горим байдаг билээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж