ОХУ-ын Санктпетрбург хотод удахгүй болох тус улсын эрэгтэй чөлөөт бөхийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний өмнөх сорилго болгон Якут улсын чөлөөт бөхийн холбооноос “Аваргуудын хот-Якутск” чөлөөт бөхийн тэмцээн зохион байгуулжээ.
Тус тэмцээнд дэлхийн хошой аварга В.Лебедев нарын шилдэг бөхчүүд бүхий Якутын шигшээ баг, клубүүд, Монголын баг нийлсэн зуу гаруй бөх эрэгтэйчүүдийн долоон жинд өрсөлдсөнөөс “Хилчин” спорт хороооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир 60 кг-ийн жинд мөнгөн медаль хүртжээ.
Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор тус тэмцээнд манай улсаас оролцсон зургаан бөх тэмцээний дараа ЗХУ-ын Гавьяат тамирчин, ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч, дэлхийн аварга В.Г.Модосяний явуулсан гурван өдрийн сургалтад хамрагдсан байна.
Т.Маша