Бид үйл явдалтай холбоотой албаны эх сурвалжийн мэдээллийг хүргэх үүднээс Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзоригтой уулзаж, ярилцлаа.
-Юуны өмнө би таниас Авлигатай тэмцэх газар Н.Энхбаярыг шалгах эрхтэй субъект мөн үү гэдэг асуултад дэлгэрэнгүй хариулт авахыг хүсч байна.
-Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хуульд заасан Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх, хээл хахууль өгөх, авах, зуучлах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн үндсэн найман төрлийн хэрэгт мөрдөн байцаалт явуулдаг. Авлигатай тэмцэх газрын харъяаллын гэмт хэрэгт холбогдсон этгээд бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэх, дээрхи найман төрлийн гэмт хэргээс өөр төрлийн гэмт хэргийг давхар үйлдэх тохиолдол байдаг. Тухайлбал, албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, гэмт хэрэг үйлдэхийн зэрэгцээ залилан мэхлэх, хулгайлах, бусдын эрх чөлөөнд халдах цаашилбал хүн амины гэмт хэрэг үйлдсэн эсэхэд сэжиглэж байгаа ч гэсэн Авлигатай тэмцэх газар шалгана. Учир нь манайд хамаарах гэмт хэрэг үйлдсэн хүн өөр төрлийн гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу прокуророос хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ямар байгууллага тухайн хэргийг шалгах харъяалал тогтоодог. Үүний дагуу прокуророос Н.Энхбаяртай холбоотой эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газар болон УМБГ-ын мөрдөн байцаагч нар хамтран шалгах харъяалал тогтоосон юм.
-УМБГ болон АТГ-аас Н.Энхбаярыг хоригдож байх явцад байцаалт авсан уу?
-Мөрдөн байцаагч Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу яллагдагчаар татах тогтоол үйлдсэн. Үйлдсэн даруйдаа Н.Энхбаярт тогтоолыг танилцуулсан. Танилцуулсаны дараагаар Н.Энхбаярыг байцаах гэсэн боловч тэрбээр хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу байцаалт өгөхөөс татгалзсан. Байцаалт авахаар дөрвөн удаа хандсан.
-Гурван удаа өмгөөлөгчгүй байцаалт авахыг оролдсон гэсэн үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл хэвлэлд гарч байна. Ер нь МАХН-ын даргад хэдэн удаа байцаалт авах хүсэлт тавьсан юм бэ?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар монгол хэл мэдэхгүй, насанд хүрээгүй, цаазаар авах ял шийтгэгдэж болох этгээдийн хэргийг шалгах зэрэгтэй холбоотой хэд хэдэн тохиолдолд заавал өмгөөлөгч оролцуулдаг. Харин Н.Энхбаярын холбогдсон хэрэгт заавал өмгөөлөгчтэй байцаалт авах тухай зохицуулалт байхгүй. Угаасаа Н.Энхбаярт байцаалт өгөх эрх нь байгаа. Бид түүнд хандан байцаалт авахдаа өмгөөлөгчтэй байцаалт өгөх эрхээр хангадаг. Тэр хүн өмгөөлөгчтэй байцаалт өгнө гээд өмгөөлөгч нь байхгүй байгаа тохиолдолд байцаалтын ажиллагаа явагдахгүй. Нэг удаа байцаалт авахаар очиход өмгөөлөгч О.Баасанхүү Н.Энхбаяртай уулзаж байсан. Мөрдөн байцаагч түүнийг байлцуулан байцаалт авах гэхэд О.Баасанхүү “Байцаалтын ажиллагаанд өмгөөлөгчийн хувиар оролцохгүй. Харин тухайн байцаалтын ажиллагаа хүний эрх, эрх чөлөөг хангаж байгаа эсэхийг хөндлөнгөөс хянах байдлаар оролцоно” гэсэн байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар өмгөөлөгч байцаалтад хэрхэн оролцохыг нарийвчлан зохицуулсан нь бий. Гэтэл өмгөөлөгч О.Баасанхүү “Би хуульд заасан өмгөөлөгчийн эрх, үүргийг эдлэхгүй. Зөвхөн хяналт тавьж оролцоно” гэсэн учраас байцаалт авах боломжгүй болсон гэсэн. Өмгөөлөгч нар үйлчлүүлэгчидтэй гэрээ байгуулахдаа ямар байдлаар тухайн хэрэгт оролцох талаар тохиролцож болох байх. Энэ үндэслэлээр өмгөөлөгчдийн баг ажил үүргээ хуваарилж авсан байхыг үгүйсгэхгүй.
-АТГ-аас О.Баасанхүүг Н.Энхбаярыг өмгөөлөх эрхийг түдгэлзүүлсэн гэж мэдэгдэж байсан. Энэ талаар?
-АТГ-аас өмгөөлөгч О.Баасанхүүгийн өмгөөлөх эрхийг түдгэлзүүлэх эрх байхгүй.
-Н.Энхбаярыг яллагдагчаар татаж, байцаах үед өмгөөлөгч Н.Оюунбилэгийг нь дуудсан гэсэн. Гэхдээ өмгөөлөгч яагаад тэр үед байлцаагүй юм бэ?
-Тухайн хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа мөрдөн байцаагч Н.Энхбаярт яллагдагчаар татах тогтоол үйлдэн танилцуулж, яллагдагчаар байцаах талаар өмнөх орой өмгөөлөгч Б.Ганбаатар, н.Шинэн, Н.Оюунбилэг, О.Баасанхүү нарт утсаар болон мессежээр мэдэгдсэн. Тэгэхэд О.Баасанхүү Баянзүрх дүүргийн шүүх хуралтай амжихгүй гэсэн. Харин Б.Ганбаатар, н.Шинэн нар нь мессежээр “Бид ярилцаад маргааш өглөө Н.Энхбаярыг яллагдагчаар татаж, байцаалт авах үед Н.Оюунбилэг өмгөөлөгчийг оролцуулахаар боллоо” гэдгээ мэдэгдсэн. Маргааш өглөө нь мөрдөн байцаагч очоод Н.Оюунбилэг рүү залгахад “Очиж байна” гэсэн хариу өгсөн. Түүнийг ирэнгүүт одоо Н.Энхбаярт яллагдагчаар татах тогтоол үйлдэн, байцаалт авна гэхэд Н.Оюунбилэг “Би зөвхөн цагдан хорихтой холбоотой ажиллагаанд л оролцоно, байцаалтанд оролцохгүй” гээд яваад өгсөн байдаг. Ингээд мөрдөн байцаагч хуулийн дагуу Н.Энхбаярт яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан.
-Өмгөөлөгчид Н.Энхбаярын хоригдож буй өрөөнд мөрдөн байцаагч нэвтрэн орсон нь хууль бус гэж байгаа. Хууль бус үйлдэл мөн үү?
-Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд зааснаар мөрдөн байцаагч камерт зохих зөвшөөрлийн дагуу орох ёстой байдаг. Журмаар цагдан хоригдож байгаа хүнийг дуудаж байцаалтын өрөөнд ажиллагаа явуулах ёстой. Гэтэл Н.Энхбаяр байцаалтын өрөөнд очих боломжгүй гэсэн. Энэ тохиолдолд мөрдөн байцаагч тус цагдан хорих төвийн даргад хандан зөвшөөрөл хүссэн. Цагдан хорих төвийн дарга зөвшөөрсөний дагуу мөрдөн байцаагч Н.Энхбаярын камерт орсон.
-Н.Энхбаярт яллагдагчаар татах тогтоол танилцуулах үед бичлэг хийсэн гэсэн. Ямар учраас өмгөөлөгч нарт бичлэгийг үзүүлэхээс татгалзсан юм бэ?
-Өмгөөлөгч нарын зүгээс албан ёсоор уг бичлэгтэй танилцах хүсэлтээ бичгээр үйлдэн бидэнд хандаагүй. Одоогоор хавтаст хэргийн материалтай танилцаж дуусаагүй байгаа. Бүх бичлэг хавтаст хэрэгт байгаа. Өмгөөлөгч нар “Үндэслэлгүйгээр яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа” гэж ерөнхий шүүгч н.Соёмбо-Эрдэнэд хуулийн дагуу гомдол гаргасан. Тэр үед өмгөөлөгч нар тухайн камерийн бичлэгтэй танилцсан.
-Тухайн үед хийгдсэн бичлэгүүдэд засвар хийсэн байж болзошгүй гэх хардлага байгаа?
-Бид XXI зуунд амьдарч байна. Манай улсын шинжлэх ухаан технологийн салбарынхан камерийн бичлэгт байгаа дүрс, мэдээллийг зассан уу, үгүй юу гэдгийг тогтоох бүрэн боломжтой.
-Н.Энхбаяр “Хуулийн байгууллагынхан өөрсдийн томилсон эмч нараа над руу ирүүлж байна. Эмч нар худал мэдээлэл түгээж байна” гэж мэдэгдсэн байна лээ.
-Цагдан хоригдож байгаа этгээдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага хариуцдаг. Эмч нарыг томилох, тэд нар юу хийхийг заах эрх Авлигатай тэмцэх газарт байхгүй.
-АТГ-аас О.Цолмон, Э.Батшугар нарыг Н.Энхбаяртай уулзуулах зөвшөөрөл олгоё гэж дуудаад байцаалт авах гэж оролдсон гэх бас нэг мэдээллийг МАХН-ын зүгээс талаас өгч буй. Ар гэрийнхнээс нь мэдүүлэг авсан юм уу?
-Мөрдөн байцаалтын явцад хэн хэнийг дуудаж, ямар мэдүүлэг авсан талаархи асуудал мөрдөн байцаалтын нууцлалд хамаардаг. Өмгөөлөгч нар хавтаст хэрэгтэй нэг бүрчлэн танилцаж дууссаны дараагаар тэд энэ тухай хариулах байх.
-Э.Бат-Шугарыг Монгол Улсын хилээр гарахыг хориглосон гэсэн. Э.Бат-Шугарыг шалгаж байгаа юу?
-Мөрдөн байцаагч нар хэргийн бодит үнэнийг тогтоохын тулд зарим хүмүүсийг Монгол Улсын хилээр гарахыг хориглодог. Энэ талаархи мэдээлэл өгөх боломжгүй.
-АТГ-ын мөрдөн байцаагч нарыг сүрдүүлэх, заналхийлэх оролдлого гарахыг үгүйсгэх аргагүй юм.
-Үгүйсгэх аргагүй. Хэрэв Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн хууль ёсны үйл ажиллагаатай холбогдуулан доромжилсон, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль бий гэдгийг сануулмаар байна.
Д.ЖАРГАЛСҮРЭН