“Хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь чухал”

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

“Хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь чухал”

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр хууль хяналтын байгууллагуудын зарим удирдлагыг хүлээн авч уулзан, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ хуулиар олгогдсон үүргийнхээ дагуу, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хууль хэрэгжүүлэгч хараат бус байгууллага Авилгатай тэмцэх газрын Н.Энхбаярт холбогдох хэргийн талаар, аль нэг талд нь байр суурь илэрхийлэхгүй бөгөөд хууль, шүүхийн байгууллагын аливаа шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй гэдгээ илэрхийллээ.

Тэрээр мөн монголд хууль хэрэгжих, хуулинд захирагдахын үндэс нь Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалах явдал мөн гэдэгтэй  бид нэг байр суурьтай байж чаддаг гэдэгт би итгэж байна гээд нэг монгол хүний эрхийг зөрчих нь нийт монголчуудын эрхийг зөрчиж байгаа хэрэг юм. Хууль дээдлэх, хуулийн дагуу амьдрахын гол баталгаа бол аливаа шүүх процесс бүх монголчуудад ижил тэгш үйлчлэх ёстой гэдэг зарчим гэлээ.

Энэ уулзалтын үеэр хуулийн байгууллагууд өөрсдийн хэрэглэж буй хууль, дүрэм, журмыг олон нийтэд нээлттэй тайлбарлаж хэвших талаар ярилцаж санал солилцов. Ямар үйл ажиллагааг яагаад хийж байгаа, яаж хийж байгаа, хийх гэж байгаа үйл ажиллагаа нь хүний эрхийг яаж илүү сайн хангах юм, хууль шударга ёсыг яаж бэхжүүлэх юм бэ гэдгийг тайлбарлаж сурах хэрэгтэй. Энэ зорилгоор эхний ээлжинд Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яам, Авилгатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрууд олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийн талаар хуулийн дагуу мэдээлж чадах аль болох мэдээллийг өөрсдийн албан ёсны хэвлэлийн мэдээ, вебсайт, олон нийттэй харилцах албаараа дамжуулан нийтэд хүргэж байх нь зүйтэй гэдэгтэй санал нэгдлээ.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэргийн тухайд, хууль хэрэгжүүлэгч байгууллагууд түүнийг бусад иргэдийнхээ нэгэн адил ижил тэгш авч үзэж, түүнтэй хүнлэг харьцах ёстой. Түүний нэр төр, эрх эрх чөлөөг хүндэтгэж, ялангуяа түүний өөрийнхөө болон гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь хүндлэн, эрүүл мэндийг нь болон хууль ёсны аюулгүй байдлын хамгаалалтыг хангаж байх ёстой талаар мөн энэ үеэр ярилцав.

     Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж