Нууцын зэрэглэлд багтах учраас мэдээлэл өгөх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Нууцын зэрэглэлд багтах учраас мэдээлэл өгөх боломжгүй

Нийслэлийн Шүүхээс сэтгүүлчдэд өгсөн албан ёсны мэдээллээр АТГ-ын дарга Ч.Сангарагчаа УИХ-ын гишүүн С.Эрдэнийг гүтгэсэн нь мөрдөн байцаалтын явцад нотлогджээ. Тиймээс шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон гэж үзэн дөрвөн сарын хорих ял оноосон байна. Түүнчлэн түүнийг төрийн нууц задруулсан хэрэгт буруутган нэг жил, хууль бусаар УИХ-ын хэд хэдэн гишүүнийг тагнаж, чагнасан хэрэгт нь нэг жилийн хорих ялыг тус тус оноосон байна. Ингээд түүний гурван хэрэгт нийт 2,4 жилийн хорих ял оноожээ.

АТГ-ын удирдлагад хамаарах хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүр­гийн шүүх гуравдугаар са­рын 21-22-ны өдөр хаалттай шүү­сэн. Зарим эх сурвалжийн мэдээл­лээр Ч.Сангарагчаа нь өөрийн удирдлагад ажиллаж буй дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт үүрэг өгч УИХ-ын хэд хэдэн гишүүнийг тагнаж, чагнуулжээ. Энэ хэргийг нь шалгах явцад нэг хохирогч тогтоогдсон нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ юм байна. Тиймээс ч шүүх бүрэлдэхүүн шүүх ажиллагааны үеэр нотлох баримтыг хэлэлцэж, гэм буруутай болохыг нь тогтоон дээрх ялыг оноожээ. Харин Ч.Сангарагчаагийн төсвийн мөнгө үр дүнгүй зарцуулсан гэх хэргийг нотолж чадаагүй учраас хэрэг­сэхгүй болгов. Шүүхээс Ч.Санга­рагчаад ийнхүү хоёр жил дөрвөн сарын ял оноосон бол АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэн, мөн тус газрын Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноосон. Мөн энэ хэрэгт холбогдоод байсан АТГ-ын Тамгын газрын дарга Г.Бадарчид холбогдох хэргийг нотлогдоогүй тул гэм буруугүй гэж үзэн шүүх хэрэгсэхгүй болгосон.

Уг нь энэ хэрэгт АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбат хохирогчоор татагдаж байсан ч эцсийн мөчид Э.Амарбатыг гэрчээр дуудсан гэ­сэн мэдээлэл байна. Энэ талаар нийс­лэлийн Прокурорын газрын орлогч дарга Ё.Сагсайгаас лавласан ч “АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбатад холбогдох асуудлыг Чингэлтэй дүүргийн шүүхээс асуух хэрэгтэй. Би ямар нэгэн тайлбар өгөх субьект биш” хэмээн хариуллаа. Мөн тэрбээр “АТГ-ын дарга Ч.Сангарагчаа үүрэг даалгавар өгч зарим хүнийг чагнасан гэдэг нь нотлогдсон уу” гэсэн асуултад “Нууцын зэрэглэлд багтах барим бичгийг хэлэлцэж буй учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Шүүхээс ял сонссон Ч.Санга­рагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нар 14 хоногийн дотор нийслэлийн Шүүхэд давж заалдах эрхтэй.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж