АТГ-ын удирдлагад хамаарах хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүх гуравдугаар сарын 21-22-ны өдөр хаалттай шүүсэн. Зарим эх сурвалжийн мэдээллээр Ч.Сангарагчаа нь өөрийн удирдлагад ажиллаж буй дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт үүрэг өгч УИХ-ын хэд хэдэн гишүүнийг тагнаж, чагнуулжээ. Энэ хэргийг нь шалгах явцад нэг хохирогч тогтоогдсон нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ юм байна. Тиймээс ч шүүх бүрэлдэхүүн шүүх ажиллагааны үеэр нотлох баримтыг хэлэлцэж, гэм буруутай болохыг нь тогтоон дээрх ялыг оноожээ. Харин Ч.Сангарагчаагийн төсвийн мөнгө үр дүнгүй зарцуулсан гэх хэргийг нотолж чадаагүй учраас хэрэгсэхгүй болгов. Шүүхээс Ч.Сангарагчаад ийнхүү хоёр жил дөрвөн сарын ял оноосон бол АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэн, мөн тус газрын Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноосон. Мөн энэ хэрэгт холбогдоод байсан АТГ-ын Тамгын газрын дарга Г.Бадарчид холбогдох хэргийг нотлогдоогүй тул гэм буруугүй гэж үзэн шүүх хэрэгсэхгүй болгосон.
Уг нь энэ хэрэгт АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбат хохирогчоор татагдаж байсан ч эцсийн мөчид Э.Амарбатыг гэрчээр дуудсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар нийслэлийн Прокурорын газрын орлогч дарга Ё.Сагсайгаас лавласан ч “АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбатад холбогдох асуудлыг Чингэлтэй дүүргийн шүүхээс асуух хэрэгтэй. Би ямар нэгэн тайлбар өгөх субьект биш” хэмээн хариуллаа. Мөн тэрбээр “АТГ-ын дарга Ч.Сангарагчаа үүрэг даалгавар өгч зарим хүнийг чагнасан гэдэг нь нотлогдсон уу” гэсэн асуултад “Нууцын зэрэглэлд багтах барим бичгийг хэлэлцэж буй учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Шүүхээс ял сонссон Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нар 14 хоногийн дотор нийслэлийн Шүүхэд давж заалдах эрхтэй.