Өмнөговь хөгжсөн үү, уруудсан уу?

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Өмнөговь хөгжсөн үү, уруудсан уу?

Өнөөдөр “Өмнийн говийн бүсийн
хөгжлийн зөвлөл”-өөс “Өмнөговь аймаг дахь геологи, уул уурхайн салбарын
өнөөгийн” байдал сэдэвт нээлттэй зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр
Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын үйл ажиллагаа
хариуцлагын хэрэгжилт, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, эрчим хүчний өнөөгийн
байдал хэтийн төлөв, автозам, хот байгуулалтын асуудал болон төмөр замын талаар
ярилцлаа.

Үйл ажиллагаа зогсоох 8 акт тавьжээ

Өнгөрсөн сард Өмнөговь аймагт үйл
ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад МХЕГ-аас хийсэн шалгалтын үр дүнгийн
талаар тус газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын
газрын дарга Н.Батбаяр танилцууллаа. Тавантолгойн ордоос Гашуунсухайт боомт
хүртэлх зам дээр зөвхөн нэг удаагийн шалгалт хийхэд зам тээврийн 7 осол
бүртгэгдсэн байна. Тус орд газарт хэрэгжиж буй томоохон төслүүд дээр ажилладаг
гэрээлэгч, туслан гүйцэтгэгч  компаниуд хуулийн
зөрчил маш их гаргадаг нь ч тогтоогджээ. Хуулийг хэрхэн биелүүлж байгаа талаар
үнэлгээ хийхэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт 65 хувь, Усны
тухай хуулийн хэрэгжилт 72 хувьтай байжээ. Мөн Монгол улсын Технологи дамжуулах
тухай хуулинд заасан байгаль орчинд ээлтэй технологи ашиглах заалтыг биелүүлдэг
аж ахуй нэгж бараг байдаггүй аж. Шалгалтаар үйл ажиллагааг зогсоох 8 акт, үйл
ажиллагааг сайжруулах 12 тогтоол гаргасан байна. Ойрын хугацаанд Өмнөговь
аймагт Байгаль орчны стратегийн үнэлгээ хийх, Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг
2 орд дээр байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж, зөрчлийг арилгах, дүйцүүлэн
хамгаалах шаардлагатай байгааг Н.Батбаяр дарга санууллаа.

Төмөр замын зураг төслийг өөрчлөх боломжгүй

Өмнөговь аймагт баригдах төмөр замын
талаар Төмөр замын газрын дарга Т.Батболд танилцууллаа. Засгийн газраас 3 төрлийн
концессийн гэрээ байгуулахаар болсон байна. Тавантолгойгоос Сайншанд хүртэлх
төмөр замын ажлыг Хятадын хөрөнгө оруулалттай “Дорнын төмөр зам” ХХК, Монгол
Оросын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” компани гүйцэтгэхээр болсон бол
Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замыг дотоодын 100 хувийн хөрөнгө
оруулалттай “Энержи Ресурс Реал” компани гүйцэтгэхээр болжээ. Шинэ төмөр зам
ашиглалтад орсноор 1тонн/километр нүүрсний тариф 3.5-3.9 цент болох аж. Төмөр
замын суурь бүтцийг цаг хугацаанд нь барихын тулд БНХАУ-аас цөөнгүй ажилчид орж
ирнэ гэдгийг тэрээр онцолсон. Орон нутгийн төлөөлөгчид төмөр замын зураг төсөлд
нэлээд шүүмжлэлтэй хандлаа. Шинээр баригдах төмөр зам нэг ч сум, багийг
дайраагүйг тэд шүүмжилж, зураг төслийг өөрчлөх боломжтой эсэхийг тодруулсан.
Төмөр замын ажил мянганы нарийвчлалтай хийгддэг. Газрын онцлог, хотгор зэргийг
харгалзан үзэж зохиосон байгаа. Тиймээс зураг төслийг өөрчлөх боломж байхгүй
гэдгийг Г.Батболд дарга тайлбарласан. Төмөр замын хил нэвтрэх цэгийг манай улс
дотооддоо тогтоож, тохирсон. Одоо БНХАУ-ын талаас хариу хүлээж байгаа юм байна.

Хот төлөвлөлтийн ажил удааширч байна

Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд,
Цогтцэций сумдад уул уурхайн хөгжлийг дагаад хүмүүс ихээр суурьшиж байна.
Улмаар хот төлөвлөлт хийх зайлшгүй шаардлагатай болсон. Засгийн газраас 2010
онд эдгээр сумдын хот төлөвлөлтийг хийх үүрэг өгсөн боловч өнөөг хүртэл
хэрэгжээгүй байна. Цогтцэций сумын хүн ам бараг 8 дахин өссөн байхад ямар ч хот
төлөвлөлт байхгүй замбараагүй газар бий болжээ. Энэ асуудлыг юунд ингэж удааж,
сунжруулж байгааг тодруулахад ЗТБХБЯ-ны мэргэжилтэн Я.Сумхүү “Хот төлөвлөлтийн
ажлыг АХБ-ны буцалтгүй тусламжаар хийхээр болсон. Төслийн нэг үг үсэг засахад л
гадаад дахь захирлуудын гарын үсэг зуруулах ёстой байдаг. Тиймээс ажил
удааширсан. Энэ оны сүүлээр хийж дуусна” гэлээ. Зөвлөгөөнд оролцогчид гуравхан сумын
хот төлөвлөлтийн ажлыг заавал бусдаас царайчилж, удаан хийх шаардлага байгаа
эсэх дээр шүүмжлэлтэй хандлаа.

Өмнөговь аймагт хамгийн тулгамдсан
асуудал бол ус. Тавантолгойд хэрэглэнэ гэгддэг Балгасын улаан нуур дээр хайгуулын
20 цооногийн битүүмж алдсан байхад ямар ч арга хэмжээ авахгүй байгаа аж. Мөн
Даланзадгадын ДЦС-ын асуудал сар жилээр яригдаж байгаа ч шийдэгдэхгүй, иргэд нь
лаа барьсаар суугаа нь уул уурхай хөгжиж байгаа аймгийн төвийн хувьд ичгүүртэй
асуудал юм. Өнөөдрийнх шиг зөвлөгөөн, хэлэлцүүлэг олон зохиогддог ч ажил болж
гарт баригдаж, нүдэнд үзэгдсэн зүйл хийгддэггүй. Манай улсад хурал нь ихдээд,
ажил нь багадаад байна гэж олон хүн шүүмжлэв.



О.Хосцэцэг

 

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж