УИХ-ын дарга ажлаа хэвийн явуулах үүргийг АТГ-ынханханд өглөө

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга ажлаа хэвийн явуулах үүргийг АТГ-ынханханд өглөө

АТГ-ын дарга, дэд дарга, гүйцэтгэх албаны дарга нар Чингэлтэй дүүргийн шүүхээс 2-2.4 жилийн хорих ял сонсч одоо тус  байгууллага удирлагагүй байна. Олны анхаарал татсан энэ үйл явдлын дараа авлигачидтай тэмцэх энэ  газрыг хэн удирдах вэ гэсэн асуулт  гарч ирж буй юм. Үйл явдлын эргэн тойрон дахь асуудлаар АТГ-ын Тамгын хэлстийн дарга Г.Бадарчтай ярилцлаа. Тэрбээр Эрүүгийн хуулийн 273.2 буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт буруутгагдаж байсан ч Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгосон билээ.

-АТГ газар ямар ч даргагүй боллоо. Дарга нарын асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ гээд танайхан бужигнах байх?

-Ямар ч нөхцөлд АТГ-ын үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдах ёстой. Өглөө хуралдаж хамт олондоо  энэ талаар мэдээлэл хийсэн байгаа. Байгууллагынхаа үйл ажиллагааг тасалдал доголдолгүй яуулах боломжтой бүх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах болно.. Тийм ч учраас АТГ-ын удирдлагыг томилдог УИХ-ын дарга Д.Дэмбэрэл намайг болон манай хэлтсийн дарга нарыг хүлээн авч уулзлаж үүрэг даалгавар өгсөн. УИХ-ын дарга хэлэхдээ “АТГ-ын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй, хуулийн хүрээнд явагдах ёстой. Авлигатай тэмцэх ажил сулрах ёсгүй” гэж хэлсэн. Тэгээд АТГ-ын тасралтгүй явуулж, хэвийн үйл ажиллагааг хангах үүргийг надад болоод манай бусад хэлтсийн дарга нарт даалгасан байгаа. Ингэхдээ манай байгууллагын өдөр тутмын зохион байгуулалтын асуудлыг ерөнхийд нь хариуцдаг өдөр тутмынхаа ажлыг уялдуулан зохицуулж ажиллах үүрэгтэй байлаг Тамгын хэлтэс дээрээ үйл ажиллагаагаа төвлөрүүлж, зангидаж ажиллах үүргийг бидэнд өгсөн. Томоохон асуудлуудыг зөвлөлөөрөө  хэлэлцэж шийдвэрлэх үүрэг өгсөн.  Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй учир АТГ-ын дарга, дэд дарга, гүйцэтгэх албаны дарга нарыг ажлаас чөлөөлөөгүй, түдгэлзүүлээгүй, огцруулаагүй байгаа.

-Гэхдээ Ч.Сангарагчаа даргын төрийн алба хаах эрхийг нэг жил хүртэлх хугацаагаар хасах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан шүү дээ?

-Шүүхийн эцэслэн гарсан, хүчин төгөлдөр шийдвэр дээр үндэслэж дараа дараагийн шийдвэр гарна.

-Шүүх хурал товлогдох үед л холбогдогчдын дунд таны нэр гарч ирсэн.  Танд хэзээ эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ?

-Сүүлд хэрэг үүсгэсэн зүйл байхгүй. Ч.Сангарагчаа даргыг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгаж эхэлсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Тэр үед л миний нэр хамт байсан. Тэгэхээр анхнаасаа л энэ хэрэгт хамт шалгагдаж байсан гэсэн үг.

-Ч.Сангарагчааг мөн төсвийн мөнгийг зориу­лалтын бусаар зарцуулсан гэх зүйл ангиар  буруутгаж байсан учраас таныг буруутгав уу. Эсвэл танд төсвийн мөнгийг өөрөө дур мэдэн зарцуулах эрх  байсан юм уу?

-Би бол АТГ-ын  Тамгын хэлтсийн дарга бөгөөд Төсвийн ерөнхий менежер. Тэгэхээр төсвийн мөнгийг захиран зарцуулахтай холбоотой асуудал миний ажилтай шууд холбоотой. Гэвч АТГ төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх нотлох баримт байгаагүй. Тиймээс  л шүүх хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон.

-Шүүх хурал дээр төсвийн мөнгө зориулалтын бусаар зарцуулсан гэх ямар ямар үндэслэлүүд яригдсан бэ?

-Тодорхой хэдэн хүний мэдээлэл, гомдлын дагуу хэрэг үүсгэн шалгасан юм  билээ. Гэхдээ энэ нь шүүхийн шатанд нотлогдоогүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн. Намайг төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэж буруутгах  дөрвөн үндэслэл байсан л даа. Тухайлбал, АТГ-ын төсөв хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, ажилчдаа орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлсэн, албан хаагчдад нормын хувцас олгосон, албан хаагчдаа гадаадад суралцуулсныг буруутгасан. Мөн манай байгууллага өргөтгөл бариулах хүсэлт тавьсан юм. Тэгээд Засгийн газар, УИХ-д төсөв баталж өгөхийг уламжилсан. Мөн байгууллагынхаа тасралтгүй үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах үүднээс генератор авах хүсэлтийг мөн өгсөн юм. Харин төсөв батлагдахад генератор авах хөрөнгийг батлаад, барилгаа өргөтгөх төсвийг батлаагүй. Тэр жилдээ бид хуулийн дагуу нээлттэй тендер зарлаад цахилгаан үүсгээрээ худалдаж авсан. Ингээд байж байтал Аудитын шалгалт орж ирсэн. Улмаар нөөцлөх нэрээр улсын хөрөнгийг хэрэгцээнээсээ илүү юм авч мөнгөний эргэлтийг саатуулсан гэж дүгнэсэн байгаа юм. Үүнд бодит  тайлбарыг өгсөн. Бидэнд нөөцөлнө гэсэн ойлголт байхгүй. Яг одоо хэрэгтэй, шууд ашиглана. Хэрэгцээнээсээ илүү гэсэн ойлолт байх ёсгүй. Учир нь бидэнд ганцхан генератор хэрэгтэй, тэрийгээ л авсан. Мөн АТГ ашгийн байгууллага биш учир мөнгийг эргэлтэд оруулахгүй. Төрөөс баталсан мөнгөөрөө л хэрэгтэй зүйлээ авсан гэдгийг тайлбарласан. Харин барилгын өргөтгөлийн төсөв энэ жил батлагдаж, бэлтгэл ажлаа хангаж байна.

-Та ганцаараа цагаадлаа. Харин Ч.Сангарагчаа даргын үүргийг биелүүлсэн хоёр дарга нь хөлд нь чирэгдлээ гэх юм?

-Би энэ талаар дүгнэлт хийж, ярихгүй, Тийм эрх надад байхгүй.

 -Гэрчээр ямар хүмүүс оролцсон талаарх мэдээлэл алга байна. Жишээ нь төрийн нууцад хамаарахгүй төсвийн мөнгөтэй холбоотой хэрэгт ямар хүмүүс гэрчээр оролцов?

-Төсвийн мөнгөтэй холбоотой хэргийг төрийн нууцтай холбоотой хэрэгтэй нэгтгэсэн учир бүхэлдээ төрийн нууцад хамаарч байгаа юм. Тиймээс ч энэ хэрэг хаалттай шийдвэрлэгдлээ. Гэрч болон хохирогчоор ямар хүмүүс оролцсон талаарх мэдээлэл  ч хаалттай.

-Тагнаж чагнасан хэргийн гол хохирогч нь мөрдөн байцаагч Э.Амарбат. Гэтэл шүүх хуралд хохирогчоор оролцоогүйд гайхах хүн олон байна?

-Яагаад шүүх хуралд хохирогчоор оролцоогүйг би тайлбарлах субекьт биш шүү дээ.
 
-Сангийн яамнаас Х.Энх-Амгалан гэдэг хүнийг хохирогчоор шүүх хуралд оролцуулсан гэж сонссон?

-Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг үндэслэлээр биднийг шалгасан гэдгийг дээр хэлсэн. Үүнээс үүдээд Сангийн яамнаас эрх бүхий хүнээ томилж, хохирогч нэхэмжлэгчээр Х.Энх-Амгаланг оролцуулсан юм билээ.  Гэхдээ хохирсон зүйл байхгүй тул нэхэмжлэх юм байхгүй гэсэн хариултыг шүүхэд ирүүлээд, шүүх хуралд тэр хүн оролцоогүй.

-Танай дарга нар давж заалдах болов уу?

-Давж заалдана гэж өмгөөлөгч нар нь мэдээлсэн байсан.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж