Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Монголын хүн ам жил ирэх тусам нэмэгдэж өнгөрсөн онд хоёр сая долоон зуун мянган хүн амтай болсон.  Хэдийгээр хүн ам  нэмэгдсэн таатай үзүүлэлт бий ч эхийн эрүүл мэнд муу байна гэж мэргэжилтнүүд үзжээ.  Эх, нярайн эрүүл мэнд сэдвээр  нийслэлийн зургаан дүүрэг, 21 аймгийн эмч нар Улаанбаатар хотод өчигдрөөс эхлэн чуулж байна. Монгол эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь эрхтэн тогтолцооны өвчтэй байна гэсэн судалгаа гарсныг энэ үеэр онцлон анхаарах хэрэгтэйг хэлж байлаа. Эрхтэн тогтолцооны өвчин гэдэг нь суурь өвчин болон сүрьеэ, зүрх, элэг гэх мэт эрхтэн өвчлөлтэй байхыг хэлнэ. ЭМЯ-ны Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйл­­­­­­чил­­гээний бодлого зохи­цуулалт хариуцсан мэргэ­­­­­жилтэн Я.Буянжаргал хэлэх­­­­­дээ “Эмэгтэйчүүдийн өвч­­­­­лөлд архи, тамхи, зохисгүй хооллолт, таргалалт, байгаль орчин, агаарын бохирдол  гэх мэт олон хүчин зүйлс  нөлөөлдөг. Бас нэг шалтгаан  нь жирэмсэн эх эмчийн хяналтанд хожуу орох нь  урагт нөлөөлж эндэх аюул нүүрлэж байна. Нийслэлд ийм байдал түлхүү ажиглагдаж байна” гэв. Учир нь хаягийн бүртгэл хийлгээгүй, харъяа дүүргийн эмнэлэгт хяналтанд ороод дараа нь өөр дүүрэгт шилжих гэх мэт асуудлаас болж хожуу хяналтанд орох нь их байна. Эхийн эндэгдэл Увс аймаг болон нийслэлд их өндөр байгаа аж. Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол үүнд голлон нөлөөлдөг аж.

Нөгөөтэйгүүр сүүлийн жилүүдэд төрөлтийн тоо багасчээ. 1990 онд 88 мянга байсан төрөлт 2009 онд 68 мянга,  өнгөрсөн онд 65 мянга болж буурсан үзүүлэлттэй байна.  Өөрөөр хэлбэл Монголын хүн ам өсөх бус буурч байна. Дээр нь 2010 онд эхийн эндэгдлийн 30 тохиолдол бүртгэгдсэн бол нярайн эндэгдэл өмнөх жилүүдийн дунджаас давсан сөрөг үзүүлэлттэй байна. Хамгийн аймшигтай гэж хэлж болохуйц үзүүлэлт нь жирэмсэн үеийн болон төрөлхийн гажигтай  хүүхэд төрөх нь эрс нэмэгдэж 1998 оныхтой харьцуулахад жирэмсний эндэгдэл /ураг эхийн хэвлийд байхдаа эндэх/27 хувиар,  төрөлхийн гаж хөгжлөөс үүдсэн эндэгдэл 12 хувиар тус тус  нэмэгджээ.

Мөн бага насны хүүхдийн өвчлөл ихсэх хандлагатай байгааг эмч нар эхээс хүүхдэд удамших, эхээр дамжин халдвар авах нь элбэг байгаатай холбон тайлбарлаж байна.

Нярайн нас баралтын 50 хувь нь нэг хүртлэх насанд тохиолдож байна. Бүр нарийвчилбал 70 хувь нь долоо хоногийн дотор эндсэн гэсэн үзүүлэлт гарчээ.  Харин шалтгааны хувьд 60 хувь нь  хүчилтөрөгч дутагдсанаас үүдэлтэй байдаг гэж ЭНЭШТ-ийн хүүхдийн тасгийн эрхлэгч, их эмч Ш.Энхтөр хэллээ.

Орон нутагт мэргэжлийн эмч дутагдалтай байна

Эмч, мэргэжлийн хүмүүс орон нутагт эмч хүрэлцэхгүй байгааг онцолж байна. Дан ганц эмэгтэйчүүдийн эмч  ч бус нарийн мэргэжлийн эмч нарын хүрэлцээ тааруу гэнэ. Үүнийг батлах мэт Увс аймгийн эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжлийн зөвлөх эмч Д.Өнөржаргал  “Манай аймгийн хувьд эх, нярайн эндэгдэл бусад аймгаас өндөр гарсан. Үүний гол шалтгаан нь хотоос алслагдсан  нэг шалтгаан. Алслагдсан болохоор эмч, эмнэлэгийн ажилчдын хүрэлцээ муу, мэдлэг  дутмаг байх гэх мэт олон шалтгаан эндэгдэлд нөлөөлж байна. Үүнээс гадна орон нутгийн эмч нарын орон тоог нэмэх. Шинээр төгсч буй залуучуудын ажиллах сонирхлыг орон нутаг руу татах нөхцлийг эрүүл мэндийн яамнаас бодлогоор зохицуулах шаардлагатай байна. 50 ортой тасагт нэг эмч ажиллаж байна. Энэ нь тухайн эмчид ачаалал эрс нэмэгдэж, үүнээс болж алдаа гаргахыг үгүйсгэхгүй. Орон нутагт ажиллаж байгаа эмч нарын дийлэнхи нь 30-аас дээш насны эмч нар байгаа. Залуу төгсөгч нарыг орон нутагт ажиллуулах зайлшгүй шаардлага байна” гэв.

Харин Өмнөговь аймгийн Эх барих, эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжлийн эмч Л.Чулуун-Эрдэнэ гаж хөгжилтэй хүүхэд тус аймагт төрөх болсоныг уул уурхайн салбартай холбоотой байж болзошгүй тухай ярилаа. Тэрээр “Манай аймагт гаж төрөлт нэмэгдэж буй шалтгааныг тогтоохоор Эрүүл мэндийн сайдын тушаал гарч нарийн мэргэжлийн эмч нар ажиллаад ирсэн. Шинжилгээний хариу сарын дараа гарах байх. Өмнөговь аймгийн хэмжээнд эмчийн тоо буурсан” гэв. Зөвхөн энэ хоёр аймагт ч бус нийт орон нутагт ажиллах хүсэлтэй хүний тоо буурсан нь хүндрэл учруулах болжээ. Орон нутагт эмч цөөн байдгаас өвчтөндөө бүрэн дүүрэн хүрч үйлчилж чаддаггүйгээс өвчлөл нэмэгдэх, тэр дундаа эхийн эндэгдэл ихсэж буй гол шалтгаан. Харин гаж хөгжилтэй төрөлт нэмэгдсэн нь уул уурхайн салбараас үүдэлтэй хордлого, агаарын бохирдлоос болж буйгаас гадна хүнсний аюулгүй байдал алдагдсантай холбон тайлбарлаж байв.

Ш.Чимэг
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж