Мэдээллүүдийн тэнцвэрийг хайхуй

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Мэдээллүүдийн тэнцвэрийг хайхуй

Токиогийн хойд хэсгээр агаар дахь
цацрагийн хэмжээ ердийн үеийнхээс нэмэгдээд байгаа ч энэ нь Улаанбаатар
хотын өвлийн агаар дахь цацрагийн хэмжээнээс хавьгүй бага үзүүлэлт гэж
ГХЯ-ны цөмийн эрчим хүчний асуудал хариуцсан Элчин сайд А.Ундраа хэллээ.

Тэгвэл гамшгийн дараах Токиогийн оршин суугчдаас илүү аюултай нөхцөлд
амьдарч байгаа юм бол бид япончуудад учраад буй түгшүүр сандралыг ойлгох
гэдэг үнэхээр төвөгтэй бололтой.

Хэвлэлээр гарч буй мэдээллүүд голчлон гадаад эх сурвалжтай боловч хоёр
тал руу туйлширсан байгаа нь Японд болоод буй үйл явдлыг ойлгоход бүр ч
ярвигтай болгож байна. Тэнд цацрагт идэвхт бодис хэдий хэмжээгээр
алдагдсан бэ, энэ нь бүс нутгийн орнуудад мэдрэгдэх үү, монголчуудын
гаднаас импортолж байгаа хүнсний бүтээгдэхүүнд тэр бүхэн нөлөөлөх үү
гэсэн асуулт анхаарал татаж байвч хариулт нь туйлширсан шинжтэй байх аж.
Нэг бол “тийм,” нэг бол “үгүй” гэсэн эрс тэс хариултуудын алинд итгэх
вэ гэдэг маш хүнд сонголт болоод байна. Гадаадын хэвлэлээр цацагдаж буй
мэдээллүүд мөн л харилцан адилгүй байр суурь дээр төвлөрч байна. Юутай ч
бодит байдлыг харуулах дүр зургийг тэдгээр мэдээлэлд үндэслэн босгохыг
хичээе.

Үйл явдал болсны да­­раахан Фукушима ато­­­­мын цахилгаан стан­­­­цаас
30-120 км дотор байгаа хөдөө аж ахуйн фермүүдийн бүтээгдэхүүнээс цацраг
илэрсэн юм. Японоос им­­­пор­­­толсон шошноос цацраг илэр­­сэн гэж
Тайвань мэдэг­­­­дээд тус улсаас авчирсан хүнсний бүтээг­­дэхүүнээс анх
удаа цацраг илэрч буй тохиол­дол гэв. Мөн хүний эрүүл мэндэд хор
хөнөөлгүй хэмжээний цацраг туяа тоос шороо ба тунадастай хамт хэд хэдэн
мужид унасан тухай “Киодо” агентлаг мэдээлсэн юм. Өчигдрийн байдлаар
зарим дүүргүүдэд цацраг идэвхит иодийн хэмжээ байх ёстой төвшнөөсөө хоёр
дахин их болсныг албан ёсоор мэдээллээ.

Хэдэн өдрийн өмнөөс Фу­ку­шимагийн ойролцоох усанд цацраг идэвхээр
хордсон иод их хэмжээгээр илэрч зарим суурин газруудад гоожуураас ус авч
хэрэглэхийг хориглоод байсан бол өчигдрөөс Токиод иймэрхүү нөхцөл
үүслээ. Токио нь Фукушимагаас 250 км зайд оршдог аж.

Токио хотын цэвэр усны хангамжийн шугамаар дамжин хэрэглэгчдэд очиж
байгаа усыг бага насны хүүхдэд уулгаж болохгүй гэсэн анхааруулгыг Японы
албаны эх сурвалжууд зарлаж эхэлжээ.

Тэгэхээр Фукушимагийн цөмийн реакторын аюулыг хаалаа гэдэг мэдээллээр
сэтгэл тайвширч болохгүй нөхцөл байдал Японд бий болсон бололтой. Цацраг
идэвхт бодис атомын цахилгаан станцын ойролцоох бүсээс цааш тар­хаагүй,
дахин тархахгүй гэсэн мэдээллийг хэд хоногийн өмнө Улаанбаатарт албаны
хүмүүс дамжуулж байсан ч өнөөдөр байдал арай өөр болж байх шиг. НҮБ-ын
цөмийн эрчим хүчний агентлагийн мэдээлснээр бол Фукушимагийн атомын
цахил­гаан станцаас цацраг идэвхит бодис алдагдсаар байгаа юм байна.

Харин агаар, хөрс, ус, хүнс­ний бүтээгдэхүүн зэргээс мэр сэр илэрч
байгаа цацраг хүний биед хэр хор нөлөөтэй вэ гэдэг асуултын хариу чухал
болж байна.

Фукушима мужаас бүтээг­дэхүүн гадагш нийлүүлэхийг хориглох шийдвэр
гаргахаар Япо­ны эрх баригчид ярил­цаж байна. Тэд өмнө нь Фуку­шимагийн
атомын цахилгаан стан­цыг эзэмшигч эрчим хүчний “Токио Электрик” Пауэр
(TEPCO) компани фер­­ме­рүүдэд учруулсан хохирлынхоо төлөө нөхөн төлбөр
төлөх ёстой гэж мэдэгдсэн юм. Энэ нь ч зүй ёсны асуудал арга хэмжээ биз.
Гэхдээ цацрагийн бохирдол илэрсэн хүнсний бүтээгдэхүүн нь хүний биед
хор нөлөөгүй, хэчнээн хэмжээгээр идсэн ч нөлөө үзүүлэхгүй гэж Төрийн
нарийн бичгийн дарга Юкио Эдано мэдэгдэж буй юм. Тайвань мөн ийм утгатай
мэдэгдэл хийгээд байна. Тайванийн атомын эрчим хүчний зөвлөлийн
дэр­­­­­гэдэх шалгалтын төвөөс мэдээлснээр бага хэмжээ­ний йод ба цезий
баасан гаригт Японоос импортлон оруулж ирсэн шошийн ургам­­­­лаас
илэрсэн ч хууль дүр­мээр тогтоосон радиацийн хэмжээ­нээс бага бөгөөд
хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй гэжээ. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн
байгууллага анхнаасаа л түгшүүрийн харанга цохиж буй юм. Японы засаг
захиргаа хүнсний бүтээгдэхүүн эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэснийг тус
байгууллага үгүйсгэхүйц мэдэгдэл хийсэн юм.

Тэгвэл Токиогийн цэвэр усны шугамаар дамжиж байгаа ус ямар аюултай вэ?
Юуны өмнө хэрэглээний ус хүүхдийн биед таагүй нөлөөлөл үзүүлэхээр байгаа
гэж мэдээлэлд дурдаж байна. Токио хотын усанд байгаа цацраг идэвхит
иодийн хэмжээ ийм дүгнэлтэд хүргэж байгаа гэнэ. Цацраг идэвхит иод-131
бодисын байж болох төвшин нь нэг литрт 100 бекрель байх ёстой бол
Токиогийн зарим дүүргүүдэд литр тутамд 210 бекрель болж байгаа юм байна.
Хэдийгээр энэ хэмжээ насанд хүрсэн хүнд огцом өөрчлөлт үзүүлэхүйц
хортой биш ч хүүхдэд ийм орцтой усыг өгч болохгүй гэсэн анхааруулгыг
өчигдөр гаргалаа.

Одоогоор Өмнөд Солонгос болон ОХУ-ын Владивосток орчимд цацрагийн
хэмжилт, хяналтыг байнга хийж буй бөгөөд ердийн хэмжээнээс хэтийдсэн
тохиолдол бүртгэг­дээгүй гэж мэдээлж байна. Харин АНУ Японоос хүнсний
зүйлс оруулахыг хориглосон анхны улс болж байгаагаа зарласан гэдэг
мэдээлэл өчигдөр цацагдлаа.

Монголын Гадаад харил­цааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд
А.Унд­раагийн мэдээлж буйгаар Фукушимагийн зарим реакто­руудыг уржигдар
байнгын цахил­­­гааны эх үүсвэрт амжилт­­­­­тай холбосон бөгөөд
ингэс­­­нээр хөргөлт хийхийн тулд дахин ус ашиглаж, уур дэгдээх
шаардлагагүй болжээ. Уур гадагш дэгдэхгүй болно гэдэг нь түүгээр дамжин
цацраг агаарт тархахгүй гэсэн үг юм байна. Гэтэл НҮБ-ын цөмийн эрчим
хүчний агентлаг Фуку­шимагийн атомын цахил­­гаан станцаас цацраг идэвхит
бодис алдагдсаар байгаа гэв.

Энэ мэдээлэлд монголчууд тайван хандаж байгаа ч Хирошима, Нагасаки хотод
тохиолдож байсан атомын бөмбөгийн аюулыг бие, сэтгэл, хэдэн үеэрээ
амссан япончуудад цацраг идэвхит бодис хүнс, уснаас нь илэрч байгаа
явдал хүндхэн тусч байж мэдэх юм. Юутай ч Японы засаг захиргаа иргэддээ
мэдээллийг тайван хэлбэрээ хүргэж, аюулгүй гэсэн үгээр тайвшруулж байна.
Иргэд нь хүүхдээсээ эхлээд хөгшдөө хүртэл байгалийн гамшигт үзэгдэлд
байнгын бэлтгэлтэй байж, биеэ хамгаалах арга замд эртнээс суралцдаг ч
дээрх мэдээллүүдээс харахад энэ удаагийн гамшиг, осол тийм ч амаргүй
зүйл болох нь ойлгогдож байна.

З.БОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж