Уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Тог тасардаггүй, цахилгааны хязгаарлалт, хосмдолд ордоггүй өнөөгийн улаанбаатарчууд бидний амьдрал бол Багануурын уурхайчдын цаг, минут тутмын хөдөлмөр, уурхайн удирдлагын сайн менежмент, олон жилийн туршлагын үр дүн юм. Гэвч сүүлийн 10 гаруй жил улс төрийн тоглоомын үр дагаварт  32 жилийн баялаг түүхтэй  “Багануур” ХК-ийн санхүүгийн байдал уналтад ороод байгаа нь нууц биш. Нөхцөл байдал ийм байдалд хүрэхэд хэн буруутай вэ? Уурхайн одоогийн бэрхшээлийн талаар Уул уурхай, нүүрс олборлолт, борлуулалтын “Багануур”  Хувьцаат компанийн
Санхүү, дийн засгийн хэлтсийн дарга А.Энхбаттай ярилцлаа.

-Та бүхэн уурхайн ирээдүйн талаар ямар төсөөлөлтэй байна вэ?

-Улаанбаатараас 130 км-т орших, нийслэлтэй авто болон төмөр замын сүлжээгээр шууд холбогдсон, сайн хөгжсөн дэд бүтэцтэй,  25 мянга орчим хүн амтай дүүрэгт оршдог уурхайнхаа ирээдүйг гэрэлтэй, гэгээтэйгээр төсөөлдөг. Манай уурхайн орд 700 гаруй сая тонн нүүрсний баялаг нөөцтэй. Бид өнөөдрийн байдлаар 85.0 сая тонн нүүрс олборлоод байна. Тэгэхээр ордод байгаа үлдэгдэл нөөц их байгаа биз? Манай компанид ил уурхайн техник, технологийн чиглэлээр хангалттай туршлага хуримтлуулсан чадварлаг мэргэжилтнүүд ажилладаг. Цаашид  манай уурхайн хөгжиж дэвжих зам гэгээтэй, ирээдүй гэрэлтэй байгаа.

 -Дулаан, эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбогдож нүүрсний хэрэгцээ ч нэмэгдэж байгаа нь ойлгомжтой. Багануурын уурхайн өнөөгийн нөхцөл байдал, нүүрсний борлуулалт, захиалгын талаар товч мэдээлэл өгнө үү.

-Манай уурхай  жилд дунджаар 2.8-3.0 сая тонн нүүрс борлуулдаг байсан бол 2010 онд 3.4 сая тонн нүүрс борлуулаад байна. 2011 онд хэрэглэгчдээс ирсэн нүүрсний захиалга 3.5 сая тонн байна. Манай уурхайчид энэ хэрэгцээг хангаж, захиалгыг гүйцэтгэж чадна.

 -Уурхай  жилдээ 18-20 сая шоо метр хөрс хуулалтын ажил хийх ёстой. Гэтэл Багануурын уурхайд технологийн горимын дагуух хөрс хуулалт, ус шүүрүүлэлтийн ажлууд хийгдэхгүй байна. Тиймээс хөрс хуулалтын хоцрогдол руу жилээс жилд ойртож байна гэж дуулдсан?

 -Хомс төсөвтөө таарсан техникээр, техникийн ядруухан боломжид баригдсан технологиор ажиллаж байгаа нь  сэтгэл түгшээж байна. Уг нь ил уурхайн технологи болон манай уурхайн төслөөр жилээс жилд хөрс хуулалтын хэмжээ тогтмол байхаар тогтоосон байдаг. Бид тэр хэмжээгээр хөрс хуулалтаа хийж чадахгүй байгаа. Шалтгаан нь нөгөөх л техникийн боломж. Өнөөдрийн байдлаар жилд дунджаар 14-15 сая м3 хөрс хуулалтын ажил хийж байна. Уурхай нүүрсний давхаргын уналаа дагаад жилдээ 3-5 метрээр гүнзгийрээд байдаг. Тиймээс уурхайн гүнзгийрэлтээс хамаарч хуулах хөрсний хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байгаа гэсэн үг. Гэвч төслийн дагуух дунд хугацааны урьдчилсан хөрс хуулалтыг хийж чадахгүй зөвхөн тухайн жилд олборлох нүүрсний дээд талын хөрсийг хуулж байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар уурхайн үйл ажиллагаа хүндрээд хөрсөндөө даруулаад яг зогсчихоогүй байна. Оройтоогүй дээрээ цаг алдалгүй арга хэмжээ авах ёстой.

-Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотыг цахилгаан дулаанаар хангах нь та нарын үүрэг. Гэтэл  тэрэг техник чинь бүрэн бүтэн байж чадаж байна уу. Бүрэн бус техникээр ажил гүйцэтгэж байгаагаас техникийн аваар гарах нөхцөл  бүрддэг байх. Та бүхэнд  үйлдвэрийг зогсоох эрх байхгүй. Сүүлийн  жилүүдэд төвийн бүсийн эрчим хүчний гол түүхий эдийг нийлүүлэгч “Багануур” ХК-ийн санхүүгийн байдал уналтад орсон . Нөхцөл байдал ийм байдалд хүрэхэд хэн буруутай вэ? Хэн, хаанаас, ямар арга хэмжээ авах ёстой юм бол?

-Бид буруутан хайхаасаа өмнө гарах гарцаа эрэлхийлэх ёстой. Гэхдээ ийм  байдалд хүргэсэн шалтгаан мэргэжлийн хүмүүст төдийгүй олон түмэнд цагаан дээр хараар бичсэн шиг илэрхий. Юуны өмнө, нүүрсний үнийг Засгийн газраас хатуу барьж байгаа нь уурхайг сөхрүүлэх шахаж байна.  Үнийн энэ хатуу чанга бодлого засвар үйлчилгээгээ чанартай хийх, техник, тоног төхөөрөмжөө өөрийн хөрөнгөөр шинэчлэх боломжийг хязгаарладаг. Үе үеийн Засгийн газар ард түмний нуруун дээр хүнд ачаа ирнэ гэсэн нэрийдлээр эрх барих дөрвөн жилийн хугацаандаа нүүрсний үнийг нэмэгдүүлэхгүй хатуу барьж ирсэн. Ер нь нүүрсний үнийг нэмэгдүүлэх саналыг тавихад шаардлагатай хэмжээнээс байнга доогуур тогтоодог. Энэ нь эргээд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл үүсгэдэг. Уг нь бид 2010 оны тавдугаар сард, нүүрсний үнийг нэмэгдүүлэх асуудлыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө шийдвэрлүүлэн ЭБЭХЯ-нд хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй. Санхүүгийн байдал маш хүндрэхээр байна. Тоо хэлье л дээ. Төрийн өмчийн хороо, Төлөөлөн удирдах зөвлөлөөс хянаад баталсан бизнес төлөвлөгөөгөөр 2011 онд 9.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллана.

-Энэ чинь юу гэсэн үг вэ?!

-Өнөөдөр уурхай тонн нүүрсээ 18200 төгрөгөөр борлуулж байна. Гэтэл 1 тн нүүрсний өөрийн өртөг 21300 төгрөгт хүрсэн. 1 тонн тутмаас 3100 төгрөг алдаж байгаа. Жилдээ 3.4 сая тонн нүүрс борлуулж байгаа уурхайн хувьд хэдий хэмжээний алдагдалтай ажиллах нь тодорхой. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өртгөөс нь доогуур үнээр борлуулах нь алдагдал, тэр ч байтугай дампуурал бус уу? Үүнийг засаг төр анхаараасай гэж 1000 гаруй уурхайчныхаа өмнөөс хэлж байна.

 -Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш, валютын ханш өсөхөд дагаад бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж байдаг. Энэ асуудал танайх шиг том байгууламжинд хүндээр тусна биз?

-Тэгэлгүй яах вэ. Манай Багануур Хувьцаат компани дэлхийн уул уурхайн компаниудад хэрэглэгддэг хүчирхэг техникүүдийг нэгэн адил ашиглаж байна. Түүний сэлбэг хэрэгслийг мэдээж, тэдний адил дэлхийн зах зээлийн үнээр авдаг. Түүнээс гадна үйлдвэрлэл явуулахад ашиглаж байгаа сэлбэг, хэрэгсэл, дизелийн түлш, тэсрэх материал гээд бүгдийг дотоодын компаниудаар дамжуулан гадаадаас авдаг. Гадны зах зээлээс хамааралтай гэсэн үг. Дотоодын зах  зээл хөдөлмөр хамгааллын хувцас зэргийг л нийлүүлнэ шүү дээ. Онцолж хэлэхэд, ил уурхайн  борлуулалтын хэмжээ нэг ижил төвшинд байсан ч хөрс хуулалтын хэмжээ жил бүр гүнзгийрэн нэмэгдэж байдаг учраас өртөг өндөрсөх бас нэг том шалтгаан болж байдаг.

-Гарц  байна уу?

-Байлгүй яах вэ. Бидний гарах гарц бол ойрын хугацаанд нүүрсний үнийг яаралтай нэмэгдүүлэх явдал. Уурхайг хөрсний хоцрогдол руу нэг мөсөн орохоос өмнө амжиж, ядахдаа алдагдалгүй байх хэмжээнд нүүрсний үнийг нэмэгдүүлэх нь гол асуудал болоод байна. Уурхай гэдэг хүндрэл бэрхшээлтэй асуудлыг цаг алдалгүй шийдэж байхгүй бол нэгэнт хүндэрчихсний дараа шинэ уурхай байгуулахаас ч их хэмжээний хөрөнгө, хүч, цаг хугацаа шаарддаг учир энэ асуудал дээр маш ухаалгаар хандах хэрэгтэй юм. Манай компани санхүүгийн хөндлөнгийн аудитын байгууллагын хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг. Төрийн өмчийн хорооноос өртөг зардлыг байнга хянадаг. Аргагүй болоод л үнийн асуудлыг яриад байгаа юм. Бид зөвхөн үнэ нэмүүлэх бус өөрсдөөс шалтгаалах боломжтой бүхнийг хийж байгаа.

 -Нүүрсний үнийн авлагаа цаг тухайд нь авч чаддаггүй, зээлээр борлуулалт хийдэг байсан нь үйлдвэрлэлийг хэвийн явуулахад хүндрэл учруулдаг байсан байх л даа. Эрчим хүчний компаниудад 2010 онд улсын төсвөөс 15 тэрбум төгрөгийн татаас өгсөн гэж үнэн үү?  Гэтэл танай уурхайн өр авлага яригдсан хэвээр л байгаа. Нүүрсний өөрийн өртгийг дотоод нөөц боломжоо ашиглан бага байлгах боломжтой гэж зарим хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

 -Манай уурхайн гол хэрэглэгчид ДЦС-4, 3, 2 ТӨХК, Дархан, Эрдэнэтийн ДЦС-ууд, Багануурын Дулааны станц байдаг. Эдгээрээс нийтдээ 11.1 тэрбум төгрөгийн авлагатай байна. Тэр төсвөөс өгсөн 15 тэрбум төгрөгийн хүчинд ДЦС-ууд 2010 оны нүүрсний төлбөрөө бүрэн төлсөн. Гэвч нэгэнт алдагдалтай ажиллаж байгаа болохоор санхүүгийн байдал хүнд хэвээр. “Монгол нүүрс” төслийн хүрээнд 1997 онд Дэлхийн банк болон Японы Засгийн газраас Сангийн яамаар дамжуулан зээлж авсан урт хугацаат зээлийн өглөг 53.6 сая ам.доллар буюу 67.4 тэрбум төгрөгийн үлдэгдэл өртэй байна.

“Монгол нүүрс” төслийн хүрээнд АНУ-ын томоохон төслийн институт уурхайн төслийг боловсруулж, 2020 он хүртэлх нүүрсний өөрийн өртгийг тооцсон байдаг. Үүнтэй уялдаж нүүрс борлуулах үнэ зайлшгүй ийм байх ёстой гэж жил, жилээр тогтоон тухай үеийн Засгийн газартай гэрээ хийсэн байдаг. Харамсалтай нь энэ гэрээ үе үеийн Засгийн газарт зүгээр л цаас болоод үлдсэн. Үе үеийн Засгийн газар нүүрсний үнийг төслийн үнээс байнга доогуур тогтоож байснаас компани 23.0 сая доллар буюу тухайн үеийн ханшаар 26.0 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдсан. Үүнийг арилжааны банкны хугацаагүй хадгаламжийн хүүний дундаж ханшаар тооцвол 10.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.

-Зөвхөн нүүрсний үнийг нэмснээр асуудал шийдэгдэх үү. Багануур ХК 2005-2010 онд зардлыг 7.4 тэрбум төгрөгөөр бууруулж чадсан гэлээ.Тодруулж ярина уу?

-Үргүй зардлыг бууруулах, гаднаас өндөр үнээр авдаг сэлбэгийг өөрсдийн хүчээр хийж зардал багасгах зэргээр манай инженер, ажилтнууд бүгд идэвхи санаачилга гарган ажилладаг. Үүний хүчинд 7.4 тэрбумаар зардлыг бууруулсан нь бидний амжилт. Дэлхийн зах зээл дээрх түлш, шатахуун, резинэн эдлэл, төмөр, тэсрэх материалын үнэ жилээс жилд өсч байгаа энэ үед үйлдвэрлэлийн зардлыг аль болох багасгах, үргүй зардлыг арилгах, дотоод нөөц бололцоог илүү ихээр дайчлан ажиллаж, нийт машин тоног, төхөөрөмж нэг бүрийн бүтээлийг нэмэгдүүлэх замаар нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулах бодлого баримталж байгаа. Гэхдээ энэ хүнд үйлдвэр гэдгийг ойлгох хэрэгтэй. Яаж ч болохгүй зардлууд байна. Зарим сэлбэг хэрэгслүүд 200-500 сая төгрөгийн үнэтэй, бүр 3 тэрбум төгрөгийн үнэтэй ч байна. Хөрс тээврийн автосамосвалын 1 ш дугуй гэхэд дэлхийн зах зээл дээр байгаа үнэ нь 30 сая төгрөг, нэг машинд 6 ширхэг дугуй ордог гэвэл 180 сая төгрөг болно. Ийм машин 10 гаруй байна. 100 км-т 550 л дизелийн түлш хэрэглэнэ. Ямархуу зардлаар үйлдвэрлэл явуулдаг маань эндээс харагдаж байгаа байх. Харин ч бид цахилгаан эксковаторууд ашигладаг маань бага зардал гаргах боломжийг олгодог. Дизелийн түлш хэрэглэдэг байсан бол зардал асар их нэмэгдэнэ. Ялангуяа нийт ашиглаж байгаа техникүүдийн 80 гаруй хувийн ашиглалтын хугацаа дууссан хуучин машин механизмууд дээр засвар үйлчилгээ хийж ашиглаж байгаагаас техникийн хуучралттай холбоотой ихээхэн нэмэлт зардлууд гарч байгаа. Энэ нь нүүрсний өөрийн өртгийг нэмэгдүүлэх бас нэгэн том хүчин зүйл болж байна. Түүнчлэн үүнтэй холбогдож хөдөлмөр хамгааллын ноцтой зөрчил гарах нөхцөл бий болох, ажиллагсдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй ажлын байрууд бий болоод байгааг яах ёстой вэ. Хүний нөөцийн бодлогын хүрээнд компанид чадварлаг мэргэжилтнүүд ажиллуулахын тулд ажилчдын цалинг ч нэмэгдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд энэ нь нөгөө л нүүрсний үнээр хазаарлагддаг.

-“Нүүрсний үнийг нэмж болохгүй, ард түмний нуруун дээр ачаалал ирнэ, тэгээд ч  манай Засгийн газрын нэр хүндэд муугаар нөлөөлнө …” гэсэн үе үеийн засаг сайд нарын “арьсаа” хамгаалсан бодлогыг би хамгаалах гээд байна л даа..  Нүүрсний үнийг нэмснээр цахилгаан, дулааны үнэ нэмэгдэж, ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа ирэх юм биш үү?

 -Олон жил үнийг барьж байснаас уурхайн санхүү, эдийн засгийн байдал үнэхээр хүнд болоод байгааг тэд уурхай дээр ирж үзээд, ойлгоод, толгой сэгсэрч шогшроод явдаг юм, сэтгүүлч та нар ч зөвөөр ойлгодог. Манай үнэ гадаадын ижил төстэй уурхайнуудынхаас харьцангуй бага. Гэтэл хэрэглэж байгаа сэлбэг хэрэгслүүдээ тэдэнтэй ижил үнээр авч байна. Өнөөдөр уурхайгаа зогсоочихвол гэрэл, цахилгаангүй болж ноцтой байдал үүсэх эрсдэлийг хаа хаанаа тооцоосой. Нүүрсний үнэ нэмэгдсэнээр дулаан, цахилгааны үнэ өсөх нь тодорхой. Гэхдээ ягтаа тулчихгүйн тулд нүүрсний үнийг нэмэхээс өөр гарц байхгүй нь “хоёр хоёрын 4” гэдэг шиг  илэрхий. Аргалж дөнгөж болох юм, боломжгүй юм гэж байдаг биз дээ? Цаашаа ингэж явж болохгүй болоод байна.

-Нүүрсний үнийг өсгөснөөр ямар аюул занал учрах бол оо? Манайх 2 хүүхэдтэй залуу гэр бүл, сард дунджаар 200 кВт цахилгаан ашигладаг. Тухайлбал манайх хэдийг нэмж төлөх бол?

-Ёстой нүдээ олсон асуулт байна, баярлалаа. Нүүрсний уурхайнуудын үнийг дунджаар 20 хувиар өсгөхөд цахилгаан, дулааны үнэнд 5-7 төгрөгөөр л нөлөөлнө. Сард дунджаар 200 кВт цахилгаан хэрэглэдэг айлын хувьд 1540 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. Ер нь нүүрсний уурхайнуудын хувьд үнээ зах зээлийн зарчмаар тогтоогоод, цахилгаан станцуудын хувьд бол үнийг өсгөхгүйгээр төрөөс зөрүүг нь олгох зарчмаар явж болно. Гадаад улс орнуудад ийм жишиг байдаг. Монголд л гэхэд нефть импортлогч компаниуд зах зээлээс хамаараад үнээ хөдөлгөөд болж л байгаа шүү дээ. Эрчим хүчинд иймэрхүү зохицуулалт хийх хэрэгтэй байна. Огцом ихээр нэмэх биш, бага багаар. Дандаа нэмэх биш бас буурдаг байна.

-Оны өмнө УИХ-аас түлш, эрчим хүчний салбарын талаар тогтоол гаргасан. Энэ танай компанид хэр үр дүнгээ өгч байна?

-2010 онд гарсан УИХ-ын 72 дугаар тогтоолоор түлш, эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Манай компанитай холбоотой урт хугацаат зээлийг анх зээлсэн үеийн ханшаар тооцож төгрөгт шилжүүлэх, улсын төсвөөс татаас олгох, томоохон шинэчлэлтийн ажлыг төсвөөс санхүүжүүлэх, нүүрсийг боловсруулж ашиглах, Багануурын уурхайг түшиглэн эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, 2014 оноос зах зээлийн зарчимд шилжүүлэн ажиллуулах зэрэг маш чухал шийдвэрүүд гарсан. Одоо Засгийн газраас тогтоол гаргаж хэрэгжүүлэх ажил үлдээд байна. Зах зээлийн зарчимд шилжсэнээр нүүрсний үнийг өртөг, зардалтай нь уялдуулан уян хатан тогтоож байх юм. Өсч ч болно, буурч ч болно гэсэн үг. Ингэснээр эдийн засгийн хувьд эрүүлжинэ. Бид цаашид зөвхөн улсаас тусламж дэмжлэг хүлээж суух бус зах зээлийн зарчмаар, хувьцаат компаниудын жишгээр, хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах замаар шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагааг явуулна. Харин нүүрсний үнийг төрөөс хатуу барьсан хэвээр байх юм бол хөрөнгө оруулагчдыг үргээх аюултай. Энэ бол бодит эрсдэл.

  -Уул уурхайн салбарт Багануурын уурхайн өнөөгийн байр суурь ямар төвшинд байна вэ? Багануур хамгийн том уурхай гэдэг ойлголт нэгэнт байхгүй болсон гэлцэх юм?

-2010 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 22.0 сая тонн нүүрс олборлосноос 16.0 сая тонн нүүрсийг экспортод гаргасан. Өөрөөр хэлбэл, дундажаар 50-60 ам.доллараар урд хөрш рүү борлогдож, нүүрсний тонн тутмаас ашиг олж байгаа. Багануурын хувьд ашиг олохыг зорилгоо болгодоггүй. Дотоодын дулаан, эрчим хүч үйлдвэрлэгч компаниудыг нүүрсээр найдвартай хангах, Монгол орны төвийн бүсийн сүлжээг гал алдуулахгүй байх зорилтынхоо төлөө ажилласаар ирлээ. Бид жилдээ 3.4 сая тонн нүүрс олборлож ДЦС-4, Дархан ДС, Эрдэнэт ДС-ийн хэрэглээний 65-70%-ийг, ДЦС-3, ДЦС-2, Багануурын ДС-уудыг 100% нүүрсээр хангаж байна. Энэ утгаараа бид дотоодын зах зээл дээрх хамгийн том уурхай хэвээрээ гэж ойлгож байгаа.

-Баярлалаа, Монгол Улс гэрэл гэгээтэй , айл бүрийн галын дөл өөдөө байхын ерөөл дэвшүүлье!

                  А.Бүжинлхам
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж