
Нээлтийн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ноэлин Хэйзерээс ирүүлсэн видео илгээлтийг оролцогчдод хүргэв. Хатагтай Ноэлин Хэйзер ирүүлсэн илгээлтдээ Ази, Номхон далайн бүс нутаг нь гадны хүчин зүйлийн сорилттой тулгарсаар байгаа учраас энэ оны тайлан нь энэхүү сөрөг урсгал, тогтворгүй байдлыг гэтлэн давах ерөнхий зураглал болох зорилготой бөгөөд тулгарч буй гол эрсдлүүдийг тодорхойлж, тогтвортой нийтлэг өсөлтийг хангах бодлогын чухал асуудлуудад дүн шинжилгээ хийснээрээ ач холбогдолтойг онцлон тэмдэглэсэн байна.
НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос эрхлэн гаргадаг энэхүү судалгааны 2012 тайлангийн үндсэн мэдээллийг тус комиссын Макро-эдийн засгийн бодлого, хөгжлийн газрын эдийн засгийн асуудал хариуцсан доктор Миа Микич танилцуулж, Монгол улсын эдийн засгийн дунд хугацааны хандлага ба хүртээмжтэй өсөлтийн талаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга, доктор Ч. Хашчулуун илтгэлээ.
Тайлангийн нээлтэд төрийн болон төрийн бус, иргэний нийгэм, хувийн хэвшил, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд, олон улсын байгууллагууд, элчин сайдын яамд болон холбогдох яам, агентлагын эксперт, судлаач мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.
Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд гадаад орчин сорилт хэвээр байх учраас 2012 оны судалгаа энэхүү тогтворгүй байдлыг гэтлэн туулахад тус дөхөм болох ерөнхий зураглалыг гарахад анхаарал төвлөрүүлжээ. Энэхүү судалгаа нь Ази-Номхон далайн бүс нутаг хөгжил дэвшлийг хуваалцах тогтвортой замаар замнах үнэлж баршгүй чухал хэрэгслүүдийг тодорхойлж байгаа талаар, хөгжингүй орнуудад гаргах бүс нутгийн экспорт буурч, капиталын өртөг нэмэгдсээр байгаатай уялдаж Ази, Номхон далайн бүсийн өсөлтийн сааралт дахин нэг жил үргэлжлэх боловч тус бүс нутаг нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн хөтлөгч хэвээр байх болно гэж судалгаанд тэмдэглэсэн байна.
Бараа бүтээгдэхүүний үнийн тогтворгүй байдал нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нэлээд хугацаанд үргэлжлэх хандлагатай байгаа тул улс орнууд хөгжил дэвшлийг хуваалцах нь ач холбогдолтойг онцолжээ.
Тайланд тооцоолсоноор бүс нутгийн хөгжиж байгаа орнуудын 2010 онд 8.9 хувь байсан өсөлт өнгөрсөн жил 7.0 хувь болж буурсан бол 2012 онд 6.5 хувь болж буурах төлөвтэй байна. Ийнхүү өсөлт саарах нь Ази, Номхон далайн бүс нутгийн инфляцийн түвшин 2011 оны 6.1 хувиас энэ жил 4.8 хувь болж буурахад нөлөөлнө гэсэн төсөөлөл гарсан байна.
Ази-Номхон далайн бүс нутаг дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөшүүрэг хэвээр байсаар байна
Евро бүсийн өрийн хямрал болон АНУ-ын эдийн засгийн байдал ээдрээтэй хэвээр үргэлжилсээр байгаатай уялдан бүс нутгийн уламжлалт экспортын зах зээлийн эрэлт хэрэгцээ буурч байгаа болон капиталын өртөг өсөж, зарим хөгжингүй орнуудын мөнгөний сул бодлого нь Ази, Номхон далайн бүс нутгийн өсөлтөд 2012 онд сөрөг нөлөө үзүүлнэ гэж тайланд дурджээ.
Хэдийгээр өсөлт саарах боловч бүс нутгийн өсөлт дэлхийн хамгийн хурдацтай өсөлт хэвээр байх ба Хятадын 2011 оны 9.2 хувийн өсөлт буурсан ч 8.6 хувийн эрчимтэй өсөлттэй байх болно гэсэн төсөөлөлтэй байна. Өнгөрсөн санхүүгийн жилд Энэтхэгийн өсөлт 6.9 хувь байсан бол 2012 онд 7.5 хувь байх таамаглал гарчээ.
Бодлогын сорилтууд ба хувилбарууд
Энэхүү судалгааны тайлан Ази, Номхон далайн бүсийн орнуудад тулгарч байгаа хэд хэдэн бодлогын сорилтууд болон хувилбаруудыг дэвшүүлж байна. Үүнд:
- өсөлт ба инфляцийн тэнцвэрийн менежемент, мөнгөний бодлогоос гадна инфляцтай тэмцэх бусад арга хэмжээг авах;
- хөрөнгийн урсгал болон ханшийн хэлбэлзэлийг зохицуулах;
- дотоодын хэрэглээг хөхиүлэн дэмжиж өсөлт, бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын нөхцлийг сайжруулах, орлогын тэгш байдлыг хангах зүтгүүр болгох замаар өсөн нэмэгдэж байгаа ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэх.
2012 онд Зүүн Өмнөд Азийн өсөлт сайжрах ба Тайландад үерийн гамшгийн дараахь эдийн засгийн сэргэлт ажиглагдаж байна.
Хэдийгээр Зүүн Өмнөд Азийн олон улс орон дэлхийн эдийн засгийн хөгжлийн сааралтад ихээхэн өртөж байгаа ч гэсэн өнгөрсөн жилийн үерийн гамшгийн хохиролыг Тайланд Улс амжилттай давж, сэргэж байгаа нь дэд бүс нутгийн өсөлт хэдий бага ч 5.2 хувьтай байх төсөөлөл гарч байна.
Тайланд дэвшүүлж байгаагаар, 7.6 хувийн өсөлттэй байсан Хойд болон Зүүн Хойд Азийн өсөлт 2011 онд 7.1 хувьд хүрч саарсан ч Хойд болон Зүүн Хойд Ази эрчим хүчний үнийн өсөлтөөс улбаалан 2012 онд өсөлт нь 4.3 хувь хүрч буурах төлөвтэй байна. Номхон далайн арлын хөгжиж буй орнуудын хувьд 2012 онд өсөлтийн нийлбэр доогуур буюу 5.7 хувь байх төлөвтэй бөгөөд энэ нь Папуа Шинэ Гвиней улсын өсөлт хэт доогуур байгаатай холбоотой аж.
Өмнөд болон Баруун өмнөд Азийн хувьд 2011 оны 6.7 хувийн өсөлт нь 2012 өсөлт 5.8 орчим хувь байх төсөөлөл гарч байгаа бөгөөд гол нь инфляцийн эсрэг авч байгаа мөнгөний хатуу бодлоготой холбоотой юм.
Бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нөхцөлд амьдрах
Богино болон дунд хугацаанд бүс нутагт тулгарах сорилтуудад Судалгаа дүн шинжилгээ хийж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байхыг цохон тэмдэглэсэн. Бараа бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт нь сорилт, боломжийн аль алийг бий болгож байна. Буурай хөгжилтэй улс орнууд өндөр үнэтэй бүтээгдэхүүнээр дагнах байдлаас аль болох зайлсхийх хэрэгтэй бөгөөд эс тэгвээс энэ нь үйлдвэржилт, эдийн засгийн төрөлжилт, чадавхийг бий болгох үйл явцад саад учруулж болзошгүйг анхааруулж байна.
Дэлхийн хэмжээний хязгаарлагдмал нийлүүлэлт болон бараа бүтээгдэхүүний зах зээл дээрхи санхүүгийн тоглоом, дэлхийн бэлэн мөнгө болон эдийн засгийн бус нийлүүлэлтийн хямрал, тухайлбал нефть үйлдвэрлэгч орнууд дахь улс төрийн тогтворгүй байдал зэрэг нь амь бөхтэй оршиж байгаа үнийн тогтворгүй байдал болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт урт хугацаанд үргэлжилж “шинэ хэвийн үзэгдэл” болох магадлалтай байгаа талаар судалгааны удиртгалд онцолжээ.
Өсөлтийг хүртээмжтэй болгох
Бүс нутгийн хувьд өөр нэг чухал асуудал бол өсөлтийг хүртээмжтэй болгох явдал юм. 1990-ээд оноос хойшхи хугацаанд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад орлогын тэгш бус байдал 15 хувьд хүрч өсөөд байна.
Бүс нутгийн хөгжиж байгаа орнуудын нэг тэрбум ажилчдийн хөдөлмөр эрхлэлт туйлын эмзэг асуудал болж байгаа бөгөөд албан салбарт ажил эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэх асуудал улам бүр буурсаар байгааг судалгааны тайланд дурджээ. Түүнчлэн насанд хүрэгсэдтэй харьцуулахад залуус ажилгүйдэлд өртөх магадлал өндөр байгаа ба залуучуудын ажилгүйдлийн түвшин 2012 онд 10.2 хувьтай байх төсөөлөл гарч байгаа боловч дийлэнхи улс орон олон талт арга хэмжээг авах, өсөлтийн тэнцвэртэй байдлын урт хугацааны сэргэлтийг бий болгох, нийгмийн нэн шаардлагатай хэсэгт хүртээмжтэй болгохыг зорьж буй тухай тайланд нийтэлжээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Тайлантай бүрэн эхээр нь ЭНЭ хаягаар орж танилцах боломжтой.